Үндэсний үзэл

 

Өмнөх үг

 

Нэгдүгээр бүлэг. Үндэсний үзэл хийгээд бусад “изм”-үүд 

 

  • Үндэсний үзэл гэж юу вэ?
  • “Үндэсний үзэл”-ийн сурвалж
  • Эх оронч үзэл гэж юу вэ?
  • Үндсэрхэг үзэл гэж юу вэ?
  • Пан-Монголизм

 

Хоёрдугаар бүлэг. Үндэсний үзэл хөрш орнуудад

 

  • Оросын үндэсний үзэл
  • Хятадын Үндэсний үзэл
  • Америкийн үндэсний үзэл

Гуравдугаар бүлэг. “Монгол Үндэсний үзэл”-ийн талаар

 

  • “Монголын нууц товчоо” (МНТ) ба “аян дайн”
  • “Үндэстэн”, “улс” хоёрын аль нь анхдагч вэ
  • Яг энэ цаг үед Европт юу болж байв?
  • Үндэсний үзэл хийгээд шударга ёс

              Нэг. Хууль ба шударга ёс

              Хоёр. Шударга ёс ба төр

              Төрийн мэргэшсэн албан хаагч

  • “Монгол Үндэсний үзэл”

 

Дөрөвдүгээр бүлэг. Лев Толстой, Хантингтон, Тэмцэл Хао

 

  • Эх оронч үзэл хийгээд засгийн газар
  • Эрүүл үндэсний үзэл
  • Газар болон Өвөр Монголын бэлчээр нутагт хууль ёсны байх асуудалд

 

  • Ном жаргааж үзэл мандаах үг
  • Хэлц үг

 

Энэ ном хэмжээ дамжаагаараа бяцхан. Гэхдээ гарчиглааад орхих, гүйлгээд харах, диагналдаж уншчих эд биш. Яаран дүгнэлт хийх бүр хэрэггүй. Энэ номыг уншсанаар Та гэнэт үндэсний үзэлтэн болчихгүй. Гэхдээ Танд төлөвшсөн энэ талын үзэл бодолд чинь салхи сэвэлзсэн бол бидний зорилго хангагдлаа гэсэн үг.

 

“Алтан ураг” оюуны сан

altanurag@mail.mn

 

Өмнөх үг

 

“Үндэсний үзэл”. Энэ нэр томьёо тун саяхнаас л Монголд хэрэглэгдэх боллоо. Гэхдээ учрыг зөн совингоороо мэдрэх цөөхөн хүмүүсийн хүрээнд л “үндэсний үзэл” одоохондоо яригдаж байна. Ихэнх хүмүүсийн хувьд үндэсний үзлийг “үндсэрхэг үзэл”, “эх оронч үзэл”-тэй адилтган ойлгох явдал хэвээр байна. “Үндсэрхэг үзэл” адгийн муу, “эх оронч үзэл” ёстой сайн гэсэн сурталд олон жил тархиа угаалгасан хүмүүсийн хувьд “үндэсний үзэл” гэхээр түүнийг шууд “үндсэрхэг үзэл”-тэй адилтган сэжиглэж, хажиглах нь энүүхэнд. Тийм хүмүүст “эх оронч үзэл” хэмээх нь илүү тааламжтай байдаг боловч түүнийгээ сайн ойлгодоггүй. Тэд одоохондоо олонхи болж байна. “Үндсэрхэг үзэл”, “эх оронч үзэл” хийгээд “үндэсний үзэл” хэмээх нэр томьёололд ямар агуулга байгааг задалж цэгцтэй болгох нь Монголын нийгэмд учраад байгаа оюун санааны будилааны учигийг тайлах нөхцөл юм. Оюун санаа төөрөгдөлтэй л байгаа бол манай нийгэм будилаантай байхаас өөр замгүй. Манай нэгэн эрдэмтэн “улс төр” хэмээх ойлголтыг тайлбарлахдаа: “улс” гэдэг үг нь манайд баахан улс ирэв, морьтой улс давхилдана гэдэг шиг нэг зорилготой хэсэг хүмүүсийг тодорхойлсон утгатай” гээд “улс төр тогтворгүй байна гэх бус үзэл суртал зөрчилдөөнтэй байна гэвээс зохино” гэжээ. Энэ санааг цааш нь үргэлжлүүлэн ухвал “улс төр” гэдгийг нэг зорилготой хүмүүсийн “төр” хэмээж болох. Манай “төр” нэг зорилготой хүмүүсийн төр байж жинхэнэ утгаар “улс төр” болж чадаж байгаа билүү? Төр хямраад байна уу үзэл хямраад байна уу? Үзэл бодол зөрөлдсөн намууд зорилго зөрөлдсөн морьтон улс билээ. Тэд төрийг минийх, чинийх гэхээс өөр аргагүй болно. Импортын олон үзэл, сөргөлдөөн, хямралдаан Монгол төрийг бэхжүүлээд байна уу, сулруулаад байна уу? Уул нь улс төрийн намууд Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхдээ намынхаа эрхэм зорилгыг Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх... гэсэн байх нь гарцаагүй. Гэвч өөр хоорондоо үзэл бодлоор, хөрөнгө мөнгөөр элдэвлэхдээ нэгэн зорилготойгоо умартах нь амархан. Өөрийн гэх үндэсний үзлийг таньж мэдээгүй хүмүүст социализм, либерализм хэмээх харь үзлүүд зүрхэнд нь амархан нэвтрэх агаад тэд өөрсдөө мэдэхгүй харь гүрний националист бодлогын хэрэгсэл болдог. Энэ утгаараа тэд монгол түмний эрх чөлөөний дайсан юм. Сүүлийн хорин жилд Монголд либерализм газар авав. Толгойтой хүн болгон өөрийгөө либералист гэх нь холгүй болсон үед энэ үзлийг сурталчлагчид сүүлийн үед өөрсдийгөө либертари үзэлтэн гэж чамирхаж байна. Тэдэнтэй ардчилсан гэж өөртөө тодотгол нэмсэн социалистууд ядмагхан үзэл суртлын тэмцэл хийх аядаж байна. Монголын өнөөгийн дүр зураг, “улс төр” ердөө л энэ.

