Э
Элбэгдорж Цахиагийн
Элбэгдорж Цахиагийн

 

Монгол улсын дөрөвдахь ерөнхийлөгч

 

Цахиагийн Элбэгдорж нь Монгол Улсад ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж, 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын замаар ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг. Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий Сайдаар хоёр удаа, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар нэг удаа, УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр гурван удаа тус тус сонгогдон ажилласан бөгөөд Монгол улсын одоогийн Ерөнхийлөгч. Тэрбээр ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг либeртари улс төрч.

 

Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд Монголын Цахиа, Хонинхүү нарын гэрт 1963 оны 3 дугаар сарын 30-нд тэдний найм дахь бөгөөд отгон хүү нь болон мэндэлжээ. Элбэгдоржийн эцэг, эх тэр үеийн Монголын хүн амын ихэнхийн нэгэн адил малчин ард байсан тул тэрээр багадаа ишиг, хурга, тугал, унагатай тоглож, тэднийг арчилж, тордохын зэрэгцээ бусад хүүхдүүдтэй мориор уралдаж тоглож өсчээ. Зэрэг сумынхны дурсан ярьдгаар Элбэгдоржийн ээж Хонинхүү нь туульс хайлдаг, ерөөл магтаал сайхан хэлдэгээрээ нутаг усандаа нэр хүндтэй тул Зэрэг сум болон ойр сумынхан цэрэгт явах, хол газар одохын өмнө Цахиагийн гэрт бууж, Хонинхүүгийн мэргэн цэцэн сургаалийг сонсоод мордох дуртай байв. Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд бага, дунд сургуулиа Онц дүнтэй төгсчээ. Түүнийг 16 настай байхад гэр нь Эрдэнэт хот руу нүүж, тэрбээр Эрдэнэт хотод 10-р ангиа Онц дүнтэйгээр 1981 онд төгссөн байна. Социализмын үед их, дээд сургуулийн элсэлтийн хуваарийг Төлөвлөгөөний комиссоос мэргэжил тус бүрээр аймаг, хотод хуваарилдаг байлаа. Элбэгдоржийн хүсэн мөрөөдсөн сэтгүүл зүйн ангийн конкурсын хуваарь тэр жил төвөөс Эрдэнэт хотод ирсэнгүй. Сэтгүүлч болохоор сэтгэл шулуудсан Элбэгдорж ирэх жилийн конкурсыг хүлээхээр шийдэв. Энэ хугацаанд тэрбээр аав, ээждээ туслахаар Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт түр ажиллаад удалгүй засварчин болж, тун удалгүй тушаал дэвшин машинист болж ажиллажээ. Ажиллах хугацаандаа цэрэгт татагдаж нэг жил цэргийн алба хаав. Цэргийн албыг үлгэр жишээ хааж, "Улаан Од" сонинд шүлгүүд нь хэвлэгдсэнийг Батлан Хамгаалах Яaмны өндөр албан тушаалын хүмүүс үзээд Элбэгдоржийг тус яаман дээр дуудаж, түүнээс шалгалт авчээ. Шалгалтын үр дүнд Элбэгдорж Батлан Хамгаалах Яaманд ирсэн Зөвлөлт Холбоот Улсын Цэрэг, Улс Төрийн дээд сургуулийн хоёр хуваарийн нэгийг авсан байна. Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Львов хот дахь Цэрэг, Улс Төрийн Их сургуулийг Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй, Онц дүнтэйгээр 1988 онд төгсчээ. Мөн тэрбээр Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Бүүлдэр хот дахь Колорадогийн Их Сургуулийн Эдийн засгийн институтыг Онц төгссөн байна. Дараа нь Элбэгдорж АНУ-ын Харвардын Их Сургуульд тус сургуулийн бүрэн тэтгэлэгтэйгээр суралцаж, Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн төр засгийн дээд сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэйгээр 2002 онд төгсчээ.

