Ө
Өвгөнхүү Чойдорын
Өвгөнхүү Чойдорын

 

Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд уран сайхан барилдаанаараа бөхчүүд, бөх сонирхогчдоо цэнгүүлэн баясгаж явсан Монгол Улсын олон алдарт бөхчүүдийн нэг бол ХХ зууны харцага цолтон, гавьяат дасгалжуулагч Чойдорын Өвгөнхүү мөн бөлгөө. Бөхийн хүрээнийнхэндээ “Өвөө” хэмээн хүндлэгддэг Ч.Өвгөнхүү харцага Монгол бөхийн түүхэнд өвөрмөц амжилт тогтоосон нэгэн. Тэрбээр улсын их баяр наадамд хоёр удаа зургаа, дөрвөн удаа тав, 10 удаа дөрөв давсан, үндэсний баяр наадамд 30-аад жил зодоглосон нэгэн. Тэрээр 1963 оноос зохиогдож эхэлсэн сар шинийн хүчит бөхийн барилдаанд улсын начин цолтой хоёр бөх түрүүлсний нэг нь Ч.Өвгөнхүү юм.

 

Ч.Өвгөнхүү 1942 онд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд мэндэлжээ. Түүнийг авга ах Дашнямынх үрчилж авсан хэдий ч гурван настайд нь үрчилсэн аав Дашням, 13 настайд нь төрүүлсэн ээж Онтоо маань тус тус хорвоог орхижээ. Авга ах Дашням нь нутаг орондоо нэр хүндтэй, мал малын захтай, хурдан удмын морьдтой, мэргэч төлөгч нэгэн байж. Тэрбээр үрчилж авсан хүүдээ үрээний эмээл, лимбэ, мөнгөн аяга бэлтгэж миний бөх болно “Би мэргэлж үзсэн” хэмээн хэлдэг байжээ. 1960 онд илгээлт өвөртөн Улаанбаатар хотд жил орчим барилгын ажил хийж байгаад цэргийн албанд мордож барилгачин цэрэг болов.

 

1963 онд бөх барилдаж буй сургаар “Хөдөлмөр” нийгэмлэгийн спорт танхимд хоёр нөхрийн хамт бөх үзэхээр очиход нь тасалбар ав гээд хавьтуулсангүй. Цэргийн залуучуудад тасалбар авах мөнгө байхгүй тул “Бид барилдах цэргүүд байна” гээд аргалаад ортол жижүүр өвгөн шүүгч нарт гурван цэрэг дайрч орлоо” гээд хов хүргэжээ. Ингээд урьд өмнө заал танхимын барилдаанд нэг ч удаа үзэгдэж байгаагүй гурван цэрэг нэгийн даваанд хоёр аварга, нэг арслангийн аманд “зөөлөн боов” болж очжээ. Ч.Өвгөнхүү тэр жил улсын их баяр наадамд түрүүлээд байсан улсын арслан Ж.Мөнхбатын аманд очоод унах нь тодорхой юм чинь гэж бодоод л золгонгуутаа тонгортол залуу арслан унаж танхим тэр аяараа шуугиад явчихчихжээ. 1964 оны сүүлчээр армийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болж уг барилдаанд 18 давсан Д.Сэрээтэр, Т.Артаг, Шаравдорж, Ч.Өвгөнхүү дөрөв цэргийн арслан цол хүртэж Ч.Өвгөнхүү “Алдар” нийгэмлэгийн бөх болсон түүхтэй.

