Ө
Өгэдэй хаан (үргэлжлэл)
Өгэдэй хаан (үргэлжлэл)

 

Монгол улс, Сүн улсын цэрэг Нанжин хотыг унагасаны дараа Өгэдэй хаан Чжэнчжоу, Цайчжоу хотуудын заагаас урагш Хэнань мужийг Сүн улсад өгөөд цэргээ татан буцсан юм. Урьд нь Монголын цэрэг Нанжин хотыг өмнүүр нь ороон бүслэх зам гаргах, цэргийн хүнс бэлдэхийн эрхээр Сүн улсын нутагт гүн цөмөрч байсан боловч эзэлж авсан тэр нутгаа бас Сүн улсад өгчээ. Гэтэл Сүн улсын эрх баригчид Монголын цэрэг Сүн улсын хил залгаа нутгаас ухран гарсан хийгээд тэр хязгаарт Монголын засаглал бэхжиж амжаагүй байдлыг ашиглан урьд Алтан улсад алдсан зүүн нийслэл Кайфинь, баруун нийслэл Лоян, өмнөд нийслэл Шунтянь хотуудаа Монголын захиргаанаас байлдан авахаар шийдвэрлэжээ. Энэ нь Хэнань мужийг бүхлээр нь авах төдийгүй Монголын захиргаанд орсон Шаньси мужийг бас авахад хүргэх хэрэг байв. Хэдийгээр энэ шийдвэрийг Сүн улсын сайд нарын ихэнх хэсэг нь дургүйцэж, эс зөвшөөрч байсан ч цэргийнхэний ятгалгаар Лицзун хаан 1234 оны 7-р сард 60000 цэргийг Нанжин хотын зүг хөдөлгөжээ. Сүн улсын жанжид болох Чжао Куй, Чан Зюй Цай нарын цэрэг Нанжин хотыг эзлээд цэргээсээ хоёр хэсгийг гаргаж, Ян И, Сюй Минь Цзинь нарт захируулж, Лоян болон Тунгуаны зүг хөдөлгөсөн байна. Ийнхүү Их Монгол улсын хил хязгаарт Сүн улсын цэрэг орж ирсэн мэдээг аваад Монголын цэрэг буцах замаасаа гэдрэг эргэж, Сүн улсын цэргийн эсрэг тулалдаж эхэлжээ. Ян И жанжны цэрэг Лоян хотод цөмрөн ороод байх үед нь Монголын цэрэг хүрч очиж дайлаад Сүн улсын цэргийг Лошуй голд шахан бут ниргэхэд олон хүн нь живж үхжээ.

 

Сюй Минь Цзинь жанжны цэрэг Монголчуудтай тулгаран байлдсан боловч аль аль нь шийдвэрлэх ялалт байгуулж чадахгүй байсаар хүнсээр дутагдаж, хоёр тийшээ ухарчээ. Харин Нанжин хотод үлдсэн Чжао Куй, Чан Зюй Цай нар араасаа хүнс ирэхийг хүлээн ган гачиг, өлсгөлөнд нэрвэгдсээр 8-р сарыг арай ядан өнгөрөөж байтал Нанжин хотод дөтөлж очсон Монголын цэрэг Хатны голын даланг эвдэхэд ус Нанжин хотын хойд талын нууранд хүч түрэн цутган орж, Сүн улсын цэргийг ихээр живүүлжээ. 1235 оны 1-р сард Монголын хаан Сүн улсад элч илгээж, хэлэлцээр зөрчсөнийг буруушаан ял асуулгавал Сүн улсын эрх баригчид уучлалт хүссэн байна. Гэвч үүнээс хойш Хатны голын орчимд байлдаан ер зогссонгүй. Тиймээс шинэ дайн шатлан өргөжихөөр заналхийлж байв.

 

 

Өмнөд Хятадад шинэ дайны гал асаж, Перс, өмнөд Кавказ, их Унгар (одоогийн Башкирийн Татаруудын нутгийг тэр үед бас ингэж нэрлэдэг байжээ), Гүрёо улсад дайн намжаагүй байснаас Монголын төрийн эрх баригчид 1235 онд Хархорум хотод их хуралдай зарлан хуралдуулж, олон улсын цэрэг, дайны байдлыг авч хэлэлцжээ. Их хуралдайгаас Сүн улс болон Гүрёо улсыг дайлан мохоох шийдвэр гаргалаа. Их хуралдай дээр баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг бас зөвлөлдөн хэлэлцэж, баруун зүгийн орнуудын талаар 1223 онд Зэв, Сүбэдэй нарын цуглуулсан мэдээнүүд, Бат ханы эзэмшлээс ирсэн шинэ соргог мэдээг нарийн, нягт хэлэлцсэн байна. 1222-1223 оны үед Кипчак болон Орост Монголын элчийг итгэл эвдэн хороосон төдийгүй Булгарт Монгол цэргийг ар хударгаас нь довтолсон явдлын өшөөг авах шийдвэр гаргажээ.

