Ү
Үндэсний үзэл хийгээд шударга ёс
Үндэсний үзэл хийгээд шударга ёс

 

Аливаа үндэсний үзэлд “шударга ёс” хамгийн их анхаарлын төвд орсон асуудал байдаг. Монголчуудын түүхийн сүүлийн зуугаад жилд нийгмийн харилцааны ой мэдрэмжид коммунизм, капитализмын үнэлэмж ээлж дараалан суусан билээ. Зөвлөлтийн маягийн коммунизмын “тэгшитгэн хуваарилах”, “оочер дарааллын” эв хамтын журам, олигархи засаглалтай капитализмын “хувийн өмч”, хөрөнгө мөнгөний “ардчилсан олонхийн” эрхийн аль алиныг биеэрээ амссан ард түмэн энэ цаг үед шударга ёсыг хэзээ хэзээнээс илүү шаардах, нэхэх болжээ. Энэ бол үндэсний үзлээ цэгцтэй ухаарч мэдрээгүй ч тэрхүү үзлийн хэрэгжилтийг шаардаад байгаа хэрэг юм.

 

Төрт ёсны уламжлалын “хүнийсэл”, эрх мэдлийн задрал, гүйцэтгэх засаглалын хүчгүйдэл, парламентат ёсны хямрал нь Монгол улсын Үндсэн хуульд тусгасан шударга ёсыг эрхэмлэх, түүнийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгох заалтуудыг зөвхөн тунхаглалын аястай болгож байна. Онцгой эрх ашгийн олон намын зохисгүй өрсөлдөөн, хариуцлагагүй ардчиллаас улбаалан үндэсний эв нэгдэл, хүмүүсийн харилцан итгэлцлийн харилцаанд сэв сууж буй нь нууц бишээ. Үндэсний үзлийг томоохон бүрэлдэхүүн болох шударга ёсны ойлголттой холбоотойгоор дараахь асуудлыг хөндөж үзэх нь зүйтэй санагдана.

 

Нэг. Хууль болон шударга ёс “Хүн бүрийн ажил эрх тэгш, баян ядуу хийгээд эрхэм доордоор ялгаж үл болмуй” 

 

Социалист болон либерал сэтгэлгээ “Хүн бүр хуулийн өмнө тэгш” гэсэн томьеолол бий болгосон нь манай Үндсэн хуульд тусгалаа олсон буй. Гэвч хүн бүр хуулийн өмнө тэгш байх гэдэг нь амьдрал дээр хууль бүгдэд ижил үйлчилнэ гэсэн хэрэг биш ажээ. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх тухай асуудал нь шударга ёсны чухал асуудал юм. Уламжлалт утгаараа шударга ёс бол хүний ёс суртахуун, зан авир араншинтай салшгүй холбоотой ойлголт. Хамгийн энгийнээр, худал хэлж, хулгай хийх, шунал тачаалгүй байхыг шударга ёс гэж хэлж болно. Шударга явдлыг огоорч нүгэл үйлдсэн хэнбугай ч хууль цаазын өмнө адил цээрлэл хүртэх ёстой, үүнд алагчлал, гадуурхал байж болохгүй гэж аль ч цагийн, хаа газрын шударга хүмүүс үзэж ирсэн юм.

 

Монголын Их засаг хууль цаазад “бусдыг гүжирдэн заалдагсдыг алмуй, худал хэлэгсдийг алмуй, хулгайлагсадыг алах бөгөөд түүний гэргий ба мал хөрөнгийг хурааж хулгайлагдагсадад өгмүй” гэх зэргээр хатуу шийтгэдэг байжээ. Эдгээр нь өрнөдөөс гаралтай өнөөгийн эрүүгийн хууль эрхзүйн стандартаар хатуу харгис мэт боловч шударга ёсыг чиг журамтай хэрэгжүүлж байсны гэрч билээ. Өнөөгийн манай иргэний болон эрүүгийн хууль, тэдгээрийг шийдвэрлэх байцаан шийтгэх хууль тогтоомж дийлэнх энгийн иргэдийн хувьд урьдынхаас дутахааргүй хатуу чанд үйлчилж байна гэж хэлэх үндэстэй. Харин нийгмийн “эрхэм” элит хэсэг, дээд зиндааны хувьд хуулийн заалт ижил хэмжээнд үйлчилж чадахгүй байгаа нь тодорхой.

