Я
Ямааны насыг шүдээр тодорхойлох
Ямааны насыг шүдээр тодорхойлох

 

 

Ямаа нийт 32 шүдтэй, үүнээс дээд эрүүнд үүдэн шүд, соёогүй, 6 хос араатай, доод эрүүнд 8 үүдэн шүдтэй, соёогүй, 6 хос араатай байдаг. Ямааны шүдний томъёо:

  • Дээд эрүүнд Үш 0 + Со 0 + Ар 6 + 6 
  • Доод эрүүнд Үш 8 + Со 0 + Ар 6 + 6

Ямааны толгой, эрүүний яс болон шүд нь хониныхоос жижиг, шүд нь нарийн чигж, илүү цагаан өнгөтэй байдгаар ялгагдана. Ишиг эхээс гарахдаа ихэвчлэн шүдгүй гарах ба 1-3 сартайд доод эрүүнд нялхын 8 үүдэн сүүн шүд, дээд, доод эрүүнд тус бүр 3 хос нялхын араанууд ургаж нийт 20 шүдтэй болно. Нялхын буюу сүүн шүд хэмжээгээр жижиг, цагаан өнгөтэй байхад ясан шүд том цагаавтар өнгөтэй байна .
Есөн сартайд байнгын эхний хос араа ургаснаар 24 шүдтэй, 1.5 настайд дараагийн хос араа ургаснаар 28 шүдтэй, 2 настайд сүүлчийн хос араа ургаснаар 32 шүдтэй болно. 1.5- 2 насанд нялхын / 1,2,3-р хос / сүүн араанууд унаж ясан араагаар солигдоно. 
Цаашид ямааны шүдийг нялхын шүд ясан шүдээр солигдох болон ясан шүдний элэгдлээр тодорхойлно. Төрсний эхний жилд ишиг, нэг нас хүрэхэд борлон гэж нэрлэх бөгөөд энэ үедээ нялхын сүүн шүдтэйгээ байна.

1,5 насанд голын 2 үүдэн сүүн шүд унаж ясан шүдээр солигдоно. Ийм шүдтэй ямааны эрийг шүдлэн эр ямаа, охиныг зусаг ямаа гэж нэрлэнэ. Учир нь ямаа борлон насандаа хээл авч зусгандаа ишиглэх учир зусаг ямаа гэж нэрлэнэ.

2,5 насанд голын хажуугийн 2 үүдэн сүүн шүд унаж ясан шүдээр солигдоно. Ийм шүдтэй ямааны эрийг хязаалан эр ямаа, охиныг сагиль ямаа гэж нэрлэнэ. Учир нь энэ үед ямаа 2-дахь удаагаа ишиглэнэ.

3,5 насанд захын дотор талын 2 үүдэн сүүн шүд унаж ясан шүдээр солигдоно. Ийм шүдтэй ямааны эрийг соёолон эр ямаа, охиныг эм ямаа гэж нэрлэнэ.

4,5 насанд захын 2 үүдэн сүүн шүд унаж ясан шүдээр солигдоно. Ийм шүдтэй ямааны хөнгөлсөн эрийг сэрх, хөнгөлөөгүйг ухна, охиныг эм ямаа гэж нэрлэнэ.

5-6 насанд ямааны үүдэн шүдний хурц ирмэг элэгдэж тэгширнэ.

7-8 насанд үүдэн шүдний элэгдэл улам лавширч, голоосоо хотойн, богиносч хоорондоо зай гарч эхэлнэ.

9-10 насанд шүдний хоорондын зай ихсэж сийж голоосоо унаж эхэлнэ

 

Ямааны насыг шүдээр тодорхойлох
Ямаа