 

Их хуралдайгаас баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг Зүчийн удмынханд голлон үүрүүлж, Зүчийн хоёрдугаар хүү Батыг дайлаар мордох цэргийн их жанжнаар томилж, түүний зөвлөхөөр Сүбэдэйг томилов. Сүбэдэй баатар анх Ижил мөрний тал нутагт хөл тавьснаасаа хойш тэр зүгийн нутгийг хараанаасаа салгасангүй. Тэрээр дорнод Европ болон Венецийн худалдаачдаар дамжуулан Европын орнуудын янз бүрийн давхаргын хүмүүстэй холбоотой байжээ. Түүгээр ч үл барам Ромын Пап лам хүртэл түүний тагнуулын сүлжээнээс ангид байсангүй. Их хуралдайгаас гаргасан шийдвэрийн дагуу Кипчак, Булгар зэрэг Ижил мөрөн, Кавказын нурууны овог аймгууд, Орос, Сүн улс, Гүрёо улсыг дайлах дайны төлөвлөгөөг боловсруулжээ.

 

1236 онд Бат ханы удирдсан их цэрэг баруун зүг рүү хөдлөв. Энэ цэрэгт Чингис хааны удмын 12 хан хөвгүүн өөр, өөрсдийн цэргийг удирдан нэгдсэн төдийгүй Хорезм, Түркестан, Уйгур зэрэг эзлэгдсэн нутгаас цэрэг дайчилж татаж нийлүүлжээ. Бат ханы цэрэг Кипчакуудыг бут цохиж, баруун зүг рүү түрээд Булгар, Башкирийг эзлэн авч дорнод Европт орж ирмэгц Ромын Пап лам IX Григорий Монголчуудын санаа бодлыг тандаж мэдэх зорилгоор нууц даалгавартай элч төлөөлөгчдийг дорно зүг рүү илгээж эхэлжээ. Түүний итгэмжит элч Юлиан ламтан 1235-1237 оны үед Булгар, Башкирт тагнуулын ажил хийж яваад Ромын Пап ламд Монголчууд Оросыг дайрч эхлээд байна. Олон хүн тэднийг Ромыг байлдан дагуулах зорилготой хэмээн ярьцгааж байна гэсэн утгатай мэдээ илгээв. Гайхалтай нь Ромын Пап лам энэ тухай сонсоод ямар нэгэн үйлдэл хийсэнгүй.

 

1238 онд Европт дундад Азийн Лалын шашинтнуудыг атгадаг Ассасинуудын толгойлогч Уулын өвгөний элч ирж, Монголчуудын эсрэг хамтран тэмцэх хүсэлт тавилаа. Энэ нь Германы II Фридрих хааны найрамдуулах бодлого загалмайтны VI аян дайны явцад нөлөөлж, Христосын шашинтнууд болон Лалын шашинтнуудын хоорондын дайсагнасан харилцааг бага зэрэг зөөлөлсөнтэй холбоотой байв. Гэвч II Фридрих хаантай зөрчилдөж, түүнд буулт хийх дургүй байсан Ромын Пап лам Уулын өвгөний элч нарын саналыг хүлээж авсангүй.

 

Сүн улстай Хатны голын орчим хийж байгаа байлдаан ер зогсохгүй байсан тул Сүн улсыг мохоох зорилгоор 1235 оны их хуралдайгаас гарсан шийдвэрийн дагуу Монголын цэрэг Сүн улс руу гурван замаар довтлон оров. Баруун замын цэргийг Өгэдэй хааны гуравдугаар хүү Хүдэн болон Тахай жанжин нар удирдаж Сычуань муж руу, гол замын цэргийг Өгэдэй хааны дөрөвдүгээр хүү Хүчү болон Томудай жанжин нар удирдаж Хубэй мужийн Ханьшуй мөрний сав нутаг руу, зүүн замын цэргийг Бэлгүдэй ноёны хүү Бухагүн болон Цагаан ноён нар удирдаж Хэнань мужийн Хөх мөрний хөндий рүү тус тус давшихаар болжээ. Эдгээр цэрэг нь шинээр дайчлагдсан Монгол, Хидан, Зүрчид, Хятад цэргүүдээс бүрдсэн байлдааны туршлага муутай цэргүүд байв.

