Юлий Цезарь

 

Гай Юлий Цезарь буюу Гэгээн Юлий (МЭӨ 100 оны 7-р сарын 13 - МЭӨ 44 оны 3-р сарын 15) Ромын Бүгд Найрамдах Улсын цэрэг, улс төрийн зүтгэлтэн. Тэрээр Ромын Бүгд Найрамдах Улсыг Ромын эзэнт гүрэн болгон өөрчлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн. Бүтэн нэр, Caius Iulius Caii filius Caii nepos Caesar Imperator ("Gaius Julius Caesar, Gaius-ын хүү, Gaius-ын ач, Император"). МЭӨ 42 онд түүнийг бурханчласны дараа оноосон албан ёсны нэр: Divus Iulius ("Гэгээн Юлий") болсон.

Г.Ю.Цезарь Ромын чинээлэг айлд төрж гэрийн сайн боловсрол эзэмшсэн бөгөөд захирагч Суллийг өөд болсны дараа л улс төрийн vйл ажиллагаагаа эхэлжээ. Тэрээр Ромын “доодсын” эрх ашгийг хамгаалж байлаа. М.э.ө 73 онд цэргийн захирагчаар, м.э.ө 68 онд квестор, гурван жилийн дараа эдилоор сонгогджээ. Мөн м.э.ө 62 онд преторын язгууртны хэргэм хүртэж Эртний Ромын аль нэг мужийн амбан захирагч болох эрхтэй болсноор удалгvй алс Испани мужийн амбан захирагчаар томилогдож эрх чөлөөг эрмэлзэгч иберийн омгуудыг байлдан эзлэжээ. Ю.Цезарь илүү их эрх мэдэлд хүрэх мөрөөдлөө биелvvлэхийн тулд тэр үеийн улс төр, цэргийн нөлөө бүхий зvтгэлтнүүд болох Г.Помпей, М.Красс (Спартакийн бослогыг дарсан жанжин) нартай м.э.ө 60 онд холбоо тогтоож улмаар анхны гурвал болж Ромыг бvхэлд нь захирч, төрийг хуваан захирал болжээ. М.э.ө 59 онд Ю.Цезарь консул болсон үеэс Сенатын эрх мэдлийг хязгаарлаж эхлэв. Консулын бvрэн эрхийн хугацааг дуусгасны дараа эхлээд Цезальпиний, дараа нь Нарбоны Галл мужид амбан захирагчаар томилогдохдоо арми эмхлэн байгуулах, бие даан дайн хийх эрх давхар эдлэх болов. Манай эриний өмнөх 58-51 онуудад алдарт Галлийн аян дайн хийж сайтар сургагдсан, зэвсэг сайтай, сахилга бат өндөр легионеруудынхаа ачаар нутгийн хvн амын улангассан эсэргүүцлийг дарж байв. Галлийн анхдугаар аян дайны үед Кельтийн 100 мянган цэрэгтэй тулгарчээ. Майн, Неккар, Альпийн хооронд оршин суудаг Кельтчүүд Галл руу шилжин сууршихаар хөдөлснийг дуулмагц мужийнхаа цэрэгтэй Галлийн омгуудын цэргийг нэгтгэж м.э.ө 58 оны зургаадугаар сард Кельтүүдийг Арар голоор гаталж байх vед нь дайрч 30 мянган цэргийг нь хороожээ. Кельтvvдтэй долоодугаар сард Бибракын ойролцоо хийсэн тулалдаан нь Ю.Цезарийн хувьд алдар нэрд гарах эсэхийн хувь заяаг шийдвэрлэх байсан учир 30 мянган легионеруудынхаа (үүнээс гадна Галлийн 24 мянган цэрэг байв.) захирагч нарын морьдийг хурааж эцсээ хүртэл байлдахыг тушаажээ. 130 мянган цэргээ хvйс тэмтрүүлсэн Кельтүүд ялагдлаа хүлээж Ромын эрхшээлд орж Ю.Цезарийн тушааснаар эх нутагтаа буцжээ. Мөн м.э.ө 58 оны найм, есдүгээр сард Ю.