Ш
Шиньжан - Уйгарын өөртөө засах орон
Шиньжан - Уйгарын өөртөө засах орон

 

Шиньжан.Хятадаар: 新疆 буюу Шиньжан - Уйгарын өөртөө засах орон буюу Хятадаар: 新疆维吾尔自治区, Уйгараар: شىنجاڭ ئۇيغۇر ئاپتونوم رايونی (Shinjang Uyghur Aptonom Rayoni)нь албан ёсоор 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүрэлдхүүнд багтсан бөгөөд тус улсын баруун хойд талыг эзлэн оршдог том өөртөө засах орон юм. Шиньжан 新疆 нь Хятадаар: шинэ хязгаар нутаг гэсэн утгатай үг юм. Газар нутаг-1,6 сая км кв, хүн ам 19,630 мян, 2005 оны байдлаар Шиньжан-Уйгурт 21 сая хүн амьдарч байна. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгарт амьдарч байна. Хүн амын эзлэх тоогоороо Хань, Уйгар, Хасагууд эхний гуравт орно. Мөн энд Дунган, Монгол, Киргиз, Сибо, Тажик, Узбек, Манж, Даур, Татар, Орос, Дунсян, Тузя, Жуан, Салар зэрэг үндэстэн бий. Энэ нутаг эртний мөхмөл соёл, бас саяхны мөхмөл үндэстний нутаг. Энд 50 гаруй мянган цэвэр Манж үндэстэн байдаг ч өөрсдийгөө Манж гэдгээ мартжээ.

 

 

Шиньжан нь Баруун хойд, хойд, зүүн хойд талаараа Киргизстан, Казахстан, Афганистан, Энэтхэг болон Пакистаны хяналтын Жамму-Кашмир, Ладак муж, ОХУ, Монгол улстай, дотооддоо Төвдийн автономит нутаг, Ганьсу, Цинхай мужтай хиллэнэ. Шинжиан-Уйгурын автономит нутаг засаг захиргааны төв хот нь Өрөмч юм. Өрөмч гэдэг нь Тэнгэр уулын мөнх цаст уулнаас эх аван урсдаг голын Монгол нэр юм. Өрөмч гэдгийг Зүүн гарын Монгол хэлээр "үзэсгэлэнтэй бэлчээр" гэсэн утгатай ажээ. Өрөмч хот нь Шинжиан-Уйгарын нийслэл төдийгүй, нийт Шиньжаны улс төр, эдийн засаг, соёл, мэдээлэл, технологийн төв юм. Энэ хот нь Шиньжаны зам харилцааны гол зангилаа хот төдийгүй Евроазийн эх газрын гүүр болж, Хятад улсын баруун талыг гадаададтай холбодог үүд хаалга юм.

 

Өрөмч хот нь Евроазийн эх газрын хэвлийд орших Тэнгэр уулын хойд бэл, Зүүн гарын хотгорын өмнөд захад оршдог. Далай түвшнээс дээш 680-920 м, эх газрын дундаж дулаан, хагас хуурай уур амьсгалтай, жилийн дундаж дулааны хэм 7.3С, унах хур тунадасны жилийн дундаж нь 236 мм, жилийн дундаж нартай өдөр 2775 цаг, шүүдэр буухгүй хоногийн тоо жилд дундажаар 105-168 хоног, хавар, намрын улирал харьцангуй богино, өвөл зуны улирал харьцангуй урт, дэлхий дээрх далайгаас хамгийн их алслагдсан хот ажээ. Тус хот одоогоор 7 дүүрэг,1 сумтай.Тэнгэр уул (Тяньшань), Шайбик, Шинэши (шинэ хот), Шуймогоү, Тоүдунхэ, Дуншань, Наньшанькуан зэрэг долоон дүүрэг 1 сумтай. Сумын нэр нь Өрөмч. Мөн улсын зэрэглэлийн 2 нээлттэй бүс байдаг.

 

Түүхэндээ Ази-Европыг холбосон торгоны их зам дайран өнгөрсөн Хятадын Их цагаан хэрмээс хойш нутаглах нүүдэлчин улс үндэстэн болох Хүннү, Түрэг, Уйгар, Кидань болон Монголын эзэнт гүрэний буюу Цагаадайн удмын улс болох Моголистаны эзэмшил зүүн, баруун, өмнөд, хойд Туркестан гэж задарсны хожим нь Зүүн Туркестан хэмээх Исламын шашинт улсын нийслэл нь Кашгарт төвлөрч байсныг 17-р зууны үед Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошигт хаан нэгтгэн авчээ.

 