 

Ардчилсан хөдөлгөөн

 

Цахиагийн Элбэгдорж нь анхны ардчилсан хөдөлгөөний партизануудын нэг болж амь биеэ хайрлалгүй, хүмүүсийг зохион байгуулж, жагсаал цуглаан хийж, Монголын төр засгийн коммунист дэглэмийг цус урсгалгүйгээр 1989 онд төгсгөл болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Коммунист төр засгийн эсрэг Элбэгдоржийн гол шүүмжлэл нь ардчилсан нийгэм, үг хэлэх эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засаг Монгол оронд хэрэгтэй гэсэн бөгөөд Монголын коммунист төр засаг эдгээрийг дэмждэггүй байв. Элбэгдорж болон Монголын коммунизмын эсрэг хувьсгалын удирдагчид, дэмжигчдийн ачаар Монгол улс төв Ази дахь анхны ардчилсан орон болсон юм. Олон улсын ухаантнууд болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Элбэгдоржийг "Монголын Томас Жефферсон" гэж АНУ-ын тусгаар тогтнолыг тунхаглагчдын нэг, ардчиллыг үндэслэгч эцэгтэй зүйрлэн нэрлэдэг.[2] Монголын Залуучуудын эвлэлийн их хурлын индэр дээр хэлсэн үгнийхээ төгсгөлд анх удаа Монголд ардчилал хэрэгтэй байгаа тухай ярьж, түүнийг бий болгоход залуусыг уриалан дуудаж, хамтарч ажиллах санал тавьсан. Хурлын дарга Элбэгдoржийн яриаг тасалж, ийм зүйл ярьж болохгүйг сануулж байжээ. Энэ бол 1989 он буюу Монгол Улс коммунист орон болоод 68 жилийг туулаад байсан бөгөөд тэр үед хоёр хүний нэг нь коммунист Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН)-ын албан бус тагнуул байв. Тэдний матаасаар МАХH, Улс Төрийн Товчоо коммунизм, социализмаас өөр үзэл бодол илэрхийлсэн хүмүүсийг шийтгэдэг, цөлдөг байлаа. Тус хурлын завсарлагаар хоёр залуу Элбэгдоржтой уулзсан бөгөөд тэр гурав ардчилсан хөдөлгөөн байгуулахаар тохиролцож, энэ тухай нууцаар залуучуудад зар тараахаар болжээ. Тэр гурав бусад арван залуусын хамт хожмоо Монголын ардчилсан хувьсгалын арван гурван удирдагч гэж нэрлэгдэх болсон юм. Тэр үед Элбэгдорж "Улаан Од" сонины сурвалжлагчаар ажиллаж байсан бөгөөд Залуучуудын эвлэлийн их хуралд оролцсоны дараа ажилдаа ирэх үед нь Элбэгдоржийн "буруу үйлдэл"-ийн тухай хурлын даргын үг аль хэдийнээ сонинд нь хүрсэн байв. Тус сонины эрхлэгч Элбэгдоржийг ажлын гадуур ямар нэг үйл ажиллагаанд оролцож, коммунист, социалист чиг шугамаас гажсан зүйл хийвэл ажлаас нь хална гэж сануулжээ. Тухайн үед Монгол дахь цорын ганц залуучуудын байгууллага байсан Монголын Залуучуудын Эвлэл нь Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН)-ын харъяа байгууллага байв. Анхааруулга авсан хэдий ч Элбэгдорж ба түүний нөхөд бусад залуустай Монгол Улсын Их сургуулийн дугуй танхимд нууцаар цугларч, тухайн үеийн хаалттай сэдэв болох ардчилал, чөлөөт зах зээлийн тухай юу мэдэхээ хэлэлцэн ярилцаж, ардчилсан хөдөлгөөн зохион байгуулах төлөвлөгөө зохиож эхэлжээ. Тэд олон удаа уулзаж, шинэ найз нөхөд, шинэ дэмжигчдийг өөрсөдтэйгээ нэгдүүлэхээр дагуулж ирж байв. Нэг шөнө тэд нээлттэй цуглаан зохион байгуулах тухай зарлалаа гудамжинд шонгийн моднууд дээр наасан байв. 1989 оны 12 дугаар сарын 10-ны жихүүн хүйтэн өвлийн өглөө Монголын Залуучуудын Эвлэлийн байрны өмнө ардчиллын төлөө анхны олон нийтийн цуглаан болов. Хүмүүс цугларахад тус цуглааныг зохион байгуулагчдын нэг Элбэгдoрж микрофон аваад, Монголд Ардчилсан хөдөлгөөн байгуулагдаж байгааг зарлан тунхагласан. Тус хөдөлгөөнөөс удалгүй Ардчилсан Холбоо байгуулагдав. Ардчилсан Холбоо нь Монголын анхны төрийн бус ардчилсан байгууллага бөгөөд Элбэгдорж үндэслэн байгуулагчдын нь нэг юм. Тухайн үеийн Монголын төрийн дээд гүйцэтгэх байгууллага болох МАХН-ын Улс Төрийн Товчооны зүгээс шийтгэх, цөлөх, хэлмэгдүүлэх ихээхэн магадлалтай байхад ардчиллыг дэмжигчид улам олон жагсаал цуглаан зохион байгуулж байв. Монгол орноо ардчилсан нийгэмтэй болгохыг зорьсон Ардчилсан хөдөлгөөнийг монголчууд дэмжиж, тус хөдөлгөөн нь аймаг бүрт салбартай Монгол улс даяaр давалгаалсан хөдөлгөөн болон хувирав. Ардчилсан хөдөлгөөн жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулж, олон аймагт Ардчилсан хөдөлгөөнийг дэмжсэн багш ажилчдын ажил хаялт болов. Энэ бүх дарамт шахалтаар есөн гишүүнтэй МАХН-ын Улс Төрийн Товчоо ардчилсан хөдөлгөөний удирдагчидтай уулзаж хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн. Элбэгдорж хэлэлцээ хийгчдийн нэг байсан бөгөөд хэлэлцээний дараа Улс Төрийн Товчооны дарга Жамбын Батмөнх Улс Төрийн Товчоог татан буулгах шийдвэр гаргаж, Улс Төрийн Товчоо татан буугдсанаар Монгол Улс Ардын их хурал байгуулах боломжтой болж, Ардын Их Хурал нь хүний эрх, ардчилал, эрх чөлөөг баталгаажуулсан Монгол Улсын Үндсэн хуулийг баталсaнaap Монгол орон ардчилсан орон болсон.