Цезарь 36 мянган хүнтэй арми захирч аймшиггүйгээр халдан ирсэн Ариовистийн удирдсан Германы Секван омгийн цэргийг өнөөгийн Мюлуз хотын ойролцоо бут цохиж ухраажээ. Дараа нь цэргийнхээ тоог 60 мянгад хvргэж Белги улс руу халдаж Сюиссон улсын Гальба хааны захирсан 100 мянган цэрэгтэй армийг м.э.ө 57 оны хавар бут ниргэж дийлэнх омгуудыг нь Ромын харьяат болгожээ. Сабис голын эрэг дээр дөнгөж буудаллаад байхад нь Нервиев омгийн цэрэг гэнэт дайран ирэхэд Ю.Цезарь цэргээ байлдааны журамд яаралтай оруулж гардан байлдаанд цэргүүдээ удирдан орж легионеруудаа зоригжуулж байжээ. Есдүгээр сард адуатукуудын нутагт нэвтрэн орж эзлэсний дараа м.э.ө 56 онд Арморик (Францийн өнөөгийн Бретань муж) нутагт оршин суудаг Венет омог руу дайрч олон жижиг хот, цайзуудыг нь дараалан булаан авчээ. Венетуудын хүнд далбаат усан онгоцуудыг дийлэхийн тулд урт савааны үзүүрт тогтоосон хадуураар усан онгоцуудын татлагыг нь хярган таслаж олзлон авчээ. Галл мужийн амбан захирагч тавин мянган цэрэгтэйгээ м.э.ө 55 онд Ромын нутаг дэвсгэрт Маас голын хөндийгөөр халдан ирсэн Германы Узепит, Тенктер хоёр омгийн нэгдсэн 200 мянган цэргийг Треверийн дэргэд тосон байлдаж тэднийг толгой дараалан хядаж Рейн мөрний зүг ухрааж олзлон авсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг нь мөн хүйс тэмтэрчээ. М.э.ө 55 оны долоодугаар сард Ю.Цезарийн цэрэг өнөөгийн Бонн хотын хавьд Рейн мөрнийг гатлахдаа гүүр барьсан нь Эртний Ромын цэргийн инженерийн хосгүй гайхамшигт бүтээл болсон ажээ. Тэрбээр Германы омгуудыг айлган сүрдүүлэх аргаар Ромд үнэнч байх тангараг өргүүлж чадав. Мөн оны наймдугаар сард Английн эрэг дээр Дубр (өнөөгийн Дувр хот) хотын ойролцоо буухад, бриттани омгийн цэргүүд байлдахаар тосож байв. Хоёр тал хэд хэдэн ширүүн тулалдаан хийсний эцэст энхийн гэрээ байгуулж хагас сарын дараа Галлчууд нутагтаа буцав. Ю.Цезарь дараа жил нь буюу м.э.ө 54 оны долоодугаар сард 5 мянган легионер, 2 мянган морин цэрэг бүхий нийт 22 мянган хүнтэй арми удирдаж Англид хоёр дахь удаагаа халдахдаа Ла Маншийн хоолойг 800 орчим жижиг завиар гаталжээ. Кассивелуний захирсан бриттани омгийн цэргийг хялбархан бут цохиж цааш явсаар Темза мөрнийг өнөөгийн Лондон хотоос хойд хэсгээр гаталжээ. М.э.ө 54-53 онуудад Галлд бослого гарсан тухай мэдээ авмагц Ю.Цезарь нутагтаа буцан ирж босогчдын булаан авсан Аверикум (Францийн өнөөгийн Бурж хот) хотыг удтал бүслэлт хийж босогчдын хүнс дуусаж байдал хэцүүдсэн үед удирдагч Верцингеториг цөөхөн тооны цэрэгтэй хотоос нууцаар гарч зугтсаны дараа эзлэж, үлдсэн цэрэг, оршин суугчдыг нь хуу хяджээ. Ю.