Э
Энхбаяр Намбарын
Энхбаяр Намбарын

 

Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч

 

Авишиг Орших овогт Намбарын Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхий Сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж ирсэн улс төрч юм. Н.Энхбаяр нь 1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод мэндэлсэн. Эхнэр, 4 хүүхэдтэй. 1965-1975 онд Орос-Монголын хамтарсан 23-р сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо Утга-зохиолын дээд сургуулийг Утга зохиол, хэл судлалын баккалавр мэргэжлээр дүүргэсэн.

 

1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд английн утга зохиол, англи хэлний курст суралцаж байсан. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Н.Энхбаяр 1980-1990 онд Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор, дараа нь ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр ажилласан. 1990-1992 онд Соёл урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд даргаар ажилласан.

 

Намбарын Энхбаяр 1985 онд МАХН-ын гишүүнээр элсжээ. 1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдож, мөн тус оноос засгийн газрын гишүүн, соёлын сайдаар ажилласан. 1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогджээ. 1996 оноос МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ.

 

1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан. Энд 2000 оны сонгуульд намаа ялалтад хүргэж, Их Хурлын 76 суудлаас 72-г нь МАХН эзэмшиж байв. Дараа нь мөн оны 7 сарын 26-нд ерөнхий сайд болж сонгогджээ. 2004 оны сонгуульд МАХН суудлынхаа бараг талыг алдаж, 2004 оны 8 сард сөрөг намуудтай эвсэлд орж 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан. Тэрээр 2005 оны 6 сарын 24-нөөс 2009 оны 6 сарын 18-ныг хүртэл Монгол улсын гуравдахь еөрөнхийлөгчөөр ажиллажээ.

 

2009 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялагдсан бөгөөд МАХН нэрээ сольж МАН болсны дараа бууриа сахин үлдэгсэд 2011 оны 1 сард МАХН-ыг дахин байгуулахад анхны даргаар нь сонгогдсон.

 

Гурван шатны шүүхээс хорих ялаар шийтгүүлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 401-р ангид хоригдон улмаар Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр суллагдсан юм. Түүнийг шүүхээс ял авснаасаа хойш яг нэг жилийнхээ ойн дээр ийнхүү суллагдсан нь олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, одоогоос нэг жилийн өмнө буюу

 

2012 оны наймдугаар сарын 1-нд Н.Энхбаярт авилгалын хэргээр түүнд анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож тэрбээр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 401-р ангид хоригдож, хоригдож байхдаа хуурай өлсгөлөн зарласнаас биеийн байдал нь муудаж Клиникийн нэгдсэн 2-р эмнэлэгт эмчлүүлж байгаад 2013 оны 8 сарын 1 ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх зарлиг гаргаснаар Н.Энхбаяр суллагджээ.

Энхбаяр Намбарын
Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Намбарын Энхбаяр
Дахин байгуулагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр
2013,08,01 өдөр Н.Энхбаяр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарилгаар хорих 401-р ангиас суллагдав