 

Монгол улсад ардчилсан нийгмийн тогтолцоог бий болгоход оруулсан хувь нэмэр

 

Цахиагийн Элбэгдорж Монголын анхны бие даасан сонин болох "Ардчилал" сонинг 1990 онд үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажилласан. Чөлөөт хэвлэлийг анх үүсгэн бий болгож, хамгаалсан үйл хэргийг нь үнэлж Монголын Сэтгүүлчдийн нийгэмлэгээс Элбэгдоржийг "Хэвлэлийн Эрх Чөлөөний Одон" -гоор 2000 онд шагнажээ. Элбэгдoрж aрд түмнээсээ сонгогдон Ардын Их Хурлын депутатаас эхэлж нийт гурван удаа УИХ-ын гишүүнээр 1990-2000 онд ажилласан байна. Тэрбээр хүний эрх, aрдчилал, эрх чөлөөг тунхаглан баталгаажуулсан Монгол Улсын шинэ Yндсэн Хуулийг боловсруулан батлалцсaн юм. Монгол дахь хамгийн анхны бие даасан телевиз болох Монгол, Америкийн хамтарсан Ийгл телевизийг Элбэгдорж 1995 онд үүсгэн байгуулалцсан байна. Коммунист он жилүүдэд МАХН-ын засаглалаас өөр үзэл бодолтой, шашинтай байснаас нь болж хэлмэгдүүлж, устгасан 37000 гаруй хэлмэгдэгсэд, болон тэдний ар гэрийнхнээс Монгол Улсын төр уучлал хүсэх арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга байхдаа Элбэгдорж санаачилж, хэрэгжүүлсэн юм. Сталины үеэс эхэлсэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, ар гэрт нь нөхөн олговор олгох, нэр төрийг нь сэргээж, цаашид хүний эрх зөрчихийг хориглосон Цагаатгалын тухай хуулийг батлахад Элбэгдорж гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Элбэгдoрж анхны Аж ахуйтны нийгэмлэгийг үүсгэн байгуулсан бөгөөд тус байгууллага 1991 онд малчид нэгдлээс өөрсдийн хөрөнгө болох малаа хувьчилж авахад нь малчдад тусалсан. Малыг хувьчилж, малчдыг хөрөнгөтэй болгосны ачаар Монгол Улсад социалист он жилүүдэд хэзээ ч 25 саяд хүрч үзээгүй таван хошуу малын тоо толгой мал хувьчлагдсанаас хойш богино хугацаанд 30 саяд хүрсэн билээ.