Шиньжан гэдэг нэрийн түүхэн утга нь шинэ хязгаар нутаг гэсэн утгатай үг юм. 1755-1758 онд Монголын Ойрад-Зүүнгарын хаант улсыг мөхөөн дарж эзлэн авсан газар нутгаа "Элбэн дагуулсан Шинэ хязгаар" хэмээн нэрийджээ. Чингэхдээ 600 мянгаар тоологдож Монголчуудыг толгой дараалан хядаж хүн тeрeлхтeний тvvхэнд урьд сонстоогуй аймшигт бузар-яргалал (геноцид) үйлдэж уг нутаг оронд огт хүнгүй хоосон газар болсон бөгөөд хожим Уйгар, Хасаг, Киргизүүдийг сууршуулжээ. Уг хүйс тэмтрэлтээс зугтан гарсан цөөн Ойрад-Монголчууд Ижилийн Торгууд-Халимагууд руу зугтан очжээ. 1989 оны 5 дугаар сарын 16-нд ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Сергеевич Горбачев БНХАУ-д айлчлахад Дэн Сояпин Хаант Оросын үеэс эхлэлтэй 1.5 сая км.кв газар нутгийн маргааны асуудал (Нангиадууд урьд өгүүлсэнчлэн тухайн газар нутгийн эзэн улс-үндэстэн шунахай санаархлыг нь няцаах баримт нотолгоо гаргасан тохиолдолд маргаантай газар нутаг гээд бүрхэгдүүлэн орхидог башир аргатай ажээ. Мөн зарим ард түмний зүйр үгэнд хэдийн урилгагүй зочидийг тэр дундаа ирчихээрээ буцахаа мэддэгүй гийчин хэмээн хятадуудыг егөөддөг болсон байна.) байгааг сануулсан бөгөөд ОХУ-ын Амар мөрний сав, Даманийн хойг, мөн Балхаш нуурын дорнод этгээдийн томоохон газар нутгийн талаар дурдсан юм. Энэ бол Чин гүрний төгсгөл үед Оросууд Хятадаас хүчээр булаасан нутаг гэж үздэг ажээ. Өнөөдөр энэ нутаг Казахстаны нутаг болжээ. Харин сүүлийн үед Хятадын үндсэрхэг үзэлтнүүд энэ 1.5 сая хавтгай дөрвөлжин километр нутгийг “Гадаад Монгол” гэж ойлгуулахыг хичээж, “Дэн авгайн үхэшгүй гэрээслэл” гэх мэтээр сүржин нэрлэсэн өгүүлэл гаргаж байсан юм.

 

Хуучирдаггүй шинэ хязгаартай нь залгасан үндэсний цөөнхийн нь гал голомтыг сахисан улсууд бий болсонд Хятадууд түгшжээ. Казахстан, Киргиз, Тажикистан тусгаар тогтносон нь Хятадуудыг болгоомжлоход хүргэж байсан юм. Үүний улмаас 1990-ээд оны дундаас Хятадын Тан гүрний түүхийн судалгаа ихэд эрчимжиж, хятадын баруун хязгаараа бэхлэх үзэл суртлын зэвсэг болсон билээ. Чухам ийм шалтгаанаар “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх Хятадын үлгэр ихэд алдаршжээ. Тансан лам яагаад баруун этгээдээс Буддын шашин залж ирэв гэж гайхдаг, гэвч баруун этгээдэд Буддизм хүчирхэг байсны баталгаа нь хэдхэн жилийн өмнө Талибуудын дэлбэлж орхисон Афганистаны Бамиан дахь Бурхан багшийн хөшөө юм. Чухамдаа тун саяхан Тан гүрний үед л исламын шашин нүүдэлчдийн тал нутгийн хязгаарт нэвтэрсэн юм. Тан гүрэн элдэв бэлэг сэлт, шагнал, гүнж хатан өгөх, хэргэм зэргээр худалдан авч, өөртөө татаж нүүдэлчин аймгуудыг нэгийг нь нөгөөгөөр нь турхирах зэргээр тамирдуулсаар Түрэгийн хаант улсад цохилт өгч цагаан хэрмээс одоогийн Шиньжанаар дайрч Казахстаны хуучин нийслэл Алма-Атагийн ойролцоох Таласын хөндий хүртэл хил Түрэг аймгуудыг шахсан байна. Таласын хөндий бол Хятад болон дундад дорнын хил хязгаарыг тогтоох хоёр их тулаан болсон газар юм.

 

Шиньжан нь маш эртний түүхтэй нутаг. Нутгийн уугуул иргэд нь гарал үүслээрээ эртний Хүннү гүрнээс гаралтай бөгөөд Манай тооллын I зууны үед тэд Түрэг, Хиргис угсааныхантай холилджээ.

 

Эрт дээр цагт энэ нутгаар их торгоны замын чиглэл дайран өнгөрдөг байлаа. 1970-аад оны сүүлчээр Хятадын археологичид дэлхий дахинд Турфаны соёл гэж алдаршсан соёлын асар үнэт олдвор, хэдэн зууны турш хурааж хуримтлуулсан номын санг Таримын саваас нээсэн билээ. Хятадын баруун этгээдийн захын боомт Ланжоугаас гараад өмнөх зам нь Уйгарын Хотан Яркендаар дайрч Тэнгэр уулын даваагаар дамжиж өрнө зүгт лалын худалдааны хотуудад хүрдэг. Хойд зам нь Ланжоугаас хойд зүгт эргэж Куньлуны хойд сугаар ороож Таримын саваар дайрч гардаг юм. Шиньжан Уйгарын өөртөө засах орны хойд хэсэгт нь Зүүнгарын тал, өмнөд хэсэгт нь Кашгарын тал, төв хэсэгт нь Такла-Макан элсэн цөл бий. Эдгээр тал газрыг 7000 метрийн өндөр Тянь-Шаны нуруу (Тэнгэр уул) заагладаг. Мөн дээд Ил (Ил урсдаг ус гэсэн Монгол үг), Иртыш (Монголоор Эрчис мөрөн гэдэг) гол урсдаг. Ил, Эрчис мөрний сав, Тарвагатайн тал нутгийн сахлаг өвст бэлчээр бол Ойрад, Зүүнгарын хаант улсын гол цөм билээ.

