Ө
Өргөст нохойн хошуу
Өргөст нохойн хошуу

 

Өргөст нохойн хошуу. Латинаар: Rosa acicularis (Lindl). Салаа мөчир нь жижиг нарийхан шулуун өргөсүүдээр битүү бүрхэгдсэн цайвардуу бор хүрэн өнгийн холтостой 2 метр хүртэл өндөр ургадаг бутлаг ургамал. Өргөст нохойн хошуу нь Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуур, Ховд, Төв Халх, Дорнод Монгол, Говь - Алтайн тойргуудад Хар мод, Нарс, хусан ой, түүний хормой, ой нуга, цоорхой асга хад, бут сөөгөн дунд ургана.

 

Урт шилбэтэй улаан ягаан өнгийн том цэцгүүд нь иш мөчрийн оройд ганц нэгээрээ буюу 2-3 уул байрлана. Жимс нь зууван бөмбөлөг хэлбэртэй, улаан өнгөтэй. Нохойн хошуу амин дэмээр баялаг. Жимсэнд нь 4-10% аскорбины хүчил, 12-18 мг% каротин, 0,03 мг% амин дэм, 18% хүртэл сахар, 4,5% аргаах бодис, органик хүчил 2% агуулагдана. В2 , К1 , Р амин дэм агуулдаг. Үр нь өөх тос, каротин, Е-амин дэмээр баялаг. 

 

Үр жимсийг 8 сарын сүүл 9 сард бүрэн боловсорсон үед нь түүнэ. Хатсан жимс бөмбөлөг, зууван хэлбэртэй 0,7-3 см урт, 0,6-1,7 см голчтой, гадна хальс нь хорчгор, гялалзсан улаан, хүрэн өнгөтэй. Жимс нь дотроо модлог бүрхүүл бүхий үслэг хатуу үрүүдтэй.

 

Үр жимс ба эмчилгээний бэлдмэлүүд нь бие махбодийн исэлдэн, ангижирах үйл ажиллагааг идэвхижүүлж, цусан дахь холестерины хэмжээг багасгах, эдийн нөхөн төлжилтийг сайжруулах, судасны ханын нэвчимтгий чанарыг нэмэгдүүлнэ. Ус давс, нүүрс усны солилцооны өөрчлөлт, амин дэм дутагдах үед тустай.

 

Нохойн хошууны үр жимснээс ханд, үрэл, цай, амин дэмийн ундаа бэлтгэж амин дэм дутагдах, чийг бам өвчин, халдварт өвчнүүд, бөөрний өвчин, толгойн өвдөлт, яс хугарах, мэс заслын дараа хэрэглэдаг.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Нохойн хошуу

Өргөст нохойн хошуу
Өргөст нохойн хошуу
Rosa acicularis