 

Ерөнхий сайд Элбэгдорж

 

Монголын түүхэнд Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан хоёрхон хүний нэг нь Цахиагийн Элбэгдорж юм. Ардчилсан намын даргын хувьд Элбэгдорж Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Намын "Ардчилсан Холбоо Эвсэл"-ийг хамтран удирдаж, тус эвслийг 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд түүхэн ялалтанд хүргэсэн билээ. Элбэгдорж УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар 1996-2000 онд, УИХ-ын дэд даргаар 1996-1998 онд тус тус ажилласан. 1998 оны 4-р сард Элбэгдорж Монголын сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайдаар сонгогдсон. Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Элбэгдорж улс үндэстний хэмжээнд тулгамдсан улс төр, эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх амин чухал алхмууд хийсэн бөгөөд Монгол улсын нээлттэй гадаад бодлогыг тууштай үргэлжлүүлсэн. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлагчдын нэг нь Элбэгдорж бөгөөд тэрбээр тус хуулийг 1998 онд батлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тус хууль дээр тулгуурлан батлагдсан дараагийн хуулиар улсын мэдлийн өдөр тутмын сонингууд болох "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонинуудыг төрөөс шууд хянадгийг нь зогсоож, олон нийтийн сонин болгосон хууль гарсан. Ардчилсан тогтолцоог Монгол улсад бий болгож, бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүч чармайлтыг нь үнэлж Элбэгдоржийг Эрх чөлөөний одонгоор шагнажээ. Эхний удаа Элбэгдорж 8 сар Ерөнхий сайдаар ажилласан бөгөөд Ардчилсан намын дараагийн гишүүн 1998 оны 12-р сараас үргэлжлүүлэн тус албан тушаалыг хашжээ. Монгол Улсын Ерөнхий сайдаар Элбэгдoрж хоёр дахь удаагаа 2004 оны 8-р сарын 20-нд сонгогдсон. Энэ нь улс төрийн хоёр гол эсрэг, тэсрэг хүч болох ардчилсан намуудын эвсэл, экс-коммунист МАХН хоёр 2004 оны УИХ-ын сонгуульд тэнцүү суудал авсны дараа бий болсон их эвслийн засгийн газар байв. Хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллахдаа Элбэгдорж Монголын хөгжилд хамгийн том тээг саад болоод буй авилгал, ядууралтай дайн зарласан юм. УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр 2005 оны 4-р сарын 8-нд "Бид авилгалын учир шалтгаан, эхийг мэдэж, авилгалыг бульдозeрдoнo" гэж хэлсэн шигээ Элбэгдoрж авилгалын эсрэг шаргуу тэмцсэн. 2005 оны 11-р сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Уокер Буш Монгол Улсад айлчилж, Төрийн ордонд монголчуудад хандан үг хэлэхдээ Монголын ардчиллыг, Монголд ардчилал авчирсан залуусын үйл хэргийг магтаж, энд Монгол Улсын Ерөнхий сайд Элбэгдoржийг онцлон дурьдсан юм. [3] АНУ-ын Эн Би Си телевизийн Ньюс нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Элбэгдорж "Бид (Монгол Улс) терроризмтай тэмцэх дэлхийн хүч чармайлтанд хувь нэмрээ оруулахыг чармайж байна" гэжээ. [4] Хэдий тийм боловч тэрбээр "терроризмтай тэмцэх" нэрээр улс орнууд өөрийн ард түмний эсрэг "эрс ширүүн арга хэмжээ" авахын эсрэг анхааруулсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди "Берлины иргэн" болсоны адил "2001 оны 9-р сарын 11-ний дараа бид бүгдээрээ Нью-Йоркчууд болсон" гэж Элбэгдорж 2001 оны 10-р сард Нью-Йорк хотод болсон Төрийн бус байгууллагын Дэлхийн нийгэмлэгийн "Дэлхий дахь хүчирхийлэл: Хямрал ба итгэл найдвар" хурал дээр олон улсын төрийн бус байгууллагуудын удирдлагууд, улс орны удирдагчид байсан хүмүүст хандан хэлсэн байна. [5] Элбэгдoрж Монгол орныг цөлжилтөөс сэргийлж, байгалиа хамгаалж, агаарын бохирдлыг багасгахын тулд мод тарих Ногоон хэрэм хөтөлбөр санаачилжээ. Элбэгдорж Европын Холбоотой Чөлөөт худалдааны гэрээ байгуулж, Монголын бүх бүтээгдэхүүн Eврoпын улсуудад татваргүйгээр экспoртлoгдох болсон. Тэрбээр мөн дотоодын үйлдвэрлэгчдээ идэвхтэй дэмжсэн юм. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээндээ авах ёстой лиценз, болон үйлдвэрлэл явуулахад шаардагддаг байсан хэт олон тогтоол журмуудыг Элбэгдорж цөөлсөн. Өмнө нь дотоодын үйлдвэрлэгчдэд ялгавартай хандан, цөөн компанийг "ногоон гэрэл" -ийн компаниуд хэмээн зөвхөн тэдгээр компаниуд гаалийн татваргүйгээр хэрэгцээтэй эд анги, тоног төхөөрөмж импортлодог байсан бол Элбэгдoрж бүх дотоодын үйлдвэрлэгчдэд бүгдэд нь ижил "ногоон гэрэл" өгч дүрэм журмуудыг өөрчилсөн. Элбэгдoржийн Засгийн газар Монгол орны айл бүрийг компьютeржүүлж, 1 төгрөгний үнэтэй интeрнeтээр хангах ажлыг санаачлан эхлүүлсэнэээр саяхныг хүртэл хүн амын цөөхөн хувийн хэрэглээ байсан компьютер бүх нийтэд хүртээмжтэй болох үүд хаалга нээгдсэн. Элбэгдорж техник мэргэжлийн сургууль, тусгай мэргэжлийг хүчтэй дэмжих замаар ажилгүйдлийг ихээхэн бууруулсан билээ. Дунд сургуульд орос хэлний оронд англи хэлийг хоёр дахь хэл болгон өөрчилж, Монголын эдийн засагт түүхэнд хамгийн их орлого цуглуулж, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох ажлыг эхлүүлж, өндөр настны тэтгэврийг өндөр хувиар нэмэгдүүлсэн. Хархорин хотыг соёлын болон аялал жуулчлалын төв хот болгон хөгжүүлэх санаачлагад тэрбээр жинтэй үүрэг гүйцэтгэж ирлээ. Элбэгдорж төрийн хяналттай Монгол телевиз, Монголын радиог олон нийтийн статустай, төрийн хяналтгүй болгох хуулийг санаачлан, УИХ-ын даргатай хамтран УИХ-д оруулсан нь хууль болон 2005 онд батлагдсан. Элбэгдoржийн Засгийн газар Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан чөлөөтэй зохион байгуулахыг зөвшөөрөн хуульчилсан хуулийн төслийг УИХ-д санаачлан оруулсан нь хууль болон батлагдсан. Өмнө нь Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийх нь хуулиар зөвшөөрөгдөөгүй байсан юм.