 

Хан улс ар Хүннүгийн жижиг Шаньюйг (Хүннү) бутцохисноор баруун Хүннүчүүд өрнөд рүү нүүдэллэх эхлэлийг тавьжээ. Хан гүрэн үүнээс цааш давшаагүй билээ. Эртний Хятадын сонгодог зохиолын нэг алдартай Цай Ванжи гүнжийн “Хүннүгийн модон цуур” 12 шад шүлгийн түүх Өмнөд Хүннү Хан гүрний мэдэлд орсон ч Алтай-Тарвагатайд үлдсэн баруун Хүннүчүүд Хөх нуурт бэхэжсэн Хятадын бэхлэлтийг үе үе амжилттай уулгалж байсныг нотолдог юм. Ланжоугийн бэхлэлтийн захирагчийн охиныг нэгэн удаагийн довтолгооноор Хүннүгийн жижиг ноён олзолжээ. Тэр хүүхэн аав нь барьцаа төлж суллатал Хүннүчүүдийн дунд 12 жил амьдарсан бөгөөд “Нам гүм шөнөөр идээлсэн арьсны эхүүн үнэртэй хөнжилдөө шурган, ил галын дэргэд цугласан Хүннүчүүдийн модон цуур уйтай эгшиглэхийг сонсон өнгөрөөсөн 12 жилийнхээ тухай бичсэн байдаг. Тэрээр Хүннү ноёнд хоёр хүү төрүүлж өгсөн бөгөөд хүүхдүүд нь ээжтэйгээ бус аавтайгаа үлджээ.

 

Хятадууд эсвэл нүүдэлчид Хөх нуурт нэг л бэхэжсэн бол баруун талаа алс бэхэлж чаддаг нь геополитикийн хувьд нотлогдсон билээ. Тан гүрний үеийн гайхамшигт яруу найрагч Ли Байн их алдаршсан “Хөх нуурын эрэгт сар харан гиюүрч, дайнд явсан эргэж ирэхгүй нөхрөө хүлээсэн бүсгүйн тухай” уянгын шүлэг бий.

 

Өрөмчөөс 120 орчим километр зайтай Турфаны хөндийд байдаг одоо Жаохэ гэж нэрлэсэн жижиг голын шар шавраар бүтсэн аралд байсан 3500 цэрэг гаргах чадалтай Гүши хэмээх жижигхэн улсыг эрхшээлдээ авахын тулд Хан гүрэн, Хүннү гүрэнтэй хоёр зуун жил өрсөлдсөн юм. Хятадын арми давшихад Хүннүчүүд цөл дундуур усгүй газар руу дагуулан ухраад бүслэн хяддаг байжээ. Хүннүчүүд гардан тулаанд оролгүй алсуур бүслэн давхих зуур хол тусгалтай нумаар харван цөөрүүлсээр туйлдуулан ялдаг байв.

 

Хан гүрний цэрэг хүнс, усаа бараад Хүнчүүдийн харвасан сумыг эргүүлэн харвах бөгөөд морьд эзэнгүй хулжин одох нь олон ч эцэстээ Хятадууд үхэж дуусдаг байв. Энэ тактик бүр 1455 онд Түмогийн хөндийд Мин улсын Инзун хааныг олзлоход хүртэл үр дүнтэй хэрэгжиж байсан. Хаан Монгол эхнэр авч, тав гэзэг тавьж, хонь хариулдаг байв. Хонь хариулах гэснээс Хүннүчүүдэд хууртан мөрдөн хөөсөөр усгүй цөлд бүслэгдсэн Хятадын По ну жанжин өөрөө ус хайж яваад Хүнүчүүдэд олзлогдож, харин шаньюй түүнийг алсангүй, авъяас чадвартай жанжныг Хакасын захирагчаар томилсон байдаг. Харин түүний ах сул эр байжээ, Хүннүчүүдэд олзлогдоод хонь хариулан ядарч явахдаа шувуу тэжээж дүүдээ захиа илгээхийг оролддог байсан ч Хүнүчүүд тагнав хэмээн хардаж, захиаг нь олзлохын тулд шувуудыг нь харваад алчихдаг байсан гунигт түүхийг өгүүлсэн шүлэг мөн л Хятадын сонгодог зохиолд гардаг.

 

Олон зууны тулаанд эцэстээ Хятадууд ялжээ, Пону Хүннүд үнэнч байж, зоригт Хакасуудаа дагуулан Хан гүрний эсрэг тулалдаад дахин ялагдсан юм. Хятадууд Гүши хаант улсын Чеши хэмээн нэрлэжээ. Үүний дараа Хятадууд стратегийн ашигтай байршил олж авчээ. Дорнын Геродот гэгддэг алдарт аялагч Сыма Цянь Хүннү гүрний баруун этгээдэд байрладаг хүчирхэг гүрнийг хайх гэж гараад Хүннүчүүдэд олзлогдон 12 жил болсон юм. Тэгээд оргож Ром хүртэл аялахдаа газрын зураг үйлдсэн нь орчин үеийн газрын зурагтай тун ойролцоо байдаг. Нангиадууд 3000 жил оршин тогтнохдоо хязгаарлагдмал орон зайд л түр хүчирхэгжих чадалтайгаа харуулжээ.

 

Турфанд бэхэжсэн Хятадууд Хүннүчүүдийн баруун зүгийн улсуудтай харилцах замыг тасалжээ. Нангиадын хаадын он удаан жил үргэлжилсэн хутган үймүүлэх бодлогын үр дүнд дотоодын зөрчлөөс болж МЭӨ I зуун гэхэд Хүннүчүүд ихэд сульдсан байлаа. Ар Хүннүгийн Жижиг шаньюйд туслуулахаар Парфянчууд баруун зүгт хийсэн дайныхаа явцад Крассын гурвын холбооноос олзолсон легионыг илгээсэн байдаг юм. Жижиг шаньюйн бэхлэлтийг хамгаалж байсан ромчууд том дөрвөлжин бамбайгаа өргөн, богино жадаа сунган довтолоход Хятадууд өвөр Хүннү нартай хүч хавсран хатуу холхивч нумаар нягт жагсаалыг нь сарниулаад морин цэргээр хядчихсан байдаг юм. Жижиг шаньюй бууж өгөлгүй тулалдсаар алуулсан бөгөөд хүннү нар Дундад азийн гүн рүү ухран зугтсан байна.