 

“Үндэсний үзэл”-ийг социалист болон либераль үзэлтнүүд нэгэн дуугаар үл ойшоохыг оролддог. Энэ бол тэдний нийтлэг төөрөгдөл. Гэхдээ энэ төөрөгдлөөсөө ичих хэрэггүй. 

 

Яагаад гэвэл төөрөгдлийн үндэс нь энэ үеийнхэнд зөвхөн хамаатай биш, түүхэн нөхцөл учир шалтгаантай. Үндэсний үзэл гэдэг бол тухайн үндэстэн төрөө байгуулж, хамгаалан бэхжүүлэх улс төрийн хөтөлбөр юм. Эх оронч үзэл гэдэг бол төрөлх нутгаа хайрлах хайр. Ялгаа нь тэмээ ямаа. Ертөнц даяаршиж шинэ үеийнхэн хаана ч адилхан Холливудын кино үзэж, дууриах баатраа тэндээс олж харах болсон цагт косполитанизмд суурилсан соёл залуу үеийнхэнд дөхөмтэй болжээ. Гэхдээ энэ бол үндэсний үзэл явцгүй гэсэн хэрэг бишээ. Хуучин соёл шинэ соёл болж хувирахдаа үргэлж үндэсний агуулгаа хадгалж байна. Эс чадах нь улаан номд орох юм.

 

Монголчуудын аз болоход “Үндэсний үзэл” гэж урьд өмнө нь ярьж байгаагүй нь уул нь энэ ойлголтыг шинэ нөхцөлд шинэ агуулгаар нь хэрэглэх сайхан бололцоо өгч байна. “Үндэсний үзэл” гэсэн нэр томьёонд бусад оронд байдагчлан ямарваа нэг муу гэх агуулга байхгүй. Харин хэрхэн яаж ойлгож хөгжүүлэх нь бидний хэрэг юм. Бусдын суртлаар сэтгэдэг хүмүүсийн хувьд “Үндэсний үзэл-ийг үндсэрхэг үзэлтэй адилтгах явдал бий. Гэмгүйгээр нь би эх оронч гээд хэлээд явах хүмүүс олон. Зарим нь сүүлийн үед “үндэсний эх оронч үзэл” гэх нэр томьёо хэрэглэж байгаа нь асуудлын мөн чанар луу жаахан дөхөх оролдлогоос цаашгүй.

 

Энэ ном бол “Үндэсний үзэл” гэж улс төрийн ухаанд хэрхэн үздэг, тэр нь яагаад улс төрийн тулгамдсан асуудал болсон бэ гэдгийг ойлгоход туслах зорилготой юм. 

 

Үндэсний үзлийг саяхан хүртэл улс төрийн ухаан судалгааныхаа нэг бүрэлдэхүүн хэсэг гэж үзэхгүй явж ирсэн байна. Философчид, улс төрчид энэ асуудлыг харьцангуй саяхнаас хэлэлцэх болжээ. Үүнд Зөвлөлт улс задарч олон бие даасан улс бий болсон, хуучин Югославд үндэстэн хоорондын дайн болсон, дэлхийд байгаа хүчирхийлэл, аллага гаарсан зэрэг нь их нөлөө үзүүлсэн байна. Хуучин Зөвлөлт Холбоот Улсад үндэсний нэгдмэл байдал сул байсан нь хуучин зөвлөлтийн орон зайд тогтвортой ардчилал бий болох бололцоогүй болгосон гэж Фукуяама тэмдэглэсэн байдаг.