 

Хоёр дахь удаагаа ялагдсан нь

 

2005 оны 8 дугаар сард болсон УИХ-ын 65-р тойргийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас Цахиагийн Элбэгдорж, МАХН-аас Миеэгомбын Энхболд нар болон бусад намаас болон бие даан нэр дэвшигч нар нэр дэвшсэн байв. [6] Сант Марал сан болон өдөр тутмын сонингуудын мэдээлж байснаар сонгуулийн өмнө хийгдсэн санал асуулгуудаар Элбэгдорж үнэмлэхүй ялалт байгуулах нь тодорхой байв. Энэ үед МАХН Ардчилсан намтай гэрээ байгуулсан. Тус гэрээгээр УИХ-ын гишүүний суудлыг Миеэгомбын Энхболдод өгөхийн тулд Элбэгдоржийг сонгуулиас нэрийг нь татуулж, оронд нь МАХН Элбэгдоржийн их эвслийн засгийн газраас хугацааг нь дуустал гарахгүй байхаар тохирсон. Байгуулсан гэрээгээ биелүүлж Элбэгдорж УИХ-ын 65-р тойргийн сонгуульд нэр дэвшигчээс нэрээ татсан нь Миеэгомбын Энхболдыг Элбэгдоржийн оронд УИХ-ын гишүүн болох бололцоог олгосон. Хэдий тийм боловч МАХН Ардчилсан намтай байгуулсан гэрээгээ зөрчиж Элбэгдоржийн Засгийн газрыг орхисон нь УИХ Засгийн газрыг унагаж, Элбэгдоржийг Ерөнхий сайдаас 2006 оны 1-р сарын 13-нд огцруулахад хүргэсэн. Дэлхий дахинд таран суугаа монголчуудын Цахим Өртөө Холбоо "УИХ-аас гаргасан Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл" гэж үзэж мэдэгдэл гаргасан бөгөөд тус холбоо олон улсын холбогдох байгууллагуудад тухайн хууль зөрчсөн үйлдлийн талаар танилцуулах процесстоо байгаа. Монгол Улсын Их сургуулийн Хуулийн тэнхимийн багш Тэмүүжин ижил утгатай өргөдөл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан. "Монгол Улсын Их Хурлын шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р заалтын 1-6 дахь хэсгийг зөрчиж, Улсын Их Хуралд огцрох өргөдөл өгсөн Их эвслийн Засгийн газрын МАХН-ын 10 гишүүнийг огцруулахын оронд УИХ эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Элбэгдоржийн Засгийн газрыг унагасан" гэж тэд үзэж байгаа юм. [7] 2004 оны УИХ-ын сонгуульд 50, 50%-ийн тэнцүү санал авсаны дараа их эвслийн засгийн газар байгуулахын тулд Ардчилсан намтай байгуулсан гурван гэрээгээ гурвууланг нь МАХН зөрчсөн. Иргэний хөдөлгөөнүүд болон монголчууд Элбэгдоржийн Засгийн газрыг унагасан МАХН-ын шийдвэрийн эсрэг маш олон хүчтэй эсэргүүцлийн цуглаан, жагсаал хийсэн юм. [8] Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан шалтгааны талаархи асуултад МАХН гадаадын хэвлэлд хариулахдаа "Элбэгдорж авилгалтай хангалттай тэмцэж чадаагүй" гэсэн бол МАХН-ыг шүүмжлэгчид хэлэхдээ "МАХН өөрийнх нь булхай, авилгалыг илчлэх албан ёсны авилгалтай