 

Баруун замын манлай анги түрүүлэн давшиж, Хозяньфуд довтлон ороход хотыг сахиж байсан жанжин Ван Ши Сянь бууж өгчээ. Баруун замын цэргийн манлай анги Ван Ши Сянь жанжны цэрэгтэй хамтран давшиж, Даань гацааг бүслэн байлдаж байтал Личжоу хотын Цао Юй Вэй жанжны цэрэг өмгөөлөөр ирээд Монголын цэргийг байлдаж ухраав. Монголын манлай анги Сяньчжэнгуань боомтонд хүрч суугаад Ван Ши Сянь жанжнаар Мяньчжоу хотыг байлдуулж байтал Цао Юй Вэй жанжин бас өмгөөлөөр ирж цохин ухруулжээ. 1236 оны 5-р сард Монголын гол замын цэрэг Хэнань мужид цөмрөн орж, улмаар Хубэй мужийн гүн рүү давшихад замд тааралдсан хотуудын цэрэг бослого гарган хотоо галдаж, ар араасаа бууж өгцгөөж байсан тул тэдгээр хотуудын эд хөрөнгө, хоол хүнс, зэр зэвсэг Монголчуудын гарт оржээ. Монголын цэрэг давшилтаа үргэлжлүүлэн 8-р сард Гуаньчжоу, Цзаоянь, Дэаньфу хотуудыг эзлэн авав. Баруун замын цэрэг 1236 оны 10-р сард Сычуаньд цөмрөн Яньпингуань боомтонд давшин хүрч, Цао Юй Вэй жанжны цэрэгтэй тулалдан ялж, Личжоу, Тунчуань, Чэньду орчмын олон хот, гацааг эзлэн авсанаар Сычуань мужийн гуравны хоёр хэсэг нь Монголын цэргийн захиргаанд орлоо. Улмаар Вэйчжоу хотыг бүслэн байлдаж буулган авч байхад Хүдэн жанжны дүү Хүчү тулалдаанд эрсэдсэн мэдээ ирсэн тул Хүдэн цэргээ хураан Шэньси мужид гарч очив.

 

1236 оны 12-р сард Томудай жанжин Хубэй мужийн Цзинь Линь хотыг бүслэн цохилоо. Хотод туслахаар Сүн улсын Мэн Хун жанжин ирж байлдаад Монголчуудын эрхшээсэн 24 цайз, 20000 иргэнийг буцаан авав. Монголын зүүн замын цэрэг 1237 оны намар Чжиньчжоуг довтлоод эзэлж чадалгүй буцав. Мөн Бухагүн Хэнаньд цөмөрч, Суйчжоу, Цичжоуг аваад Аньфэнь хотыг дайрсан боловч амжилт ололгүй гэдрэг эргэв. Энэ дайн төдийлөн амжилт олоогүй шалтгаан нь Их Монгол Улс баруун хил дээрээ аян дайн хийж, цэргийн ихээхэн хүч тийшээ шилжсэнтэй холбоотой байв. Эцсийн эцэст дайнд тамирдсан Сүн улс найрамдлын гэрээ байгуулах санал тавьжээ. Монголын эрх баригчид Сүн улсын саналыг хүлээн авч, 1238 оны 4-р сард Сүн улсын нийслэл хотод хоёр улс хэлэлцээр хийж, түр найрамджээ. Энэ хэлэлцээрийн ёсоор Сүн улс Монгол улсад жил бүр 200000 лан мөнгө, 200000 хуй торго төлөх үүрэг хүлээлээ.

 

 

1241 онд Өгэдэй хаан нас баржээ. Ихэнх эх сурвалжид түүнийг архи хэт их уудаг байснаас болж нас барсан гэдэг бол цөөнгүй эх сурвалжид түүнийг хорлосон гэдэг байна. Түүнийг Дөргэнэ хатан хорлосон, Дөргэнэ хатны даалгавараар Фатима хэмээх Перс бүсгүй хорлосон, эгч нь хорлосон гэх мэт олон таамаглал байдаг. Мөн зарим эх сурвалжид Өгэдэй хаан 1241 оны намар ан ав хийж байхдаа Араб худалдаачин Абдуррахман хэмээгчтэй шөнөжин архидаж хоноод маргаашийн үүрээр нас барсан бөгөөд Абдуррахман нь Дөргэнэ хатны нууц амраг байсан хэмээсэн байдаг.    Эхлэл

 
Өгэдэй хаан (үргэлжлэл)
Их Монгол Улсын хаан Өгэдэй