Өртөө

 

Эртний монгол аймгуудын харилцааны хөгжлийн явцад элч хэмээх харилцаа холбооны тусгай албаны хүмүүс бий болжээ.

 

Цагаан хэрмээс хойшхи уудам тал нутаг умардын нүүдэлчдийн уугуул нутаг бөгөөд өмнөд газрын шавар хэрмэнд шавааралдан суух Нанхиадууд нүүдэлчдийг нум сумтны улс хэмээн нэрийднэ.  Хүннүгийн хаан өмнө зүгийн улс аймгийнхны зүрхийг чичрүүлж зоригийг мохоосоор иржээ. Хүннү нар өөрийн нутгийг хөндлөн гулд хэрсэн үүргийн улаа, буухиа элчтэй байсан нь мэдээ, захидал яаралтай дамжуулах нөхцөлийг бүрдүүлж байв.  Үүнийхээ ачаар Хүннүгийн хаан алс хязгаар нутаг, атаатан дайсныхаа талаарх мэдээллийг цаг алдалгүй авч дайснаасаа өрсөн довтолж чаддаг байжээ. Хүннү нарын өртөө улаанаас улбаалан манай эрины IV зуунд Тоба улс Фужутен буюу өртөөчин хэмээх албыг буй болгож 523 онд Жужаны хан Аньхуань өртөөний морь, үхэр, хонь, туулгаж байсан мэдээ байдаг. Х зуунд Кидан  улсад хааны зарлигаар томилогдсон элч нарт унаа дайчлах бичиг шийтгэн олгож байжээ.

Эзэнт гүрэн хүчирхэгжихийн хирээр гадаад дотоод харилцаа, худалдаа наймаа өргөжин тэлж, нааш цааш бичиг захидал илгээх, хэл хүргэх гээд элчийн үүрэг ихэссэн тул Өгөөдэй хаан 1235 онд өртөөний албыг өргөтгөн шинэчилж, нийслэл Хархорумаас баруун зүг Цагаадайн улсаар дайруулан Батын Алтан ордоны улс хүртэл, зүүн урагш Бээжинг өнгөртөл олон суурь өртөө байгуулжээ. Бусад хан хөвгүүд бүрээс нэг нэг төлөөлөгч ирүүлэн нийт улс орон даяар томилж явуулан газар хэмжүүлж өртөөг байгуулах газруудыг тогтоолгож байжээ. Тухайн үед Персээс өртөөгөөр гарсан элч долоо хоногийн дотор Хархорумд ирдэг байсан гэнэ. Чухам тэр үед л “гэрэгэ”-н үүрэг маш их байсан бөгөөд алтан, мөнгөн, модон, төмөр гэрэгэ гэж байжээ. Гэрэгэ-ийн нүүрэн ба ар талыг янз бүрийн хээ хуараар чимэглэж дээд хэсэгт нь дугуй сэнж гарган доод талд нь монгол үсгээр “Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг, Түргэн”, “Мөхөс өөрийн бие явсан адил зохисыг үзэн шийтгэсүгэй”, “Мөнх тэнгэрийн хүчин доор хэн эс биширвээс алагдахуй” гэх мэт бичээстэй байжээ. Монгол бичгээр “гэрэгэ” гэж бичдэг бөгөөд үндсэн санаа нь “гэрчилэх” гэсэн утгатай болов уу гэж эрдэмтэд үздэг.

 

 

1235 онд Өгөдэй хааны зарлигаар морин өртөөний алба бий болсон. 14-16 зуунд Монголын их гүрний үед байгуулсан өртөө зам татан буугдаж уургын улаагаар харилцах болсон байна.

Манж чин улс 1691 онд халх монголыг эрхэндээ оруулмагц халхад ноёрхолоо бэхжүүлэх ба баруун монголыг байлдан эзлэх зорилгод ашиглахаар цэрэгжүүлсэн буухиа өртөөг гол чиглэлүүдэд 140 гаруйг байгуулж байжээ. 18 зууны дунд үед дээрх буухиа өртөөний 140 гаруй суурьт 1700 гаруй өрх үйлчилж байсны дээр цагдаа, хавсрага 700 гаруй өрхийг нэмбэл 2500 шахам өрх өртөөний алба хашиж байжээ. 
1720-иод оноос аймгийн чуулган дарга, туслах жанжны зэрэг алба залгуулахаар “Суман өртөө” түүнээс салбарлан хошуу, шавь тамгын газрын алба залгуулах дамжлага буюу “Навч” өртөө зэрэг орон нутгийн хэдэн зуун өртөөг байгуулжээ. 

Ийнхүү олон замын өртөөний албыг залгуулах үүрэг нь ард түмэнд хүндээр тусч байжээ. Монголын ард түмнээс Манж чин улсад нийлүүлж байсан 27 төрлийн хүнд хүчир албаны дотроос хамгийн хүнд нь өртөөний алба юм. Зөвхөн Сайр ус, Их хүрээ, Хиагт, Ховд, Улиастай зэргийг дайруулан байгуулсан 120 суурь буухиа өртөөний хэрэгцээнд жил бүр 47 мянган тэмээ, 250 мянган адуу, 55 мянган хонь зэрэг хагас сая толгой мал хэрэглэж байсан гэсэн тоо баримт байдаг байна. 

Өртөөний алба нэмэгдэх буюу зарим өрх залгуулж чадаргүй болоход хавсрага хэмээх өртөө нэмэх ба өртөөний суурь хүчийг сэлбүүлэхэд ард олныг дайчилдаг байжээ. Ард өрхүүд өртөө харуулын албыг гүйцэтгэхээр хошуу нутгаасаа хэдэн зуу мянган км алслан нүүж очоод заримдаа буцаж чадалгүй тэндээ үлдэх явдал ч гардаг байжээ. 

1800 оны үеэс Богд хаант улсын засгийн газрын дотоод яамнаас өртөөний хэргийг удирдах болж дүрэм журмыг өөрчилсөн ч байдал дээрдээгүй байна. Хэдий ийм ч морин өртөө нь хувьсгалын өмнөх монголын харилцаа холбоо, шуудан зорчигчид тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэж байсан цорын ганц зохион байгуулалттай тээврийн харилцаа байсан юм.

Өртөө
Хүннүгийн хаанд захидал ирэв
Өгөөдэй хаан Өртөө байгуулах зарлиг гаргав
1253-1255 онд Францын хаан Гэгээн Луйд элч Гийом де Рубрук Монголын хааны өргөнөөрөө алга дарам, уртаараа хагас тохой хэрийн алтан гэрэгэ гардуулжээ.