холбогдсон шалгалтуудыг хийлгэхгүйн тулд МАХН зориудаар Элбэгдоржийн засгийн газрыг урьдчилан унагасан" гэж Вьюс Ваэйрт бичжээ. [9] АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг USAID -ын тайланд МАХН-ын өндөр албан тушаалтнууд авилгалд гүнзгий хутгалдсан гэж онцлон тэмдэглэсэн байна. [10] Элбэгдорж эсрэгээр нь авилгалтай хатуу тэмцэж байв. [11] МАХН-аас томилсон Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар авилгалын үйлдэл дээрээ баривчлагдсан бөгөөд тэрбээр авилгалын сүлжээнд МАХН-ын удирдлагууд түүний гол сүлбээтэн хэмээн мэдэгдээд байсан тухай сонин хэвлэлүүд мэдээлж байсан. МАХН-ын удирдлага Х.Баатартай уулзсаны маргааш өдөр МАХН Элбэгдоржийн их эвслийн засгийн газраас гарах шийдвэрээ гаргасан. [12] МАХН-ын энэхүү шийдвэр нь Улаанбаатар хотын сангуудад санхүүгийн шалгалт хийж эхлэхтэй мөн зэрэгцэн тохиосон бөгөөд, Улаанбаатар хотын захирагчаар сүүлийн долоон жилд Миеэгомбын Энхболд ажиллаж байх хугацаанд газартай холбогдсон авилгалын шуугиан дээд цэгтээ хүрээд байсан юм. АНУ-ын "Мянганы Хөгжлийн Сан"-гаас Монгол улс Элбэгдoржийн Засгийн газрын үед анх удаа 212 сая ам.долларын тусламж авахаар болсон. Ц.Элбэгдoрж Монгол улсын зардлаар өндөр хөгжилтэй оронд суралцах оюyтан залуусын тоог олон дахин нэмэгдүүлж, ашигт малтмал ашиглуулсанаас авах төлбөрөөс сан байгуулж ард түмнийхээ нийгмийн асуудлуудад зориулах ажил эхлээд байв. Элбэгдoрж АНУ-д уригдаж, 2006 оны 2-р сард Монгол улс болон монголчуудад нааштай олон багц гэрээ хийхээр хоёр орон төлөвлөж байлаа. Мөн 2006 оны 1-р сарын 26-28-нд болсон Дэлхийн удирдагчдын Давосын уулзалтанд уригдcан хоёр дахь Монгол хvн болсон Элбэгдoржийг тэнд мөн олон гэрээ хэлэлцээр хүлээж байв. Энэ үед 2006 оны 1-р сарын 11-нд МАХH-ын Удирдах Зөвлөл Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж, үүний дагуу 2006 оны 1-р сарын 13-нд Элбэгдoржийн хоёр дахь засгийн газрыг УИХ дахь МАХH-ын гишүүд болон Ардчилсан намын дөрвөн гишүүний саналаар огцруулав. Элбэгдoрж "Бид (ардчиллыг дэмжигчид) олуулаа болоод эргэж ирнэ" хэмээх алдарт амлалтаа хоёр дахь удаагаа УИХ-ын индэр дээрээс Засгийн газрыг нь унагасны дараа хэлсэн. Тэрбээр энэ амлалтыг анх 1994 онд УИХ-ын 76 гишүүний 70 нь МАХH-аас сонгогдсон гишүүд байж тэд Элбэгдoржийн ардчилсан бодлогыг асар их эсэргүүцэж байх үeд УИХ-ын гишүүнээс татгалзахдаа хэлсэн юм. Элбэгдорж амлалтаа биелүүлж Ардчилсан нам, түүний "Ардчилсан Холбоо Эвсэл" -ийг удирдалцаж, тус эвсэл 1996 оны УИХ-ын сонгуульд ялсан билээ.

