Шивэр Хотой

 

Шивэр Хотой буюу Сибирь хотой. Латинаар: Leonurus sibiricus L нь Уруул цэцэгтэний (Labiatae) овогт багтана. 30-100 см өндөр ургадаг модожсон иштэй, нэг буюу хоёр наст өвслөг ургамал. Иш нь олон ховилтой бөгөөд наалдсан зөөлөн богинохон үстэй, дээд хэсэгтээ салаалсан байна. Навчис нь шаантган суурьтай, уртавтар сүйхэлжин хэлбэрийн хэсгүүдэд гурвантаа цуулагдана. Урт баг цэцэгтэй бөгөөд навчны суганд багцлан байрлана. Дээд уруул нь дуулга хэлбэртэй, ягаандуу өнгийн дэлбээтэй, доод талынх нь уруул нь богино шулуун байна.

 

Манай орны Хангай, Хэнтий, Хөвсгөл, Монгол дагуур, Дундад Халх, Дорноговь, Дорнод монголын тойргуудаар чулуу хайргатай энгэр, горхины эрэг орчмын элс, хайргадуу хөрстэй газар хуурай хөндий бууц, тариалангийн захаар хог ургамал болон ургана. Навчинд нь леонурин, леонуринин, леонуридин зэрэг алкалоидууд бага хэмжээгээр байхаас гадна аргаах бодис 2-9%, гашуун бодис, сапонин, эфирийн тос 0,03% байна. 

 

Хотойн өвс – Herba Leonuri Хэрэглэх нь: Төв мэдрэлийн системийг тайвшруулах үйлчилгээтэй,

 

Шивэр Хотой зүрх судасны үйл ажиллагааг зохицуулан зүрхний агшилтыг хүчтэй болгож хэмнэлийг удаашруулах, цусны даралт бууруулах үйлдэлтэй. Иймд зүрхний үйл ажиллагаа сулрах, зүрхний булчингийн өвчний үед хэрэглэнэ.

Шивэр Хотой
Шивэр Хотой