Ү
Үхрийн нүд тарих
Үхрийн нүд тарих

 

Үхрийн нүд тарих хамгийн амархан арга бол бэлэн суулгац худалдан авах явдал. Үхрийн нүдэнд “ногоон мөчир” гэж байдаг. Энэ нь шинээр ургасан найлзуур буюу мөчир юм. Шинэ ургацын ногоон мөчрийг зөвхөн 8 дугаар сард тайрч авч болно. Бутнаас 5-6 нахиатай мөчир хэрчиж аваад дулаан байр, хүлэмжинд манан үүсгэн үндэслүүлнэ. Энэхүү үндэслүүлсэн мөчрөө суулгана.

Түүнийг хашаа хороондоо суулгах гэж байгаа бол мөр хооронд 2,0 метр, бут хооронд 1,5 метр зайд 30-40 см гүн, 40-50 см голчтой нүхэнд суулгана. Үхрийн нүдний бут өөрөө өөртөө тоос хүртээж байдаг учраас ганц ширхэг бут байсан ч үр жимсээ өгдөг байна. Үхрийн нүд сүүдрэвтэр газар, ус чийг элбэгтэй нөхцөл шаарддаг тул хашааны ёроол, модны доогуур, эсвэл байшингийн араар талбай засаж таривал тохиромжтой. 

Бутыг нь нүхнээс 3-5 ширхэг иш цухуйж байхаар суулгавал олон салаалан өтгөн сайхан ургадаг. Үхрийн нүд тарьснаас 2-3 жилийн дараа үр ашгийг нь хүртэх боломжтой болдог. Харин жимс нь боловсронгуут болжмор шувуу дайрах аюултай байдаг. Түүнийг үргэх зориулалттайгаар дуу шуутай эдлэл, төмөр лааз зэргийг уяж, хэц татан хөдөлгөн хөөж байхгүй бол жимсийг нь идэж сүйтгэдэг. Үхрийн нүдний бут 5-7 жилийн дараа хөгширч, зарим мөчир нь хуурайшин хатдаг. Хөгширч буй үхрийн нүдний бутны гадна талын холтос нь сааралтаж хөхрөөд, жилд өгөх ургацын хэмжээ нь багасдаг байна. Энэ үед хөгширсөн хэсгийг үндэсний хүзүүгээр тайрч хаях хэрэгтэй. Тэгвэл модод залуужин, үр жимс өгөх шинэ залуу мөчир найлзуур ургадаг. Харин үхрийн нүдний бутыг өвөлжүүлэхэд анхаарах хэд хэдэн зүйл бий. Бутыг нь хучсан цас мөснөөс салгаж, тогоон  дахь хог шорооог нь цэвэрлэнэ. Зарим нэг хугарч гулзайсан иш, мөчрийг босгон, эсвэл тайраад гадна талаас нь шүршиж усална.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үхрийн нүд

Үхрийн нүд тарих
Үхрийн нүд Ribes nigrum L., 1753