Ю
Юлдэн Тарваган шийр
Юлдэн Тарваган шийр

 

Юлдэн тарваган шийр. Латинаар: Thermopsis lanceolata нь Буурцагтан (Leguiminosae) овогт багтана. Дан буюу Салаалсан урт үндэслэг иш бүхий олон наст өвслөг ургамал. 50см хүртэл өндөр мөчирлөг шулуун иштэй, Иш нь эхэндээ нүцгэн байж байгаад цэцэглэх үедээ зөөлөн үсээр битүү хучигддаг. Навч нь цайвар ногоон өнгөтэй гурвалсан, хоёр том дагавар навчтай бөгөөд ишиндээ цуварч байрласан богино бариултай. Навчны илтэс нь уртсан өргөн зуувгар, өндгөрхүү хэлбэртэй 3-6 см урт, бүтэн ирмэгтэй. Дээд илтэс нь бараг нүцгэн. Доод илтэс нь өтгөн үслэгтэй.

 

Шар өнгөтэй том том цэцгүүд нь гурав, гурваар дээд навчны зайд байрлан цацаг багцаг үүсгэнэ. Цэцэг нь зөв биш бүтэцтэй, хос бэлэг бүхий таван цоморлигтой. Тарваган шийр 6-7 сард цэцэглэх бөгөөд үр жимс нь 5-6 см урт бага зэрэг нумарсан, олон үрт хавтгай хүрэн бор өнгийн буурцагтай. Үр нь бөөр хэлбэртэй 4 мм орчим хэмжээтэй байна. Үр нь харавтар өнгийн  гялгар гадаргуутай, цайвар өнгөртэй. 

 

Монгол орны Хангай, Хэнтий, тал хээрийн бүсийн ихэнх нутагт хуурай энгэр, нуга, талаар элбэг ургана. Юлдэн Тарваган шийрд алкалоид 1,2 - 2,5% агуулагдана. Үндсэн алкалоид нь термопсин, пахикарпин, цитизин, гомотермопсин, метилцитизин, анагирин зэрэг юм. Үүнээс гадна термопсиланцин гликозид, сапонин, аргаах бодис, давирхайлаг бодис, салс, эфирийн тос, витамин С бага зэрэг агуулагдана.

 

Тарваган шийрийн өвс - Herba Thermopsidis -ийг цэцэглэх үед нь бэлтгэдэг. Алкалоидын хэмжээ хуурай түүхий эдэд 1% аас багагүй байх ёстой. Хэрэглэх нь: Тарваган шийрийн өвсөнд агуулагдах термопсин алкалоид нь ходоодны шүүрэл ялгаралтыг ихэсгэх үйлдэлтэй. Өвснөөс нь нунтаг, шахмал, хуурай ханд, хандмал зэргийг бэлтгэн цэр ховхлох зорилгоор амьсгалын дээд замын үрэвслийн үед хэрэглэдэг. Үрнээс нь цитизин алкалоидыг цэвэршүүлэн авч 0,15% 1 мл ийн Цититон хэмээх бэлдмэлийг үйлдвэрлэн төрөх үеийн нярайн амьсгал бүтэлт, гэмтэл, мэс заслын үед рефлексийн замаар амьсгал тэтгэгч эм болгон хэрэглэнэ. Монголын уламжлалт анагаах ухаанд уушигны үрэвсэл, толгойн өвчин, халууралт, гэдэсний цагаан хорхойн эсрэг эм бэлтгэн хэрэглэдэг.

Юлдэн Тарваган шийр
Юлдэн Тарваган шийр
Thermopsis lanceolata