 

Түрэгийн хаант улсийн хожуу үеийн хаант улс сэргэн мандсанаар Тан гүрний баруун жигүүрийг тас цохисон билээ. Манай эриний ҮII зуунд Уйгурын 9 овог аймаг нэгдэж, Түрэгийн хожуу хаант улсыг баруун зүгт шахаад 745 онд Уйгарын хаант улсыг байгуулжээ. Монголын тал нутаг дахь бусад гүрнүүдийг бодвол Уйгарууд гайхалтай номхон, соёлыг шүтэгч, суурин амьдрах эрмэлзэлтэй үндэстэн байсан юм.

 

Хэрлэн барс хотын туурь, Монголын нутаг дахь Уйгарын үеийн соёлын олдворууд нь үүнийг батална. Хянганаас Каспийн тэнгис хүрсэн нүүдэлчийн хоёр дахь гүрэн Түрэгийн омгорхлын дараа нүүдэлчид эрч хүчээ шавхсан мэт байлаа. Энэ соёлжингуй байдал нь Уйгаруудад урт бөгөөд зовиуртай амьдрал авчирчээ. Гэтэл бусад нүүдэлчид цахилгаан цахих мэт гялбаад мөхөж байв.

 

IX зууны үес Уйгар улс байгалийн гамшиг, дотоодын зөрчилдөөн, бусад нүүдэлчин овог аймгийн бослогоос уруудан доройтсон юм. 840 онд Уйгурыг Енисейн Хиргисүүд довтолж хөөжээ. Уламжлал ёсоор баруун зүгт нүүх учиртай байлаа, гэвч Хиргисүүд баруунаас довтолсон тул Уйгурын ихэнх баруун өмнөд зүг рүү дүрвэсэн байна. Төрөлх нутгаасаа дайжсан Уйгаруудад тэнгэр муу хувь оноожээ. Баруун урагш нүүснээр Уйгарууд Шиньжаны баян бүрдүүдэд тархан олон зуун жил нуугдах тавилан оноожээ.

 

Нүүдэллэн зугтсан Уйгарууд өнөөгийн Ганьсу мужийн нутагт Уйгарын Кянсу улсыг байгуулжээ. Харин баруун тийш нүүсэн цөөнх Уйгурууд нь Буддын Идикут улсыг байгуулжээ. Энэ улс урт настай байж, ойролцоогоор хагас мянган жил оршин тогтносон юм. Хожим Уйгурууд түрэгийн овог аймгуудтай хамтран Кашгарт нийслэлтэй Хараханид улсыг байгуулжээ.Ийнхүү IX зуунд эхлэн Уйгурын гурван улс байгуулагджээ.Тан гүрний үед ҮII зуунд гэнэт тэсрэн хүчирхэгжиж Персийг бутниргээд тэр эрчээрээ дорно зүгт зүтгэсэн Араб-Мамлюкууд энд Хятадуудтай тулсан юм.

 

Хятадын армийг Солонгос гаралтай Као Шичен командалж байжээ. Хоёр тал хүч тэнцэхэд хөндлөнгөөс ажиглаж байсан харлигууд (түрэг аймаг) Арабуудыг дэмжсэнээр тэд ялж, Хотан, Яркенд хүртэл исламын шашин дэлгэрчээ, гэхдээ энэ шашин цааш нэвтэрсэнгүй, цагаан хэрэм даваад Хятадын үүдний пингээс хэтрээгүй юм. Ислам шашин Түрэгүүдийн дэмжлэгтэй Шиньжанд нэвтэрснээр Уйгурууд лалын шашинд оржээ. Хараханид улс лалын шашинтай төв азийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлж, Хорезм, мөн Хиргисүүдийн дараа Монгол нутагт хүчирхэгжээд өмнөх нүүдэлчдийн адил зарим нь Хятадын соёлыг шохоорхоод хятадчилагдаж, Ляо улсыг байгуулахад баруун зүгт нүүдэллэсэнээр үүссэн хар Кидантай өрсөлдөж байв. Харин Уйгурын Буддын Идикут улс Чингис хааны үед Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд сайн дураар оржээ. Үүний өмнөхөн Уйгурын Кянсуй улс нь XI зуунд Тангудад (Си Ся) эзлэгдсэн байна.

 

Чингис хааны үеэс Монголчууд энэ нутгийг бусдад алдаагүй юм. Хубилайтай тэрсэлдсэн Өгөдэйн угсааны Хайду, Наян нар чухам энэ нутагт түшиглэн 70 гаруй жил тулалдсан юм. Өгэдэйн угсааныхан Толуйн угсааныхантай тэмцсэн 100 гаруй жилд энэ нутагт Ойрад хэмээх хүчирхэг Монгол аймгийн холбоо бий болж, яваандаа үндэстний шинжийг олсон юм. Хожим Оросын түүхчдийн дэглэсэн Монголын түүхийг уншихад Ойрадууд, Монголчууд огт өөр улс болоод, хоорондоо дайтаж байсан мэт сэтгэгдэл төрүүлдэг ч үнэндээ Чингис хааны угсааныхны хаан ширээний төлөөх дотоодын тэмцэл байсан юм. тэр ч байтугай Тогоонтөмөрийг Бээжингээс зугтсаны дараа Хорчины заримыг Ойрадууд талдаа татаж, сайн дайчидтай болохыг зорьсноор Хошууд хэмээх аймаг бий болж байлаа.

 

XIV зууны үед Цагаадайн улсаас Могул улс тусгаарлаж гарсан байна. Могул гэдэг үг нь “Монгол үндэстэн” гэдэг утга санааг илэрхийлдэггүй. Харин эзэнт гүрний нэр юм. Могулистан улсын хүн амын ихэнх нь түрэг хэлээр ярьдаг уйгарчууд байлаа. Хожим Энэтхэгийг эрхшээж, Англичуудтай тулсан Их Могулыг үндэслэгч Бабур өөрийгөө Чингис ханы удам гэж байсан юм. Өөрөөр хэлбэл хаад нь Монгол, ард түмэн нь Уйгар голдуу байжээ. Энэ улсын нийслэл нь Бешбалык хот байлаа. Бешбалык хот нь өмнө нь Уйгарын Идикут улсын нийслэл байсан билээ.