 

2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль

 

2009 онд Монгол улс 5 дахь удаагаа ерөнхийлөгчөө сонгох сонгууль болов. Үүнд Ардчилсан нам Ц.Элбэгдоржийн нэрийг дэвшүүлэн, парламентэд суудалтай Ногоон Нам, Иргэний Зориг Намууд түүнийг дэмжин оролцохоо илэрхийлэв. Тэрээр үүргээ гүйцэтгэж буй ерөнхийлөгч Намбарын Энхбаяртай өрсөлдсөн юм. Хэдийгээр сонгуулийн сурталчилгааны үеэр түүнийг Шинжаанаас дүрвэж ирсэн цагаач гаралтай, Өмнөд Солонгосын шашны байгууллагаас хандив авсан гэх мэтээр муулсан сөрөг сурталчилгаанууд явагдаж байсан ч 2009 оны 5 сарын 24-нд болсон сонгуулийн урьдчилсан дүнгээр 51.24 хувийн санал авч[13], ялалт байгуулах нь тодорхой болоод байна. Ц.Элбэгдорж 8 аймаг болон нийслэлийн 7 дүүрэгт өрсөлдөгчөөсөө илүү санал авсан бөгөөд сонгогчдын бараг тал нь төвлөрсөн нийслэл хотод байгуулсан ялалт нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад түлхэц болов. Тэрээр 2009 оны 6 сарын 18-ны өдрийн 12:06 цагт тангараг өргөж, албан ёсоор Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсон. билээ.

 

 

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нартай өрсөлдөж  Монгол Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал буюу 622.794 санал, (50,23 хувь) ялалт байгуулжээ.

 

Ном бүтээл

 

Цахиагийн Элбэгдоржийн Үнэний мөр цагаанАчаа үүрсэн он жилүүд номууд Улаанбаатар хотод 2000 онд хэвлэгдсэн. Түүний 112 өгүүлэл, 85 хэлсэн үг, 57 ярилцлага 1985-2002 онд хэвлэгдсэн байна.

Монгол Улс: Уулыг хөдөлгөх нь, Цахиагийн Элбэгдорж, Вашингтон Пост сонин, АНУ, 2005 оны 11-р сарын 21, англи хэлээр.

Ойрхи Дорнодод Монгол Улс юу зааж чадах вэ, Цахиагийн Элбэгдорж, Гадаад бодлого сэтгүүл, АНУ, 2011 оны 04-р сарын 06, англи хэлээр.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим сүлжээ

2. Монгол Улсын Ерөнхий Сайд

3. Захчин

Элбэгдорж Цахиагийн
Монгол Улсын 4 дэх ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
Монгол Улс ардчилсан ерөнхийлөгчтэй болов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архи биш сүү өргөхийг уриалав.
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж