Ш
Шудрага хөгжим (2)
Шудрага хөгжим (2)

 

Монгол үндэстний хөгжмийн зэмсэг

 

Монгол үндэстний эрт дээр үеэс уламжлагдан ирсэн хөгжмийн зэмсгийн нэгэн төрөл зүйл. Шудрага хэмээх нэр нь шударч тоглох гэсэн утга санааг илэрхийлэх ажээ. Ойрад Монголчууд "Модун шудрага" (Modun Shudraga) хэмээх хоёр чавхдаст хөгжим хэрэглэж байсныг үзвэл Шудрага хөгжим Модун хааны үеэс буюу Хүннүгээс үүдэлтэй болохыг илтгэж байна. Гарвалын хувьд Товшуур уг хөгжмийн өвөг нь юм.

 

Шудрага хөгжим Хубилай, Өгөөдэй хааны үеэс сонгодог хэв загвараа олсон бөгөөд Тогоонтөмөр хааны ордонд хэрэглэж байсан шударга хөгжмийн талаар Перс сурвалж бичигт Шидургуй (Shidurgui) нэрээр тэмдэглэн үлдээжээ.

 

Шудрага хөгжмийн зэмсгийн нэрийг анх 1382 онд Оюунгай, Маш-Их нарын зохиосон "Хуа и и нүн" хэмээх Монгол - Хятад толь бичигт дурьдсан ажээ. XVII зуунд Халимагт хэрэглэж байсан Шудрага (Kalmyk Shudraga) гурван чавхдастай байжээ.

 

 

 

Манж Чин улсын үеэс шудрагыг Хятадаар Сан Шиан (三弦 - Sānxián) буюу Гурван чавхдаст хэмээх бөгөөд хураангуйлж "Шианзи" (Монголчууд Шанз хэмээн дуудна) хэмээн нэрлэдэг. XIX зууны сүүлээр Нийслэл хүрээнд Шудрага хэмээн нэрлэхийн зэрэгцээ "Шанз" хэмээх Хятад нэрийг давхар хэрэглэж байжээ. Шудрага хөгжим нь толгой, иш, цар, чавхдас, чих (хөг тохируулагч), тэвх (чавхдас хөндийрүүлэгч), чавхдас бэхлэх уяа, цохиур зэргээс бүрдэнэ.

 

 

Тува буюу Тагна Урианхай шудрага (Tuvan Shudraga)

 

Шудрага нь түүхэн хөгжлийн явцад 2, 4, 3 чавхдастай байжээ. Орчин үеийн нь гурван чавхдастай бөгөөд хөглөгөөний хувьд ардын хэмээх бага наймцын си-бемоль-до-соль -оор хөглөдөг хөг, сонгодог буюу соль-ре-соль - оор хөглөгдөг хөгүүдтэй. Шудрагын дуугарах цараа нь бага наймцын соль-оос 3-дугаар наймцын соль хүртэл дуугарах ажээ.

 

Шудрага хөгжим нь хэдийгээр бага болон 1-р наймцын соль, ре, соль гэж хөглөгдөх боловч, бичигдсэн нотноосоо наймц дор дуугарна. Ардын, зохиолын, сонгодог бүтээлийн алинтай нь ч гоцлол, найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй нийлэн тоглох боломжтой, цоглог өнгө аялгуутай хөгжим юм.

Шудрага хөгжим (2)
Шудрага хөгжим (Shudraga)
Шудрага хөгжим (Shudraga)