 

XҮ зуунд Уйгарууд газар нутгаа алдаж, тархан суугчид нь шинэ улсад үлдээд төр улс нь Шиньжаны баянбүрдүүд рүү шахагджээ

 

XIV зуунд Монголын эзэнт гүрэн задрахад Хараханид Чингис хааны хоёр дахь хүү Цагаадайн улсын бүрэлдэхүүнд оржээ. Харин энэ улсын зүүн хэсэг Турфан, Кумул нь Чингис хааны гутгаар хүү Өгөдэй хааны эзэмшилд ирсэн байна. Согдоос дам авсан Уйгар бичгийг Монголын эзэнт гүрэн төрийн бичгээ болгожээ. Цагаадайн улсын талаар илүү тодруулахад тус улсын газар нутаг нь өнөөгийн Узбекистан бүхэлдээ, Казахстаны өмнөд хэсэг, Афганистаны хойд болон өмнөд хэсэг, өнөөгийн Тажикстан, Киргизстан бүхэлдээ багтаж байлаа. Эдгээрийг нийтэд нь Туркестан хэмээн нэрлэх нь бий.

 

Ойрадын Эрдэнэбаатар хунтайж Зүүнгарын хаант улсыг байгуулаад, эдийн засгийн сонирхлоор Уйгурыг түшмэг болгохыг эрмэлзэж байв. Төвдтэй харилцах замд байдаг Уйгарууд Зүүнгарыг сөрөх чадалгүй тул ая эвийг хичээж байлаа. Дотоодын зөрчилдөөнөө шийдвэрлэхийн тулд Далай ламаар уламжлуулан Галдан бошигт хаанаас дэмжлэг авснаар түшмэг улс болжээ. XҮI зуунд Уйгарчууд Мамлакат буюу Могулия (Моголия улс) гэдэг байгуулжээ. Нийслэл нь Яркенд хот байжээ.

 

Манж нар XҮIII зууны 1755-1758 оныг хүртэл Ойрадын Амарсанаагийн бослогыг дарах шалтгаар Ойрадуудыг хядан устгаж, нутгийг нь Уйгаруудын нутагтай нийлүүлэн эзэрхийлсний дараа 1760 онд дорнод Туркестаныг Манж Чин гүрний засаг захиргааны нэгж Шинжаан гэдэг нэртэй болгожээ. Шинжаан гэдэг нь шинэ хязгаар нутаг гэсэн утгатай гэж дээр дурьдсан билээ. Уйгарууд тусгаар тогтнолоо алдсантайгаа хэзээ ч эвлэрч байсангүй. Манжийн эсрэг томоохон бослого 1760 онд Кашгарт, 1765 онд Уч-Турфанд тус бүр гарчээ. XҮIII-XX зууны хооронд Уйгарууд Манж, Хятадуудын эсрэг 400 удаа босчээ. 1866 онд дотоодын тэмцэлээс болж Уйгар дотроо тав хуваагдсан байна. Кучарын ханлиг, Кашгарын ханлиг, Хотаны ханлиг, Өрөмч, Илийн султан улсууд бий болжээ. Уйгарчууд нэгдэх хэрэгтэй гэдгээ ойлгож байсан ч бие биенээсээ илүү гарах гэсэн явцуу санаархлаасаа болоод нэгдэж чаддаггүй байв. 1865 онд Кашгарын ханлигийн цэргийн жанжин Якуб-бек хуваагдсан Уйгарын ханлигуудыг нэгтгэж Йеттишар буюу долоон хотын улсыг байгуулж 13 жилийн турш тусгаар тогтнолоо хадгалж чаджээ. Йеттишар улс Орос, Англитай холбоо тогтоож, тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэхийг хичээсэн ч амжилтанд хүрсэнгүй байна.

 

Манж Чин гүрэн 1877 онд Уйгарын Йеттишар улсын эсрэг цэрэг хөдөлгөсөн байна. Эзэн хаан Якуб бекийг хорлож алжээ. Уйгарын эсрэг дайныг удирдсан Чингийн цэргийн жанжин Зо Зун Тан түүхэнд “Уйгарын эрлэг” нэрээр мөнхөрч үлджээ. Тэрээр эртний По ну жанжны алдаг давтсангүй, яаралгүй давшиж, замдаа цэргийн тариалан байгуулж, хүнс нөөцийг сайтар бэлтгээд харгис хатуу дайралт хийжээ. Уйгарууд нүүдэлчид биш тул зугтан байлдаж чадсангүй, хотууд нь дараалан унажээ. 1884 онд Манжууд Уйгарт дахин хяналтаа тогтоов. Шиньжан гэдэг нэрийг дахин хэрэглэх болж засаг захиргааны төв нь Өрөмч болов.

 

ХХ зууны эхээр Манж Чин гүрэн задрахад Уйгарт ч бослого дэгджээ. Кагарлык, Яркенд, Хотаны уйгарууд зэвсэглэн боссон байна. 1912-1913 онд Кумулд томоохон үймээн гарчээ. Гэвч энэ бүх бослого хөдөлгөөн амжилтанд хүрсэнгүй. 1931 онд Уйгарууд хятадын эсрэг дахин бослого гаргажээ. Энэ удаа тэдний бослогыг Алтайн Хасагууд, Харшаарын Монголчууд, Дунган, Киргизүүд дэмжсэн байна. 1933 он гэхэд босогчид Уйгарын газар нутгийн 90 хувийг хяналтандаа авчээ.