 

1964 оны улсын их баяр наадамд анх зодоглож Төв аймгийн А.Нагнайдорж начингаар хоёр давж, гуравт улсын арслан Л.Сосорбарамд өвдөг шорооджээ. 1965 онд Сүхбаатар аймагийн наадмад зодоглож үзүүрлэжээ. 1966 онд улс хувьсгалын 45 жилийн ойн баяр наадамд хоёр даваад байтал нийслэл хотноо үер болж, наадам ч завсарлаж барилдаан “Алдар” нийгэмлэгийн цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилжээ. Гурвын даваанд Баянхонгорын аймгийн арслан Амгалантай тунаж барилдаад давхад усан бороо улам ширүүсэн орсон тул наадмын барилдааныг Спортын төв ордонд үргэлжлүүлэхээр наадмын төв комисс шийдвэрлээжээ. Спортын төв ордонд үргэлжилсэн барилдааны дөрвийн даваанд Завхан аймгийн уугуул улсын начин С.Лхагвааг. тавын даваанд улсын аварга Ч.Бээжинг давж улсын начин цол хүртжээ.

 

1967 оны улсын их баяр наадамд гурвын даваанд Хэнтийн Буджавыг, дөрөвт Төв аймгийн “хөл” Б.Пүрэвдорж начныг, тавд “том” хэмээх, улсын заан Ц.Санжааг, зургаад уран мэхт тухайн үеийн улсын арслан цолт Ч.Бээжинг тус тус орхиж, улсын начин цолоо баталж шөвгийн наймд үлджээ. 1968 оны улсын баяр наадмын тавын даваанд улсын начин Ж.Хайдав (1971 онд улсын арслан цол хүртсэн)-т унажээ.

 

1969 оны цагаан сарын барилдаанд улсын начин Д.Долгорсүрэнг (өдгөө улсын заан) дөрөвийн даваанд улсын арслан П.Дагвасүрэнг, тавын даваанд улсын аварга С.Цэрэнг, зургаагийн даваанд улсын арслан Ч.Бээжинг (хожим улсын аварга цол хүртсэн) давж улсын начин цолтойдоо цагаан сарын барилдаанд түрүүлсэн анхны бөх болж байжээ.

 

1966,1970, 1972, 1976 оны улсын наадамд тав, 1967, 1977 оны улсын наадамд зургаа давжээ. Ч.Өвгөнхүү начины хурдтай ачих, тонгорох, хөмрөх мэхүүд нь даацтай байжээ.

 

1968 онд самбо бөхийн олон улсын тэмцээнд зодоглож, мөнгөн медаль, 1972 онд Рига хотноо зохиогдсон самбо бөхийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль, 1973 онд Ираны Тегеранд болсон самбо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ. Жүдо бөхөөр 1971 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний 80 кг-ийн жинд аварга болж 1972 онд ХБНГУ-ын Мюнхенд зуны олимпийн ХХ наадмын жүдо бөхийн тэмцээнд улсаа төлөөлөн анх удаа зодогложээ.

 

1973 оноос “Алдар”-т самбо, жүдо, үндэсний бөхийн дасгалжуулагчаар томилогдон ажиллаж дэлхийн дэвжээнээс 30-д шавь нь медаль хүртэж,  зургаан шавь нь 13 удаа дэлхийн аварга болжээ. Д.Тэгшээ, Г.Батсүх, Д.Цэнд-Аюуш, Ж.Ганболд, Г.Үүрцолмон, Н.Бүргэдаа нарын гавьяат тамирчин, ОУХМ Б.Болдням, Я.Дорж, Д.Хадбаатар, Д.Бадрах, Г.Хүрэлбаатар зэрэг алдартай тамирчидыг төрүүлэн гаргажээ. Үндэсний бөхөөр нэг аварга, нэг арслан, найман заан, хориод начин цолтон төрүүллээ. Тэрээр 1992 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм алдрыг хүртэж “Монгол бөхийн өргөө”-г барих үйлсэд тодорхой хувь нэмэр оруулсан эрхэм хүндтэй бөхийн зүтгэлтэн билээ.

 

Ч.Өвгөнхүү эхнэр, таван охин, хоёр хүүтэй. 

Өвгөнхүү Чойдорын
Хорьдугаар зууны шилдэг начин Ч.Өвгөнхүү
Залуу начин Ч.Өвгөнхүү
Өвөө начин залуу аварга А.Сүхбатын хамт