 

Албан тушаалын болон хээл хахуулийн гэмт хэргийн мөрдөн байцаалт, илрүүлэлт, шүүхээр шийдвэрлэж ял оноосон тоо мэдээ үүнийг гэрчлэн харуулна. Ямар ч томоохон дуулиантай хэрэг тун удалгүй аль нэг шатандаа хэрэгсэхгүй болж намждаг нь гэм биш зан. Харин аар саархан хэмжээний ахуйн хулгайн хэргээр ял шийтгүүлж шоронд хоригдогч ялтны тоо асар их нэмэгдэх хандлагатай байна.

 

Чингис хаан зарлигаараа “...эрхэм ноёд ураг төрлөө дотночилж, үл таних хүмүүсийг гадуурхагсад, баян эрхэм гэрийнхэн хувийн хөрөнгөө нарийлж, албан эдийг хонжигсод эрх биш худал хуурмагийн замд орж, хулгай дээрэм болох бөгөөд өрх гэр доройтож, төр улс мөхөн, дайсны өмнө ялагдах болмуй. Эдгээр муу зүйлсийг хориглотугай хэмээн би чанга сэрэмжлүүлсүгэй, ...миний сургаалыг мянган онд хувиргалгүй, түмэн үедээ өөрчлөлгүй ургийн ургаараа мөрдөн журамлатугай” (Юань улсын түүхийн нөхвөр орчуулга, Сайшаалын “Чингис хааны товчоон” номын 398 дугаар тал) гэж айлдсан байдаг. Төр улсыг мөхөөхөд хүргэж болзошгүй хэмээсэн энэхүү сургаалийг бид мянган он хүрэлгүй хэдхэн үедээ умартаж осолджээ.

 

Хоёр. Шударга ёс болон төр “Өтгөсийг хүндэлж, ядуучуудыг тэтгэх хэрэгтэй”

 

Шударга ёс бол нийгмийн шинж чанартай ойлголт. Хүмүүс дан дангаараа, ганц нэгээрээ маш эмзэг амьтан. Хүн орших эс оршихуйн сонголт хийх явцдаа сүрэг, отог овог, улс үндэстэн болж зохион байгуулагдан нийгэмшдэг. Ингэж аюулгүй байдлын баталгаагаа олж авдаг. Хүч чадал, ур чадвар, мэргэжил мэдлэг харилцан адилгүй, өв хөрөнгө тэгш бус, зүсэн бүрийн овог аймаг, яс угсааны хүмүүсээс нийгэм бүрдэх болмогц шударга ёсыг сахиулах үүргийг хэн нэгэн “шударга” этгээд гүйцэтгэх шаардлагатай болдог. Илүү эрх мэдэлтэй бүлгийн хүчирхийллээс жирийн иргэдээ хамгаалахын тулд шударга ёсыг сахиулах үүргийг төр дагнан гүйцэтгэх болсноор нийгмийн шударга ёсны тухай ойлголт үүсч бий болсон юм. Өөрөөр хэлбэл төрийн анхдагч үндсэн үүрэг, гол үйлчилгээ бол гагцхүү шударга ёсыг сахиулах явдал мөн.

 