 

1933 онд Уйгарын эрх баригч Сабит Дамулла, Мухаммад Имин Бугра нар Дорнод Туркестан улс байгуулагдсаныг зарласан байна. Тэд анх Лалын Бүгд Найрамдах Уйгар улс гэж нэрийг сонгосон боловч энд амьдарч байгаа бусад үндэстний саналыг харгалзан үзэж Дорнод Туркестан гэж нэрлэсэн байна. Энэ үед ЗХУ тэдэнд хүчтэй нөлөөлж, дэмжиж байсан бөгөөд Оросын улс төрийнхөн Уйгар, Түрэгийг ялгадаггүй байлаа. Тиймээс “зүүн Түрэг улс” гэж нэрлэжээ. 1933 оны 11 сарын 12-нд Кашгар хотод улсынхаа үндсэн хуулийг баталжээ.  Анхны Ерөнхийлөгч нь Хожа Нияз Хажи, харин Ерөнхий сайд нь Сабит Дамулла болов. Цайвар цэнхэр өнгийн дэвсгэр дээр цагаан өнгийн одтой хавирган сарны дүр бүхий төрийн далбаатай болжээ. 1934 оноос Дорнод Туркестаны удирдагчид Москвад очиж Зөвлөлтөөс дэмжлэг авах болжээ. Гэвч 1936 онд Дорнод Туркестан Улс Чан Кайшийн хяналтанд оржээ.

 

1937 онд Уйгарууд дахин бослого гаргав. Хэдийгээр Дорнод Туркестан нь Хятадын мэдэлд дахин орсон ч өөрийн мөнгөн тэмдэгттэй, ЗХУ-ын төв банкнаас дэмжлэг авч байлаа. Учир нь Шиньжанд уран, вольфрам, сурьма, никель, тантал гээд ашигт малтмалын орд газар илэрсэн байв. Шиньжаны амбан захирагчаар томилогдон ирсэн Хятадын генерал Шэн Шицай эхэндээ Оросуудад сайн хандаж байснаа хожим Хятадын гоминданы намд элэгтэй болсонд дургүйцсэн ЗХУ Уйгарын үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжих болов. 1941 онд Хятадын эсрэг Казахуудын бослого гарав. Бослогыг Оспан Ислам-улы удирджээ.

 

Генерал Шэн Шицай алдаагаа засаж Шиньжаныг ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсэг болгох хүсэлт гаргасан захиаг И.В.Сталинд явуулжээ. Гэвч Сталин татгалзав. Москва өөр хүнийг-Оспан баатарыг дэмжиж байлаа. Түүнийг зэр зэвсэгээр хангах ажлыг монголчууд хариуцаж байсан юм. Маршал Х.Чойбалсан Оспан баатартай Ховд аймгийн Булган суманд биечлэн уулзаж нэг удаагийн уулзалтаар 395 винтов, 200 мянган сум, 30 хөнгөн пулемёт, 6 хүнд пулемёт, 45 автомат, 2000 гранат өгч байжээ. Мөн цэргийн зөвлөх, тагнуулчдаар туслаж байв. Х.Чойбалсан давхар Шиньжан дахь Монголчуудын дотор хяналтаа тогтоохыг хүсэж байв. Тэрээр панмонголист санаархалаа Зөвлөлтийн далбаан дор хэрэгжүүлж, бүх Монголчуудыг нэгтгэхэд ЗХУ туслана гэж итгэж байсан юм. 1943 онд Зөвлөлтийн тагнуулын байгууллагын дэмжлэгтэйгээр Дорнод Туркестаныг чөлөөлөх «Азат Ташкилаты» гэдэг байгууллага бий болжээ.

 

1944 оны 11 сарын 8-нд “Цэргийн хувьсгалт хороо” Кульжа хотод хуралдаж Хятадын эсрэг зэвсэгт тэмцэл хийхээр тогтжээ. Бериягийн тушаалаар “Шиньжаны Мусульманчуудад туслах хороо” байгуулсан байна. Урдаас сайтар зохион байгуулсан бослого өргөн хүрээг хамарч Хятад биш бүх үндэстнүүд оролцжээ. Маш богино хугацаанд тэд Хятадын цэргийг бут цохиж чадсан байна. 1944 оны 11 сарын 12-нд Кульжа хотод Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улсыг тунхаглав. Улсын Ерөнхийлөгчөөр Узбек үндэстэн Алихан Тура томилогджээ. Харин орлогчоор нь Уйгарын тайж Хакимбек Хожа ажиллажээ.

 

1945 оны 4 сард Дорнод Туркестаны үндэсний арми байгуулж командлагчаар нь Зөвлөлтийн генерал Иван Полинов томилогдов. Дивизийн даргаар нь Монголоос гаралтай Хасаг Далелхан Сугарбаев ажиллаж байлаа. Уйгарууд зонхилсон олон үндэстнийг багтаасан Дорнод Туркестан нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс болох бүрэн боломжтой болжээ. Гэвч энэ улсын ирээдүй 1945 оны наймдугаар сард ЗХУ, Хятадын хооронд байгуулсан хамтын ажиллагаа, найрамдлын гэрээгээр шийдэгдсэн байна.

