Э
Энэбиш Лхамсүрэнгийн
Энэбиш Лхамсүрэнгийн

 

Л.Энэбиш нь Монголын улс төрч, УИХ-ын дарга, Улаанбаатар хотын захирагч асан. Л.Энэбиш 1947 онд Булган аймгийн Могод сумын Өвөр булаг хэмээх газарт мэндэлжээ. Тэрбээр 1965 онд Улаанбаатар хотын 10 жилийн 18 дугаар дунд сургууль, 1970 онд Монгол улсын их сургууль төгсөж, барилгын сантехникийн инженерийн мэргэжил эзэмшжээ.

 

Л.Энэбиш 1970-1975 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны барилгын зураг төслийн товчоонд сантехникийн инженер, ерөнхий инженер, дарга, 1975 - 1977 онд Улаанбаатар хотын барилга, архитектурын газрын орлогч дарга бөгөөд ерөнхий инженер, 1977-1980 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орон сууц, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга, 1980- 1983 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөхийн товчоонд мэргэжилтэн, 1983-1990 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар тус тус ажиллаж байв. Л.Энэбиш 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Улаанбаатар хотын даргаар тус тус ажиллажээ.

 

1992 оны сонгуулиар Л.Энэбиш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 1992 оны 10 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайд, улмаар 1993-1996 онд Монгол Улсын шадар сайдаар ажиллахдаа гүйцэтгэх засаглалын тогтолцоо, орон нутгийн засаг захиргааг шинэ Үндсэн хуулийн дагуу бүрдүүлэх, төрийн албаны тогтолцоог төлөвшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн өмч хувьчлалын асуудлыг гардан хариуцаж байжээ.

 

Л.Энэбиш 1992 оноос МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, 1997 оноос намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж 2000 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болж улмаар Улсын Их Хурлын даргын (2000-2001) албыг хашжээ.

 

Л.Энэбиш төр засаг, намын удирдах алба хашихын зэрэгцээ Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга, Монголын самбо бөх сонирхогчдын холбооны ерөнхийлөгч, Дэлхийн Самбо бөх сонирхогчдын холбооны дэд ерөнхийлөгч, Нийслэлийн бизнесийн холбооны ерөнхийлөгч зэрэг улсын хийгээд олон улсын хэмжээний сонгуульт ажил хийж байжээ.

Тэрбээр 2001 оны есдүгээр сарын 29-нд зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Улсын Их Хурал

Энэбиш Лхамсүрэнгийн
Лхамсүрэнгийн Энэбиш