Өнөөгийн Монголын нийгэмд үүссэн олигархи ардчиллын тогтолцоо нийгмийг шударгатгахад хамгийн гол бэрхшээл болж байна. Эд баялгийн хуримтлал, гэр бүл, нутаг усны холбоо сүлжээ, улс төрийн нөлөөгөөрөө хамгийн хүчин чадал ихтэй, стратегийн хувьд нийгэмд оновчтой таран байршсан цөөнх хэсэг нийгмийн улс төрийн эрх мэдлийг атгандаа зангидсан засаглалын хэлбэрийг ингэж нэрлэдэг. Товчлон үгчилбэл цөөнхийн засаглал гэсэн үг. Олигархиуд нийгмийг удирдахдаа шууд бус буюу эдийн засгийн хяналтын арга замыг ашигладаг. Ихэвчлэн хүчтэй засаглалаас зайлсхийх бөгөөд өнгөц ардчилал, хуурамч хэлбэрийн төдий хэвлэлийн эрх чөлөөг өнгөлөн далдлалтын зориулалтаар ашиглаж байна. Гүйцэтгэх засаглалыг хүчтэй болгоё гэсэн санал дэвшүүлмэгц ерөнхийлөгчийн дарангуйлал тогтоох нь гэж сандралдах нь олигархиудын айдас. Нийгмийн зарим давхарга анги хэсгийн эдийн засгийн хүчин чадавхийг тэнцүүлэн хязгаарлаагүй нөхцөлд олигархиуд үүсч гарч ирдэг жамтай бөгөөд Монголд ийм л маягаар сүүлийн арваад жилд үүсч бий болсон. Энэ бол төрийг хүчгүйдүүлж, шударга ёс тогтоох боломжийг боомилж байгаа нь ойлгомжтой. Хэрхэх вэ? Юуны түрүүнд сул, хүчгүй, тарамдсан засаглалыг эмхлэн нэгэн жолоонд оруулан, үндэсний төрт ёсны уламжлалд нийцүүлж хүчтэй төр бий болгох ёстой юм.

 

Төрийн институцуудыг бэхжүүлэх, ажиллагаатай болгох асуудал шударга ёсыг тогтоохтой салшгүй холбоотой. Өдгөө социалист, либерал аль ч чиг баримжааны улс төрчид үг л унагавал төрийг адлах, төсвийн зардлыг бууруулах, танах, төрийн албыг цомхотгох саналыг дэвшүүлдэг болжээ. Гэтэл үнэн хэрэгтээ өнөөдөр Монгол улсад төрийн хэвшил, төсвийн санхүүжилтийг цаашид нэмэх бодитой шаардлага бий болсон байна. Одоо төсвийн санхүүжилтийг хасвал хамгийн түрүүнд нийгмийн эмзэг бүлэгт л очих ёстой хөрөнгийн хэмжээ, тухайлбал тэтгэвэр тэтгэмж буюу өргөн утгаараа Монголын нууц товчоонд өгүүлсэн “өнчдийн авилга” л танагдана гэсэн үг. Өнөөдөр Монгол улс хувьчилж болох хамгийн бүтээлч, үнэ цэнэтэй хөрөнгө, обьектоо хувьчилж дууссан гэж дүгнэж болно. Үүнээс цааш хийх хувьчлал бас л иргэдийн хөдөлмөрлөх, сурах, эмчлүүлэх, зэрэг нийгмийн хамгааллын эрх чөлөөг хөндсөн алхам болно. Үндэсний аюулгүй байдлын асуудал ч хурцаар тавигдах болно.

 

Төр өөрийн өмч хөрөнгөө өмчилж захиран зарцуулах замаар олигархиудын эдийн засгийн хүчин чадлыг хязгаарлах бодлого явуулах шаардлагатай байна. Татварын тогтолцоог нийгмийн шударга ёсны үүднээс авч үзвэл нэг шатлалт тогтолцоонд орох ёсгүй. Монголд өнөөдөр хоёр шатлалт “давхар” эдийн засгийн тогтолцоо бий болжээ. Энэ бол зүгээр албан ба албан бус сүүдрийн эдийн засгийн ялгаа биш юм. Эдийн засгийн олигархийн “дээд” давхарт нийгмийн баялаг, мөнгөний дйилэнх хувь зөвхөн хөрөнгөлөг баян тансаг хэрэглээ, хөрөнгө оруулалтад зориулагдан тэдний дунд эргэлддэг явцуу бүтэц бий болжээ. Тэр нь энгийн иргэдийн жижиг дунд бизнесийн буюу “ядуучуудын” эдийн засгийн давхраас салж тасарсан байна. Олигархийн эдийн засгийн дээд давхрын хувьд татварын хувь хэмжээ жирийн иргэдийнхээс хавьгүй өндөр байх ёстой.