 

В.М.Молотов, Хятадын гадаад хэргийн сайд Ван Шизе нарын гарын үсэг зурсан гэрээнд Уйгарын асуудлыг тусгажээ. ЗХУ-ын удирдагчид Дорнод Туркестаны эрх баригчдийг Хятадын Гоминданы намынхантай хэлэлцээрийн ширээний ард хүчлэн суулгав. Дорнод Туркестаны төлөөлөгчдийг Ахметжан Касим гэдэг уйгар хүн тэргүүлэв. Дорнод Туркестаны ерөнхийлөгч Алихан Тураг ЗХУ-д авч ирээд байлаа. ХКН Гоминданы намыг ялсны дараа Дорнод Туркестаны төлөөлөгчид Алма-Ата, Иркутскээр дамжин Бээжин хүрэхээр явжээ.Гэвч Алихан Тура ирсэнгүй. Түүний онгоц Иркутскээс ниссэн ч Чита хотын орчимд сүйрчээ. Өөр нэг хувилбараар бол Чита орчимд Дорнод Туркестаны дарга нарыг хороогоод онгоцны ослоор үхсэн жүжиг тавьсан гэдэг таамаглал байдаг. Нас барсан Дорнод Туркестаны төлөөлөгчдийн цогцсыг Кульжа хотод оршуулсан байна.

 

Маршал Чойбалсан Өвөр Монголыг чөлөөлснийхөө дараа нэгдмэл Монголыг байгуулахад нь Оросууд туслахгүйг түрүүлж мэдээд Шиньжанаас Монголчуудаа татаж авахыг оролджээ. 1944 онд Пагмын удирдлагаар Ховог сайрт нутаглаж байсан Торгуудууд хил даван ирж, Монголын нутаг, Булган голын савд ирэв. Хасагууд ч Монгол руу нүүж эхэлжээ.

 

1949 оноос Өрөмч дэх Дорнод Туркестаны засгийн газрыг татарын большевик Бурхан Шахиди тэргүүлжээ. Тэр Хятадын коммунистуудад аядуу хандаж байлаа. Өөр арга байсангүй, ЗХУ тэднийг гаргуунд нь хаяжээ. ХКН-ын Улс төрийн товчоо Шиньжанд 250 мянган Хань үндэстэн суурьшуулах шийдвэр гаргажээ. 1955 оны сүүлээр Шиньжан-Уйгарын өөртөө засах орныг БНХАУ-ын бүрэлдэхүүнд оруулжээ. Уйгарчууд үүнийг нь өдгөө хүртэл эсэргүүцсээр байна. 1950 оноос эхлээд Бээжин Шиньжан-Уйгарыг Хятадчлах бодлого эрчимтэй хэрэгжүүлэх болж, Хань үндэстнүүдийг бөөнөөр нь Шиньжан руу илгээх болжээ.

 

Тус өөртөө засах мужийн хилийг тогтоосон бодлого илүү сонирхол татдаг. Хуучин ЗХУ задарсны дараа БНХАУ баруун, баруун хойд талаараа ОХУ-тай биш Казахстантай хиллэх болжээ. Гэвч БНХАУ, ОХУ Монголыг тойруулан атгалцсан гараа тавихыг хүсээгүй юм. Тиймээс Монгол улс болон манай “жинхэнэ гуравдагч хөрш” байх ёстой Казахстаны хооронд 55 километр зурвас авч үлджээ. Ингэснээр Монголчууд үүрд хоёр хөрштэй байх хувь заяатайгаа эвлэрэхээс өөр хувьгүй болж, лалын соёл иргэншлийн дорнод хязгаартай хиллэхгүй болжээ. Үүнээс эртний болгоомжлол бол Шиньжан Уйгарын автономит улс болон Өвөр Монголын автономит улсыг хооронд нь 60 километр зурвасаар тусгаарлаж, Ганьсу мужийг хавчуулсан юм. Монгол улсын өмнөд хилийн дагуу Монгол үндэстнүүд нутагладаг бөгөөд Хятадын эртний бэхлэлт Ланжоуд төвлөсөн Ганьсу мужийг байгуулснаар баруун Монгол, Хөх нуур, Шинжааны Монголчуудыг тусгаарласан юм. Энэ нимгэн жийргэвч Монголд зарим талаар ашигтай тусчээ. 1990 оны дэлхий нийтийг хамарсан өөрчлөлт, хүйтэн дайны ялагдлын дараа коммунист систем, улмаар ЗХУ задрахад Хасагуудынд олон зууны мөрөөдөл болсон туурга тусгаар төр улсаа байгуулсан юм. Мэдээж энэ нь хүйтэн дайнд ялагдсан талд байсан Монголд нөлөөлсөн. Тусгаар Казахстан улс байгуулагдсан нь Монголд нөлөөлж олон мянган Хасаг иргэн Монголоос гарсан юм. Гэвч тэд энэ 55 километр зурвасаас болж шууд Казахстаны хил давж чадахгүй болжээ. Тиймээс ОХУ-аар дамжин очихоос өөр аргагүй болсон бөгөөд ингэхийн тулд ОХУ-ын виз авах, ОХУ-ын төмөр замаар дамжин нүүхээс өөр аргагүй болсон билээ. Сэтгэл хөөрөл намжсаны дараа тэдний олонх нь эх нутагтаа буцаж ирсэн билээ. Монгол-Казахстаны харилцаанд “Казахстанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол иргэдийн асуудал” бий болов. Хэрэв шууд хиллэсэн бол Монголоос илүү олон Хасагууд гарч явах байсан ажээ. Одоо ч зарим нэг асуудал бий, Тухайлбал Монголоос иргэний хуурамч бичиг баримтыг Казахстан руу олноор нь авч гарахыг оролддог болжээ. Учир нь Казахстаны Засгийн газар өөр улсад төрөөд Казах улсын иргэн болсон хүмүүст өндөр хэмжээний “хишиг” хүртээдэг тул тэр хишгээс нь авах болзлоо хангахын тулд “ориг” Хасагууд нь ч харь гаралтай болохыг хүсдэгээс ийм хэрэг гарах болжээ. “Назарбаевын сионизм” БНХАУ-д ч халдсан бөгөөд Шиньжанд амьдардаг саяар тоологддог Хасагууд Казахстан руу нүүн очиход БНХАУ-ын Засгийн газар хязгаарлалт тавьсан юм.