Цезарь Герговия хотыг бүсэлж Верцингеторигийг дийлээгүй ч дараахан нь Алезия хотыг 50 мянган цэрэгтэй бүсэлж 89 мянган явган цэрэг, 15 мянган морин цэргийг нь буулган авч босогчдыг удирдагчийг олзлон Ромд аваачиж таван жилийн дараа босогч хэмээн цаазалжээ. Алезия хотыг буулган авснаар Ромчууд Галлийг (Галлийн нутаг дэвсгэр дээр одоо Франц, Бельги, Голланд, Швейцар орнууд оршиж байна.) байлдан дагуулал дуусаж Ю.Цезарийн нэр алдар Эртний ертөнц даяар түгжээ. Тэр байлдан дагуулалтын тухай Ю.Цезарь “Галлийн дайны тухай тэмдэглэл” дурсамжийн номондоо дэлгэрэнгvй өгvvлсэн ажээ. Түүнийг Галльд дайтаж байх зуур хамтран зүтгэгч М.Красс парфянчуудын эсрэг байлдаж байхдаа Карр хотын дэргэд амь эрсэдсэнээр гурвал бутарч Ю.Цезарь, Гней Помпей хоёрын хооронд удтал үргэлжилсэн, цуст дайн эхэлж Эртний Ром дахин иргэний дайнд татагдан орж тус гүрний иргэд төдийгүй легионерууд хоёр талд хуваагдав. Ингээд Помпей сенатын бvгд найрамдах улсын талыг толгойлж тэдний өрсөлдөгчид нь Ю.Цезарийг удирдагчаараа сонгов. Сенат 49 онд Цезарийн Галль мужийн амбан захирагч байх бүрэн эрхийн хугацааг дуусгасан шийдвэр гаргаж захирч байгаа армиа тарааж Ромд буцан ирэхийг үүрэг болгов. Ромд очмогц нь помпейчууд шууд баривчлан цаазална гэдгийг ойлгож байсан Ю.Цезарь легионеруудаа удирдан Ромыг чиглэн замд гарч шөнө Рубикон голыг гатлахын өмнө “Шийдлээ!” гэсэн алдарт үгээ хэлжээ. Байлдааны баялаг туршлагатай цэрэг Г.Помпейн армийг газар сайгүй ухраасаар хоёр сарын хугацаанд Хойд Италийг эзлэв. Помпей Мөнхийн хотыг хамгаалах гэж оролдож 49 онд амбан захирагчийн хувь захирдаг Испанийн Илерда хотын ойролцоо болсон тулалдаанд Ю.Цезарийн цэрэгт бут ниргүүлж легионуудынх нь vлдэгдэл (25 мянга орчим хүн), хамтран зүтгэгчдээ дагуулан Ром хотоор дайрч Бриндизи, Грек рүү ум хумгvй зугтахдаа төрийн эрдэнэсийн санг ч авч амжаагүй байна. Помпей Грек улсад ирмэгц Эдпирт Диррахия хотын хажууд хээрийн хуарангаа байрлуулж бэхлэлт хийв. Ю.Цезарь араас нь мөрдөн ирээд армиа хот, дайсны хуарангийн хооронд байрлуулж харилцаа холбооны замыг нь хаав. Мухардалд орсон Помпей дайралтад орж Ю.Цезарийн бүслэлтийг сэтэлж ухраав. Г.Помпейг дагаж яваагvй Сенатын гишүүд м.э.ө 49 оны намар Цезарийг Ромын захирагчаар ёслол төгөлдөр өргөмжилжээ. Энж өдрөөс Ю.Цезарь үнэндээ хэмжээлшгүй эрхт хаан болж Ромын бүгд найрамдах улс төгсгөл болжээ. Удалгvй м.э.ө 48 оны 8 сарын 9нд Фессали муж дахь Фарсаль хотын дэргэд шийдвэрлэх тулаан болж 50 мянган цэрэгтэй Г.Помпей хоёр дахин бага хvчтэй Ю.Цезарийг дийлнэ гэж эрдэж өрсөлдөгчийнхөө морин цэргийн дайралтыг тогтоож араас нь элдэж байтал легионерууд хажуугаас нь дайрч бут ниргэжээ. Ю.