Эгэл Гаймуу

 

Эгэл Гаймуу. Латинаар: Capsella bursa pastoris L нь Тоонолжин цэцэгтэний (Brassicaceae) овогт багтана. 20-30 см өндөр ургадаг энгийн буюу заримдаа салаалсан иштэй, нэг наст өвслөг ургамал. Нарийхан ээрүүл хэлбэрийн үндэстэй. Ишний угийн навчис нь гонзгойвтор юлдэн хэлбэртэй, зах нь өдлөн хуваагдсан буюу ухагдсан шүдлэг байдаг бол ишний навчис нь захтай сум хэлбэрийн сууртай юлдэн хэлбэртэй байна.

 

Урт шилбэтэй бүдэг цагаан өнгийн жижиг цэцгүүд ишний оройд бөөгнөрч цацаг багийг үүсгэнэ. Урт цэцгийн бариул дээр 4,5-6 мм өргөн, 6-8 мм урт үр жимс бэхлэгдсэн байна. Орой дээрээ жижиг сэтэрхийтэй урвуу гурвалжин хэлбэртэй гэрцэгтэй.

Манай орны Хангай, Монгол Дагуур, Ховд, Монгол – Алтайн тойргуудад голын эрэг, замын даруу, тариалангийн талбай, орон байрын орчмоор ургана. Эгэл Гаймуу өвсөнд алим, нимбэг, усан үзмийн хүчлүүд, фитонцид, холин, ацетилхолин, тирамин, аргаах бодис агуулагдана. А, В, С амин дэм агуулагдах бөгөөд цэцэглэх үед С амин дэмийн хэмжээ 1050 мг% хүрнэ. Үрнээс нь 28% хүртэл өөх тос гарна.

 

Гаймууны өвс – Herba capsellae Гаймуугийн ишний угийн навч нь 1-2 см өргөнтэй, 4-7 см урттай гонзгой юлдэн хэлбэртэй өдлөн хуваагдсан буюу ухагдсан захтай байна. Ишнийх нь бүтэн захтай, сум хэлбэрийн цацаг багцагтай. Өвс нь сулхан үнэртэй, гашуун амттай байна. Гаймууны өвснөөс бэлтгэсэн галены бэлдмэлүүд нь цус тогтоох, умай булчингийн агшилт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хүчжүүлэх нөлөөтэй. Ус спиртийн хандыг нь даралт бууруулахад ашиглана.

Эгэл Гаймуу
Эгэл Гаймуу