 

Монголчууд бидний хувьд Цагаан морин жилээр өрнөсөн ардчилал “үндэсний үзэл”-ээ сэргээх, томьёолох, төрийн бодлого болгох тийм бололцоог авчирсан юм. Харамсалтай нь түүхэн бололцоог ашиглаж чадаагүй явна.

 

Ардчилал бол төрөө байгуулах арга хэлбэр л гэж үзэх нь зүйд нийцнэ. Монгол төр Хаанаа хаадын хуралдайгаар сонгодог байсан бол өнөө цагт Төрийн тэргүүнээ нийтийн сонгуулиар сонгодог болсон. Хаадын ардчилал нийтийг хамарсан ардчилал хүртлээ найман зуун жилийг ардаа орхижээ. Ардчиллыг үзэл хэмээн эндүүрвээс бид алд дэлэм алдах болно. Энэ алдаа одоо 20 жил насаллаа. Цаашид энэ явдал үргэлжилбэл монголчууд ухаант өвөг дээдсийн өвлүүлсэн “Мөнх гал”-ыг бөхөөх аюултай.

 

Нэгдүгээр бүлэг. Үндэсний үзэл хийгээд бусад “изм”-үүд

 

“Национализм” буюу “үндэсний үзэл” гэж юу болох тухай асуудал хамгийн бага судлагдсан юм. Интернэтээр “nationalism” гэдгээр хайлт хийвэл бас ч үгүй барж идэхгүй их материал Та олж үзэж болно. Гэхдээ үлэмж ихэнх нь “үндэсний үзэл”-ийг өнгөцхөн, либераль болон социалист үзлийн нөлөөт толиор харж элдвээр муучилсан болохыг түвэггүй харнаа. Нэр томьёо, ухагдахууныг өөр хооронд нь хольсон бантагнуулсан нь зөндөө. Тийм юмыг уншихаар толгойны эргээ гарахаасаа илүүтэй тархи толгой улам л эргүүтнэ. Ялангуяа үүх түүхээсээ тасарсан ард түмэн хамгийн ихээр төөрч будилна. “Эргүүтсэн” ард түмнийг хэн нэг нь гаднаас залах тун амархан.

“Үндэсний үзлийг судлах ухаан” бие даасан шинжилгээ, судалгааны салбар ухаан мөн юм байна гэдгийг ердөө л 1990-ээд оноос л хүлээн зөвшөөрөх аядаж байгаа юм. Үүнд “Хүйтэн дайн” төгсөж, олон улсын тавцан дээр национализм философийн маргаан төдий биш практик бодлого болж гарч ирж байгаа зэрэг нь уг асуудлыг муучлахгүй бас тэгээд магтан сайшаахгүйгээр бодитой авч үзэх чухал асуудал гэдгийг ойлгох болсон байна.

Бид “үндэсний үзэл” хэмээх асуудлыг тэрхүү бодит арга зүйгээр авч үзэн, өөрийн орны түүхэн онцлогтой уялдуулан энгийнчилэхийг оролдсон болно. 

 

Үндэсний үзэл гэж юу вэ?

 

Үндэсний үзэл гэдэг нь тухайн үндэстэн төрөө байгуулж, хамгаалан бэхжүүлэхтэй холбоотой улс төрийн хөтөлбөр, нийгмийн хөдөлгөөн юм. Төрөө байгуулж чадсан үндэстэн байхад тэгж чадаагүй нь бас олон. Тусгаар тогтнох хүсэлтэй үндэстэн бүхний хүслийг гүйцэлдүүлэхэд дэлхийн газар нутаг, нөөц хүрэхгүй гэнэ. Тиймдээ ч олон үндэстнээс бүрдсэн нэг юмуу нэгдмэл улс байж болох. Жишээлбэл, урд хөрш БНХАУ 56 үндэстнээс бүрдсэн нэг л улс. Оросын Холбооны улс 174 үндэстнээс бүрдсэн нэгдмэл улс. Төр нь хүчирхэг болсон боловч үндэстэн бүрдэх үйл явц нь төгсгөл болоогүй байх явдал ч байна. Түүний нэг жишээнд америкийг нэрлэдэг. Төр улс хүчирхэгжих үйл явц үндэстэн нэг болж төгс бүрэлдэх үйл явц давхцахгүй байгаа нь АНУ-ын ирээдүйн хүндрэл бэрхшээл болно гэж бичдэг.