 

Гурав. Төрийн мэргэшсэн албан хаагч

“Төрдөө хичээсэн муухай хүн боловч

Төвшин сайнаар хүчээ өгвөл

Түмний ноён болгосугай”

 

Шашин шүтэх эрх чөлөө буюу аливаа шашинд хүлээцтэй хандах, төр шашин тусдаа байх, дипломатын халдашгүй дархан эрх, хуулийг дээдлэх, эрүү шүүлтийг устгах, олон улсын анхны цаасан мөнгө, чөлөөт худалдаа зэргийг Их Монгол улсын үеэс өрнө, дорны соёл иргэншлүүдэд нэвтрүүлсэн гэж үздэг. Иргэд эд хөрөнгө, яс үндэс, аль эсхүл нийгэмд эзлэх давуу байр суурийн өөр нэг шалгуураар бус харин гавьяа зүтгэлээрээ Монгол төрд зүтгэх эрхээ олж авч байсан нь Чингисийн Их Монгол улсад хэрэгжүүлсэн дэлхий олон оронд загвар болсон байдаг. “Монголын эзэнт гүрэнд албатууд нь үнэнч шударга, дуулгавартай байх чанд үүрэг хүлээхийн дээр бас адил тэгш боломж, ажилтны оролцооны эртний хэлбэр оршин байв. Ийнхүү Чингис хааны удирдсан хоньчид, адуучид цэргийн амжилт гаргавал цэргийн бага дарга болон дэвших боломжтой байв” хэмээн өрнөдийн нийтлэлч бичсэн байдаг.

 

Энэ бол Төр хийгээд төрд зүтгэх боловсон хүчинд өндөр шаардлага тавьж төрийн албыг бүрдүүлж байсан манай түүхийг үнэлсэн хэрэг бөгөөд ингэх нь Төрөө ч бэхжүүлэх, шударга ёсыг хангах түлхүүр асуудал мөн юм.

 

“Монгол Үндэсний үзэл”

 

“Үндэсний үзэл” гэдэг улс төрийн ойлголт дөнгөж л 18 дугаар зуунаас, “үндэсний үзэл” гэх нэр томьёог бидний Монголчууд дөнгөж л ярьж эхэлж байгаа тухай дээр тэмдэглэсэн билээ. Энэ нь Монголчууд бид огтын ойлголтгүй явж ирсэн гэсэн хэрэг биш юм. 

 

Манайхан “Монгол ухаан”, “Амин үзэл” гээд яриад байдгийн цаана үнэндээ үндэсний үзэл маань байсан бизээ.

 

Европын ухаанаар “гэгээрсэн” Монголчууд бидний хувьд юуны чинь Монгол ухаан гэж байх вэ, хүмүүн бүгд л хар, цагаан, шар, тэр энэ гэхгүй ухаантай л байх ёстой, Юуны чинь амин үзэл гээд хуучин юм яриад байнаа социализм, либериализм гэж л байх ёстой хэмээн тоомжиргүй загнасан байж мэднэ. Угаас Монголчууд бид үндэстэн л юм бол орчин цагийн хэллэгээр Үндэсний үзэл бидэнд байсан байж таараа.

 

Сүүлийн хорин жилд Төв үзэл гэсэн томьёолол гарсан байдаг. Энэ бол үндэсний үзлээ тэмтэчсэн байж мэдэх оюуны хайлт байжээ.

 

“Үндэсний үзлийг судлах ухаан”-аар авч үзвэл “Монгол Үндэсний үзэл” нь Монгол төрийг хөгжүүлэн бэхжүүлэхтэй холбоотой үзэл байх нь гарцаагүй. Монгол төрийн дээд байгууллага болох УИХ-ын гишүүдийн тангарагийн үг, эзэн Чингисын маань үр хойчдоо үлдээсэн “Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай, Бүтэн бие минь алжааваас алжаатугай, бүрэн улс минь бүү алдартугай” хэмээх сургааль үг бидний Монголчуудын үндэсний үзлийг төгс илэрхийлж байна.

 

Төрөө бэхжүүлэн байж, үндэстэн орших бололцоотой. Дэлхий даяаршиж, хэл, соёл хутгалдан, хэнийг хэн гэх вэ гэдэг нь балрах энэ цагт дээрх үг бүр ч илүү ач холбогдолтой болж байна. “Төр”, “Үндэстэн” мөнхөд оршин байдаггүй. Мөхсөн төр, мөхсөн үндэстэн олон. Заавал ч үгүй нэг цаг хугацаа орон зайд энэ үзэгдэл болох албагүй. Тийм хувь заяа биднээс хол байх эсэх нь монголчуудаас хамаарна. Хүн амын хувьд цөөн монголчуудын хувьд үндэстнээ хамгаалах цорын ганц хэрэгсэл бол төрөө бэхжүүлэх явдал мөнөөс мөн.