Цезарь энэ байлдаанд дөнгөж 200 цэргээ алдсан хэрнээ дайсны 8 мянган цэргийг устгаж 20 мянган цэргийг олзолжээ. М.э.ө 46 онд Ю.Цезарийн 10 легион цэрэг Тапсын дэргэд 14 легион, 100 гаруй байлдааны заан, тэрчилэн явган цэрэг, морин цэрэг гээд хүч хол давуу Помпейг ялсны дараа Ромын Сенат Ю.Цезарийг арван жилийн хугацаагаар захирагчаар томилжээ. Цэрэггүй болсон Г.Помпейг усан онгоцоор хүрч ирэхэд Египет улс хүлээн авсангүй, хамтран зүтгэгчид нь түүнийг цааш харуулжээ. Гэвч Ю.Цезарь тэнгисийн цаана гарсан Помпейн цэргийн үлдэгдлийг бvр мөсөн дуусгах зорилгоор Египет орж Нил мөрний эрэг дээр болсон тулалдаанд төрсөн эгч, үзэсгэлэнт Клеопатра бүсгvйн хамт эх орноо захирч байгаа тус улсын XII Птоломей хааны цэргийг бут цохиж хаан нь тулалдаанд алагджээ. Ю.Цезарь Египетийн Клеопатра хатан хаантай учир ургуулж халуун янаглалдаа мансуурч байхдаа м.э.ө 47 онд заналт дайсан, Понтийн Фарнак хааны армийг тавхан хоногийн хугацаанд зүйл дуусгаж “Ирлээ, харлаа, яллаа!” гэсэн алдарт товч мэдээг Ром руу явуулжээ. Г.Помпей үхсэнээр Ромын бvгд найрамдах улсад он удаан жил үргэлжилсэн иргэний дайн дуусаж Сенат 44 онд Ю.Цезарийг бүх насаар нь Ромын захирагчаар томилж байгаагаа зарлажээ. Ромын өчнөөн төчнөөн мянган легионеруудын ачаар Эртний Ромд хэмжээлшгүй их эрх мэдэлтэй хаан буй болов. Ю.Цезарь Галлийн болон Помпейтэй хийсэн иргэний дайны vед стратегидаа маш хашир болгоомжтой хандаж байв. Байлдааны талбарт легионоруудынхаа хvчийг тарамдуулахгvй, нэг дор байрлуулж шаардлагатай чиглэлд дайснаас давуу хvчийг бий болгож чаддаг байлаа. Тулалдааны талбарт армиа гурван эгнээгээр байрлуулахдаа сүүлчийн эгнээнд нь нөөцөө хадгалдаг байжээ. Байлдаан эхлэхийн өмнө болон байлдааны явцад тагнуулын ажиллагааг идэвхтэй явуулж бут цохиулан ухарсан дайсныг мөрдөн мөшгиж цохидог байжээ. Тэрээр дайн тулаан, тvvхийн сэдвээр хэд хэдэн ном бичсэн учир тvvнийг Эртний цэргийн томоохон тvvхчдийн нэг хэмээн vздэг. Суут жанжин А.В.Суворов, Наполеон Бонапарт нар офицер бүр тvvний бүтээлийг уншиж судлах ёстой хэмээн шаарддаг байжээ. Ю. Цезарь бvх насаараа Ромын захирагчаар томилогдсоноор бүх дайсандаа нэгдэх бололцоо олгож Эртний Ромыг ганцхан жил л захирч чадсан юм. Иргэний дайны дараа эрх мэдлийг нь хэвээр vлдээсэн Юний Брут, ойрын хамтран зүтгэгч Гай Кассий, Лонгин нар м.э.ө 45 оны сүүлчээр хуйвалдан үгсэж м.э.ө 44 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Ю.Цезарийг Сенатын хуралдааны танхимд чинжаал хутгаар хэдэнтээ хутгалж амийг нь егүүтгэжээ.

Юлий Цезарь
Юлий Цезарь
Марк Лициний Красс
Гней Помпей
Ром хот дахь Юлий Цезарын хөшөө
Юлий Цезарын дүртэй алтан зоос