 

Шинэ тулгар Казахын “сионист бодлогын” улмаас БНХАУ Шиньжан дахь цэргийнхээ тоог 150 000 болгож нэмэгдүүлэв. Асуудал үүгээр дуусаагүй бөгөөд энэ дарамт хэр хүчтэйг Н.Назарбаев нийслэлээ хойд нутагтаа буюу Оросууд Казахыг эзлэхдээ анх барьсан цайз Астана руу нүүлгэснээс харж болно. XX зуунд Хятадууд Тансан ламын домгоор Тан гүрний хил хязгаарыг “баталгаажуулж” жижиг хөршүүдээ үзэл суртлаар дарамталсаар байна. Манайд БНХАУ-ын элчин сайдаар ажиллаж байгаад буцсан Гао Шумао бол Тансан ламын зохиолын судалгаагаар Хятадын урдаа барьдаг судлаачдын нэгэн байжээ.

 

ХХI зууны босго давмагцаа БНХАУ-ын Засгийн газраас “Go west” буюу баруун зүгт давших эдийн засгийн стратегийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Стратегийг хэрэгжүүлэхийн тулд өндөр хөгжилтэй зүүн өмнөд бүсээс баруун, баруун хойд мужуудад хөрөнгө оруулалт татаж, тус бүс нутгийн байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар хөгжлийг нь түргэтгэж, эдийн засгийн бүтцүүдийг хөгжүүлэхийг чармайж байна. Улс төрийн бодлогын хувьд эдгээр мужууд үүрд Хятадынх болох бөгөөд техникийн өндөр мэргэжлийн ажилтан болон ажиллах хүчин нэрээр Хань үндэстэнг олноор нь суурьшуулж байна. 

 

Хятад улс 1964 оноос Шиньжаны Лоб нуурын орчимыг цөмийн туршилт хийх полигон болгож цөмийн туршилт хийсээр байгаа билээ.

 

Хятад улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулага (ШХАБ) - ыг байгуулж, хил залгаа лал шажинтнуудыг шахан оруулснаар хил хязгаараа батжуулж авчээ. Ялангуяа ШХАБ-д орсноор Хятадын хямд бараа бүтээгдэхүүнд зах зээлээ алдсан Киргиз хамгийн түрүүнд номхорч, Америкийн цэргийн баазыг нутгаасаа гаргаж, оронд нь Оросуудаас дэмжлэг авах замаар хүчний тэнцвэрийг барих гэж оролдож байна. Гэвч тэд дотоодын зах зээлээ Хятадын үйлдвэрлэгчдэд алдсан бөгөөд хамгийн сүүлд дайрсан дайрлага нь алдарт “Манас” туулийг нь Хятадууд өөрийн нэр дээр ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлчихжээ.

 

Шиньжан дахь Хятадын армийнхан бүтээн байгуулалтын ажил эрхэлж зам гүүр тавьж, олон зуун мянган га талбайд усан үзмийн тариалан эрхэлж, цөл дундуур 4500 км урт нефьтийн хоолой татаж, өндөр байшингуудыг барьж байна. Бүр Мексикийн зах зээлд ихээхэн нэрд гарч, хятадын төрийн өндөрлөгүүд хүртэх дуртай болсон “Sunshine” хэмээх сайхан дарс нэрж экспортлоод эхэлсэн бөгөөд Хятадын цэргийнхэн дарсны компаниа иргэний компани болгон хөрөнгийн биржид бүртгүүлсэнд хувьцаа их өсөж байсан түүхтэй.

Шиньжан Эвий нуур, Лоб нуур, Баграшкүль гэсэн 3 том нууртай. Эх газрын хуурай, эрс тэс уур амьсгалтай. Газар зүйн бас нэгэн чухал хүчин зүйлийг байнга мартдаг нь Куньлуний нуруу (Хөндлөн уул) юм. Хөх нуур болон Шиньжаны хооронд хөндөлдсөн 7000 метрээс өндөр 10 орчим оргилтой энэ нуруу Тэнгэр уулаас дутахгүй өндөрлөг бөгөөд мужийн газар зүй, уур амьсгалд ихээхэн нөлөөтэй байдаг.

 

Хөх нуур, Хатан голын (Шар мөрөн) чийг Шиньжан руу нэвтрэн орохыг энэ нуруу хаадгаас Шиньжаны газар нутгийн 90 гаруй хувь нь цөл болжээ. Шиньжан-Уйгарын нутаг бол эртний соёл иргэншлийн өлгий бөгөөд ялангуяа Таримын сав бол эртний соёлын онцгой голомт, өрнө дорнын соёлын солилцооны нэвшилт явагдаж байсан нутаг билээ. Энд мөн дэлхийн хамгийн урт газар доорх суваг бий. Эртний ард түмнүүд зундаа +40С градусаас буудаггүй халуунд тариалан услахын тулд 5500 киломерт урт суваг газар дор байгуулжээ. Тэнгэр уулын мөс хавар хайлахад цөлийн хатсан сайр усаар дүүрч цөлийг ундлаад ууршдаг тул чандмань эрдэнэ болсон усыг ууршуулж алдахгүйн тулд газар доор сувагт шуудуу байгуулжээ. Тиймээс Шиньжаны хүн ам оршин суудаг баян бүрд, үржил шимт голын сав дагуу олон мянган жилийн түүхтэй асар урт газар доорхи суваг бий болжээ. Эдгээрийг түшиглэн Шиньжан-Уйгарт аялал жуучлалын хэд хэдэн бүс байгуулжээ.

Шиньжан - Уйгарын өөртөө засах орон
БНХАУ-ын нэгдүгээр түвшний засаг захиргааны хуваарь
Шиньжан-Уйгарын өөртөө засах орон
Шиньжаны засаг захиргааны төв Өрөмч хот