 

Төрөө бэхжүүлэх, хөгжүүлэх “Үндэсний үзэл” хэр бат бөх амьтай байхаас Монгол хэмээх үндэстний хувь заяа шийдэгдэнэ.

 

Үндэсний үзэл хэмээхдээ үндэстэн, төр гэсэн хоёр ойлголтод тулгуурлаж байна. Гегель бичихдээ: “Үндэстэн өөрийн нандин зорилго болох төр улсаа байгуулахын тулд түүхийн урт удаан замыг туулна” гээд төрөө байгуулаагүй үндэстний туулсан замнал түүхийн өмнөх шат бөгөөд үндэстний жинхэнэ түүх төрөө байгуулснаас эхэлнэ гэсэн санааг хэлж байлаа. Үндэстэн гэдгээ мэдэрсэн оюунлаг хэсэг үндэсний үзлээ боловсруулж, үндэсний үзэл нь төр улсаа байгуулахад хүргэдэг. Тэгвэл Монголчууд бидний хувьд эсрэгээр болсон юм.

 

Төр нь үндэстнээ төрүүлсэн болохоос үндэсний үзлээ төрүүлсэнгүй. Гэхдээ өвөг дээдэс маань төр, улсаа хэрхэн авч явах, хөгжүүлэн бэхжүүлэх бүхэл бүтэн ухааныг үлдээсэн байдаг. Угтаа тэр нь нэгэнт төрөө байгуулсан монгол үндэстний хувьд “үндэсний үзэл” нь байх байлаа.

 

Монгол төр түүхэндээ мандан бадарч байсан ч Манжийн эрхшээлд орох хүртлээ бас сульдан доройтсон байдаг. Манжийн эрхшээлд 220 жил байж, 1911 онд тусгаар улс болохоо зарласан нь урдын Монгол төр дахин сэргэн мандахын эхлэл байлаа. 1921 оны ардын хувьсгал үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний шууд үргэлжлэл байсан боловч Монгол социалист үзлийн золиос болж, яван явсаар 1990 оны ардчилсан өөрчлөлттэй золгосон юм. Түүхэн талаас нь авч үзвэл цагаан морин жилийн хувьсгалыг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үргэлжлэл гэж үзэж болно. Монгол төр шинэ маягаар дахин сэргэх сайхан бололцоо бүрдсэн боловч Монголчууд төрөө бэхжүүлэн, хөгжүүлэх өөрийн үзлээ, өөрөөр хэлбэл “үндэсний үзэл”-ээ гаргаж чадалгүй, 1990 оноос либериализмын нөлөөн дор төр,улсаа авч явах аядаж байна.

 

“Монгол Үндэсний үзэл” гэдгийг юу гэж ойлгох вэ гэдгээр судлах, ойлгох, болгоох асуудал үй түм байгаа ч гэсэн орчин цагийн “Монгол Үндэсний үзэл”-д дараахь хэд хэдэн шинж байх ёстой гэж үзэж байна.

 

Нэгдүгээрт: “Монгол үндэсний үзэл” бусад үндэстний тэр тусмаа “үндэстэн-улс”-ын эсрэг анхнаасаа чиглэгдэх ёсгүй. Хэрвээ ингвээс орчин цагийн олон улсын харилцаа, нийтээр зөвшөөрсөн, тогтсон ёс жудагийг огт ойлгоогүй хэрэг болох буйзаа. Гэхдээ аль нэг гүрний үндэсний үзэл бидэнд заналхийвээс бид ч хариу барих “хамгаалах” утгатай байх нь гарцаагүй юм. Буурал түүхийн ээдрээгээр монгол үндэстнүүд хөрш орнуудад, дэлхийн хаа нэгтэй олон бий. Өвөр монголчууд, буриадууд, халимагууд гээд нэрлээд байж болно. Бидний хувьд тэдэнтэй “уугуул монголчууд”-тайгаа соёлын харилцаагаа хөгжүүлэх нь гарцаагүй.