 

Үндэсний үзэл маш хүчтэй. Зөв залбал хөгжлийн хөдөлгүүр. Буруу явбал сүйрлийн их хүчтэй. Үндэсний үзэлд бурханч бий, буг чөтгөр ч бий. Үүнийг түүхийн олон жишээнээс харж болно. Фашизм, үндэсний социалист үзэл Герман үндэстнийг хүчтэй болгосон ч, дэлхийн дайнд хүргэж уг үндэстэнд төдийгүй бүхэл Европт, улмаар дэлхийн дайн дэгдээж гай гамшиг авчирсан. Тиймдээ ч Европт “үндэсний үзэл” гэдэг нэр томьёоноос олон жил айдаг, эмээдэг болцгоосон. Африкийг колончлох үзэл нь Европ өөрийгөө тэднээс дээр гэж үзэх нэг ёсны үндэсний үзлээс үүдэлтэй байлаа. Африкийн үндэсний үзэл ч колончлолын эсрэг байсан. Хэдэн зуун сая хүний амь нас амьдралаар колончлол өмнөх зууны 60-аад онд төгсгөл болсон.

 

Үндэсний үзэлд төлсөн төлбөр гэх үү дээ. Орчин үеийн эдийн засаг угтаа үндэсний үзэлд суурьтай. Улс орон бүр өөрөө үйлдвэржих, олон улсын зах зээл дээр өөрийн гэсэн байр сууриа олж, хамгаалах бодлого нь үндэсний үзлээс үүдэлтэй. Тиймдээ ч Капитализмын амин сүнс нь үндэсний үзэл гэх нь бий.

 

 

“Үндэсний үзэл”-ийн сурвалж

 

Хүмүүн төрөлхтөн нь хөгжлийнхөө ихэнх үеийг амь аргацаах төдий хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхэлж байсан үеийг дамжсан байдаг. Бөглүү нутагт амиа аргацаах төдий аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн хувьд овог аймгийн үзэл байлаа. Трибализм буюу манайхаар бол “нутгархах үзэл” байж мэднэ. Гэхдээ “нутгархах үзэл”-ийг орчин цагт “үндэсний үзэл”-тэй дүйцүүлж хэрхэвч болохгүй.

 

Үндэсний үзэл шинжлэх ухаан, техникийн хөгжил, түүнээс улбаатай үйлдвэржилтийн нөлөөн дор хүчтэй улс төрийн зарчим болж хөгжсөн юм. 

 

Үйлдвэржих үйл явц хуучин соёл, ахуйд өөрчлөгдөх хүчтэй нөлөө үзүүлж, үйлдвэржилтээр тэргүүлэх орон бусад ард түмний оюун санааг эзэмдэх оролдлоготой холбоотойгоор “үндэсний үзэл” улс төрийн зарчим болж тавигддаг. Энэ үедээ үндэсний үзэл хамгийн дайчин, харгис хэрцгий байсан нь Европын түүхээс харагдана. Дэлхийн нэг, хоёрдугаар дайн үндэсний үзлийн түрэмгий шинжийг ихэд харуулсан гэлцдэг. Орчин үед нөхцөл байдал шинэ өнгө аястай болжээ. Глобальчлал үндэстэнд үйлдвэржилт хэрхэн нөлөөгөө үзүүлсэн мөн л тийм төрлийн нөлөө үзүүлэх болжээ.

 

Хүн амын түргэн өсөлт, хотжих үйл явц, хөдөө нутгаас хот руу шилжих шилжилт хөдөлгөөн бүгд янз бүрийн соёл, зан үйл, уламжлалыг хооронд нь “хутгах” нөхцөл болдог. Дээр нь либеральчлал, шашны өрсөлдөөн, баян хоосны туйлшрал, шударга бус байдал зэргийг нэмбэл дүр зураг бүрэн холион бантан болно. Миний, манай соёл дэлхийн шинэ соёлд давамгайлах ёстой гэх хандлага нь зүй бөгөөд национализм орчин үед зайлшгүй юм. Хэн нь ялах вэ гэдэг нь түүхийн шоглоом. Гэвч аль нэг соёл, хэл давамгайлж шинэ соёл бий болох нь гарцаагүй гэдэг утгаар “үндэсний үзэл“ ялах тавилантай юмаа.

 

Үндэсний үзэл нь хуучнаа санагалзах явдал биш. Хуучнаа сэргээх явдал ч биш. Харин шинэ нөхцөлд төрөө хадгалан бэхжүүлж, үндэстнээ оюун, соёлын хувьд нь хамгаалах хэрэг мөн.

 

Эх сурвалж:  

 

1. Мэндсайханы Энхсайхан "Үндэсний үзэл" ном. 2010 он

 

Холбоотой мэдээлэл:

 

 

 

 

Үндэсний үзэл
"Үндэсний үзэл" номын зохиогч Мэндсайханы Энхсайхан