Э
Энхболд Миеэгомбын
Энхболд Миеэгомбын

 

Миеэгомбын Энхболд нь Монгол Улсын 24 дахь ерөнхий сайд. Тэрээр 2006 оноос 2007 хүртэл ерөнхий сайд, 2005 оноос 2007 онд МАХН-ын дарга байв. Тэрээр 1964 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1987 онд МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистр.1987-1989 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны харьяа Аж ахуй үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, 1989-1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд мэргэжилтэн, 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992-1996 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар тус тус ажиллажээ.

 

Түүнийг Нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаанд Улаанбаатар хотын газартай холбоотой авилга хавтгайрсан, агаарын бохирдол ихэссэн гэж шүүмжилдэг.

 

2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН -аас нэр дэвшин өрсөлдсөн Н.Энхбаяр ялсан тул намаасаа түдгэлзэх шаардлагатай боллоо. Сонгуулийн дараа 2005 оны 6 -р сард МАХН -ын 24 -р их хурал хуралдаж намын шинэ даргыг сонгох болоход түүний нэрийг Н.Энхбаяр санал болгон дэвшүүллээ. Мөн Ц.Нямдорж, Ч.Улаан, С.Баяр нарыг хуралд оролцогчидоос нэр дэвшүүлсэн боловч Ц.Нямдорж, Ч.Улаан нар нэрээ татаж авсанаар намын даргын төлөөх өрсөлдөөнд С.Баяр, М.Энхболд тунаж үлдсэн юм. Өрсөлдөөн тун ширүүн болж М.Энхболд 50,25 хувиар буюу 29 хүний саналаар ялалт байгуулан МАХН -ын даргаар сонгогджээ. Тэрээр намын даргаар 2 жил орчим хугацаанд ажилласан бөгөөд энэ хугацаанд тус намд олон жигүүр хөдөлгөөн, шинэчлэгч бүлгүүд бий болж, намын шинэчлэл, дотоод ардчилалын тухай ярих болжээ. Эдгээр хөдөлгөөнүүдийн шахалт шаардлагаар намын ээлжит бус их хурлыг хуралдуулахаар болсон юм. Ингээд МАХН -ын 25 -р их хурал 2007 оны 10 -р сарын 22 - 30 ны хооронд болж намын даргын төлөө С.Баяр, М.Энхболд нар өрсөлдөн энэ удаа С.Баяр 56,6 хувийн саналаар ялжээ.

 

2005 оны намар УИХ -ын сонгуулийн 65 -р тойрогт нөхөн сонгууль хийх боллоо. Шалтгаан нь мөн л урьд сонгогдсон гишүүн нь Монгол улсын ерөнхийлөгч болсон явдал байв. Энэ сонгуульд МАХН -аас шинэ дарга нь, АН -аас тухайн үеийн ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар нэрээ дэвшүүлэв. Гэвч МАХН -ын зүгээс АН -ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж нэрээ татахгүй бол засгийн газрыг нь огцруулна хэмээн ил далдаар шахалт үзүүлэх болов. Ингээд Ц.Элбэгдоржийн нэрийг нөхөн сонгуулиас татуулж, үүнийхээ хариуд Их Эвслийн Засгийн газрыг УИХ-ын ээлжит сонгууль хүртэл МАХН-Эх Орон Ардчилал эвслийн хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллуулах нөхцөлтэй гэрээ байгуулав. Ийнхүү М.Энхболд УИХ -ын гишүүн болжээ. 2008 оны УИХ -ын сонгуульд М.Энхболд Төв аймагт нэр дэвшин дахин сонгогджээ.

 

Хэдий Ардчилсан нам гэрээний дагуу өөрийн нэр дэвшигчийн нэрийг нөхөн сонгуулиас татуулсан боловч 2006 оны 1 сард МАХН, УИХ дахь Ардчилсан намын Мэндсайханы Энхсайхан тэргүүтэй цөөн гишүүд, Эх орон нам, Монгол Улсын Бүгд найрамдах нам, Ард түмний намд Засгийн газарт суудал амлаж байж Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулж, М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгож, "Үндэсний эв нэгдлийн" хэмээх тодотголтой шинэ Засгийн газраа бүрдүүлсэн юм. Харамсалтай нь түүний засгийн газар баг болж ажиллаж чадалгүй, сайдууд нь элдэв асуудалд орооцолдож, бүрэн эрхийнхээ хугацаанд 3 сайд нь огцорсон зэрэг нь түүний засгийн газрын болон эрх баригч МАХН-ын нэр хүндэд муугаар нөлөөлж байна гэж үзэн, намын 25-р их хурлаар түүнийг намын дарга болон ерөнхий сайдаас огцруулах шийдвэр гарчээ.

 

Тэрээр С. Баярын болон С.Батболдын засгийн газарт Шадар сайдаар ажиллаж 2012 оны УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болжээ.

 

2013 оны 10 сарын сүүлээр хуралдсан МАН-ын XXVII их хурлаас их хурлын төлөөлөгчдийн 91.65 хувийн саналаар УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН-ын даргаар сонгогджээ.

 

Холбоотой мэдээлэл: 

 

1. Монгол Улсын Ерөнхий Сайд

Энхболд Миеэгомбын
Монгол улсын 24 дахь ерөнхий сайд М.Энхболд
М.Энхболд гэр бүлийн хамт