 

Хоёрдугаарт: Монголчууд бидэнд уртын сайхан дуу, морин хуур гээд эрийн гурван наадам, монгол дээл гээд бахархах зүйл асар их билээ. Энэ бол зайлшгүй байх, өвлөгдөж явах их өв мөн. Гэхдээ үүнийг үндэсний үзэлтэй адилтгаж болохгүй. Үндэсний үзэл зөвхөн бахархлын тухай асуудал биш юм. “Үндэсний бахарал”-ыг “харалган үндэсний үзэл” гэж үздэг явдал бий. Үндэсний үзэл төр, улсаа байгуулах, бэхжүүлэх, хөгжүүлэх зарчим, баримтлалын систем тогтолцоо гэвэл зөв болно. Уул нь үүх түүхээ сөхвөл бидэнд хүнээс хуулаад гүйгээд байх шаардлага байхгүй.

 

Гуравдугаарт: Үндэсний үзэл Монгол төрийг бэхжүүлж хөгжүүлэхтэй холбоотой үзэл учир төрийг байгуулах онолыг орчин цагаас нь, мөн түүхэн талаас нь судалж харах шаардлагатай байна. Манай Үндсэн хуульд суусан төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд 3 хуваах онол хэнийх нь юм гэдгээс асуудлыг эхэлмээр. Онол нь таарахгүй байна уу, хэрэгжүүлэгчид нь будилуулаад байна уу ямартаа ч өнгөрсөн 20 жил Монгол төрийн салаа мөчир болгон өөр хоорондоо тэмцэлдэж бүхэлдээ “Монгол төрийг шатаах тоглоом”-оор бид тоглосоор ирлээ. Бид Америкийг дууриаж хэвлэл, мэдээллийг 4 дэх засаглал гэх нь бий. Гэтэл улс төрийн намуудаас ангид төрийн албыг 4 дэх засаглал гэж үзэх нь олон оронд ердийн үзэгдэл байдаг. Төрийн албан хаагчдыг шалгаруулах, эрхтэн дархтны үйлдэл, ёс суртахууныг хянах асуудлыг Засаглалын хэмжээнд хүртэл тавьсныгаа онцлох орон байх юм.

 

Чингис хааны байгуулсан Эзэнт гүрэнд мөрдөж байсан “Их Засаг” хуулийг Шихихутагт бичвэр болгож түүнийг мөрдүүлэх хэрэгт Цагаадайг хянагчаар тохоон шийдэж байсан тухай түүхэнд тэмдэглээстэй байдаг. Их Монгол улсын төрийн албанд “Алтан ураг”-ийн хүнийг тавьдаг нь цусан төрлийн биш төрийн албанд тавигдах их шалгуурыг давсан хүмүүс гэвэл үнэнд илүү нийцэх биш үү. Үндэсний үзэл Монгол төрийг бэхжүүлж, хөгжүүлэхтэй хамгийн их холбоотой тул орчуулгын “төр байгуулах онол”-д болгоомжтой хандах нь асуудлын эхлэл гэж үзэж байна.

 

Дөрөвдүгээрт: “Үндэсний үзэл” өнцгөөс харвал өнөөдөр Монголын нийгмийн өмчийн харилцааг шийдсэн байдал нь буруу байгаа юм. Өмчийн харилцаа суурь харилцааны нэг билээ. Манай өнөөгийн хуулиар “төрийн өмч” болон “орон нутгийн өмч” гэж ялгасан байдаг. Орон нутгийн өмч үрэн таран болж байна уу өсөн нэмэгдэж байна уу гэдгийг төр сонирхох шаардлагагүй хэмжээнд эрх зүйн харилцааг хуульчилжээ. “Орон нутгийн өмч” дээр тулгуурлаж “тусгаар тогтнол” зарлачихсан байхад Монгол төр хүчгүйдэж мэдэхээр. Монголын байгалийн баялагт тэмүүлэх гадны компанийхан манай орон нутагтай илүү ажилладаг. Сайн утгаар биш муу утгаар хамтарч ажиллаад байгаа тухай энд ярьж байгаа билээ. Нэг мэдэхэд Өмнөговийнхонд Улаанбаатраас “хэлэх үг” Бээжингээс “хэлэх үг”-ээс сул сонсогддог болбол яах билээ дээ. Нэг мэдэхэд Өлгийнхөнд Улаанбаатар биш, Астана “татах хүч “ нь болсон байхад бид яах ёстой болж байна. Өмчийн харилцааг шинээр харах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой асуудал болж байна.

