Эвэрлэг хайл

 

Хайл буюу Эвэрлэг мод, эвэрлэг хайл хэмээн нэрлэнэ. Латинаар: Fagus ( L., 1753). Эвэрлэг хайл нь ойролцоогоор 30 м өндөр, гол нь 2м хүртэл өргөнтэй ургадаг мод бөгөөд  өргөн навчит Хайл модны бүлд (Fagaceae) багтах бөгөөд уг модыг Оросоор: Бук, Германаар: Buche хэмээн нэрлэдэг нь ном гэсэн утгатай ажээ. Анх уг модны холтосыг ашиглан гар бичмэл ном бүтээж байснаас уг нэршил үүсчээ.

 

Нимгэн толигор саарал холтостой. Навчаа гөвөх бөгөөд навч нь 5-15 см урт, 4-10 см өргөн байдаг. Ойд ургасан хайл мод голдуу оройдоо навчтай доогуураа навчгүй цулгай байдаг.  

 

Хавар цэцэглэх бөгөөд 20-40 жилийн дараар үр жимс өгдөг бол бөөнөөрөө ургаж буй хайлс 60 жилийн дараа жимслэнэ. Жимс нь гурван талтай, ходоод хэлбэртэй,  10-15 мм хэмжээтэй байдаг. Үр жимсийг нь идэж болох бөгөөд Хайл модны самар хэмээн нэрлэх нь буй. Эвэрлэг хайл мод удаан ургах бөгөөд 400 жил түүнээс ч урт наслах ажээ.

 

Европд өргөн тархсан төдийгүй Ази тив, Хойд Америкд ургана. Эвэрлэг хайлс далайн түвшинээс дээш 2300м-т холимог ойд ургадаг. Ойн эвэрлэг хайл Евразид тов навчит хайл Хойд Америкд ургана. Энглерийн хайл Хятадад зэрлэг байдлаар ургах бөгөөд өндөр нь 20 м байдаг. Мексик хайл мод 40м хүртэл өндөртэй ургах бөгөөд навч нь шаантаг хэлбэртэй. Эвэрлэг хайлын Нотофагус хэмээх зүйл Австрали, Шинэ Гвинее, Шинэ Зеланд, Шинэ Каледони болон Өмнөд Америкд ургана. Дорнын хайл Кавказын уулаар ургадаг.

Эвэрлэг хайл мод нь өнгөлгөө сайн авдаг, тавилга хийхэд зохицсон түүхий эд болдог. Австри хайл модоор дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө 50 сая Веннийн алдарт матмал сандал үйлдвэрлэж байсан баримт байдаг. 

 

 

Нэг эвэрлэг хайл модноос наран цэцгийн самараас яльгүй том хэмжээтэй 90 мянга орчим самар хураан авч болох бөгөөд түүгээр сайн чанарын ургамлын тос, уураг, цардуул, сахар, үнэт хүчил гарган авна. Эвэрлэг хайлын самараар ундаа хийх бөгөөд энэ нь какаотай өрсөлдөхүйц амттай байдаг ажээ. Ашигласан самарын үлдэгдэл малын уураг сайтай тэжээл болно. Самарын хатуу хэсгийг боловсруулж түлш гарган авдаг. Модон эдлэл болон автомашины бүтээг, галт тэрэг, нисэх онгоцны тоноглол хийнэ. Анагаах ухаанд арьсны өвчинд тустай эм түрхмэл гарган авдаг байна.

Зүйлүүд:

  • Fagus chienii W.C.Cheng
  • Fagus crenata Blume Шүдэт хайл
  • Fagus engleriana Seemen -Энглерийн хайл
  • Fagus grandifolia Ehrh.- Том навчит хайл
  • Fagus hayatae Palib. - Тайваны хайл
  • Fagus japonica Maxim.- Япон хайл
  • Fagus longipetiolata Seemen - Өмнөд Хятадын хайл
  • Fagus lucida Rehder & E.H.Wilson - Гэрэлтэгч хайл
  • Fagus orientalis Lipsky - Дорнын буюу Кавказын хайл
  • Fagus sylvatica L.- Ойн хайл буюу Европ хайл
  • Fagus хtaurica Popl. - Крымын хайл буюу ойн хайл (Fagus sylvatica) Дорнын хайлын (Fagus orientalis) эрлийз зүйл

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Модны жагсаалт

Эвэрлэг хайл
Эвэрлэг хайл
Fagus. а. Навч болон үр жимс, б. Хайл модны ширхэг