 

Тавдугаарт: Их хаан эзэнт гүрнээ, их цэргээ аравт, зуут, мянгат, түмт зохион байгуулалтад оруулж байсан билээ. Ингэхдээ хувь хүн гэсэнгүй Өрх гэр гэсэн байдаг. Жишээ нь цэргийн насны хүү Танай өрхөд 3 байнаа гэх, аль нь цэрэгт явах вэ гэдгийг өрхийн ахлагч шийддэг байсан гэх. Монгол төр 2.5 сая хүн амыг халамжлах гээд байдаг нь индивидуализмын онолоос эхтэй биш үү. Үүний оронд 600.000 өрхийн толгойлогч байвал яасан юм. Халамжийн бодлого хүн рүү биш өрх гэр лүү чиглэвэл ямар вэ. Энэ манай онцлог шинэ нөхцөлд хэрэгжих хэрэг биш үү. Төр нь өрх гэрээ, өрх гэр нь төрөө хэмээвээс манай үзэлд ойр биш санагдахгүй байна уу. Орчин цагийн Монгол Үндэсний үзлийн тулах цэг өрх гэр мөн юм шиг. Социализм, либерализмын нөлөөгөөр задарч байгаа өрх гэрийн задрал, түүнтэй холбоотой ёс суртахууны уналтаас үндэстнээ аврах үзэл нь нь “үндэсний үзэл” өөрөө байж таараа. Зургаадугаарт, долоодугаарт гээд бичээд байвал бичих зүйл байнаа. Асуудлын гол нь бид бичих биш “үндэсний үзлээр” зэвсэглэсэн Монголчууд амьдралын бүхий л асуудлыг өөрөөр харж үүнийг үргэлжлүүлээсэй.

 

 

Дөрөвдүгээр бүлэг. Лев Толстой, Хантингтон, Тэмцэл Хао

 

Энэ бүлэгт хүн бүр тэр болгон олоод уншчих бололцоогүй зарим өгүүллийг толилуулж байна. Энэ нь бас учир холбогдолтой юм. Биднийг үндэсний үзлийн талаар бичээд эхлэнгүүт бидэнтэй маргалдах, харааж зүхэх монгол “эх орончид” зөндөө бий. Үүнд бид эргэлзэхгүй байгаа юм. Либерализм, социализмын үзэлд толгойгоо даатгасан хүмүүс хамгийн түрүүнд манийгаа буруутгаж таараа. Гэхдээ бидний хэлэх гээд байгаа юмыг бид ч зохиогоод байгаа биш гэдгээ нотлохын тулд дээрх хүмүүсийн өгүүллүүдийг өргөн барья хэмээлээ. Нэгэн ухаантан “өөрийн үндэстнээс гэгээнтэн төрдөггүй тэд зөвхөн эх орончид л байдаг” хэмээсэн нь Монголчууд бидэнд хамаатай болчихоод байгаа юм.

 

Дорж, Дондог тэгж яриад байнаа гэхээсээ илүү гадаад хүмүүс ингэж ярьсан байна шүү гэвэл Монголчууд илүүтэй авна. Оросын аугаа сэтгэгч Толстойг манай ахмад үеийнхэн мэднээ. Залуу үеийнхэн бол бараг л мэдэхгүй. Харин Хантингтон гэвэл залуу үеийнхэн илүү мэднэ. Ахмад үеийнхэн бараг мэдэхгүй. Тэмцэл Хао гэвэл ахмад, залуу үеийнхэн аль аль нь мэдэхгүй. Тэрбээр “ВВС”-ийн Хятад чиглэлийн судлаач, сэтгүүлч, продюсер. Ийм л шалтгаанаар дээрх хүмүүсийн өгүүллүүдийг өргөн барья.

 

 

 

 

 

Үндэсний үзэл хийгээд шударга ёс
"Үндэсний үзэл" номын зохиогч Мэндсайханы Энхсайхан