Ш
Шагж Сангажавын

 

Монголын нэрт эрдэмтэн толь зүйч, төвдөч эрдэмтэн Садоо овогт Сангажавын Шагж (зарим газар Б.Шагж хэмээн бичсэн нь бий) 1886 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошуу Чин ван Ханддоржийн хошууны Тэшигхангай уулын Хавтгай харуул (Ордос харуул) буюу өнөөгийн Булган аймгийн Хангай сумын нутагт харц ард эцэг Баясгалангийн хоёрдугаар хөвүүн болон улаан нохой жил мэндэлжээ Эцэг Баясгалан нь нутаг орондоо алдартай дархан нэгэн байжээ. 

 

С.Шагж бага насандаа Дайчин вангийн буюу Булган хан уулын Вангийн өргөө хэмээх хүрээнд шавилан суужээ. Улмаар 13 нас хүрэх үедээ буюу 1899 онд Богдын хүрээний Гандантэгчилэн хийдэд ах Жаарайн хамт шавилан суухаар иржээ. Шагж ах Жаарайн хамт эзэн Ханддорж вангаар бичиг заалган түүний өргөөнд дом хийж ахуй цагт Ханддорж ван "Энд эрдэм номд чин үнэнээсээ шамдаж буй хоёр залуу байна" гэж Богд хаанд мэдэгдэхэд "тэднийг нааш ирүүл" гэснээр ахын хамт Их Хүрээнд ирж эрдэм номын мөр хөөжээ. Тэд Богдын дэргэд хоёр жил ном үзээд Жаарай ах нь Төвд, Энэтхэгт 16 настай яваад 40 настай эргэж иржээ. Ах нь буцаж ирчихээд "манай шашин удаан байж чадахгүй" гээд, хийдэд суулгүй хар болжээ.

 

Шагж шавилан суусаар ардын засагтай золгон Жамьян гүн (1864-1930), Жамсрангийн Цэвээн (1880-1942) нартай хамт судар бичгийн хүрээлэнг байгуулцжээ.Тэрээр Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүдийн нэг, бөгөөд түүний зохиосон Монгол хэлний алдарт толь бичгийг ард олон өдгөө Шагжийн толь хэмээн нэрлэх болжээ. 

 

Билгүүн номч Б.Ринченгийн (1905-1977) багш асан. Амар сайдын (1886-1941) ойрын төрөл С.Шагж гэвш 1937 онд Далай ламд мөргөсөн хэргээр хэлмэгдэн шоронд орж 1938 онд цаазлуулжээ. С.Шагж 1914 онд 5,5см х 5,5 см хэмжээтэй цаасан дээр "Ногоон дарь эх"-ийн туужыг хялгасан чинээ хэмжээтэй төвд үсгээр 80 мөрд багтаан бичсэн Монгол улсын хамгийн жижиг ном болох, хосгүй үнэт уг бүтээлийг 1980-аад онд академич Ц.Дамдинсүрэн (1908-1986) үндэсний номын санд авчирч хадгалуулжээ.

 

1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын шийдвэрээр суут эрдэмтэн, Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд, Улсын Төв номын сан, улсын музей үзмэрийн эх суурийг тавилцаж, Монгол Данжуурын залж ирсэн Онходын Жамъян гүнг Судар бичгийн хүрээлэнгийн (өнөөгийн Шинжлэх ухааны Академи) анхны даргаар тохоон томилжээ . Уг хүрээлэнд тэр үеийн бичиг номын хүмүүс болох Жамсрангийн Цэвээн (1880-1942), манжич Бат-Очир, хятадач Дандаа, Садоо овогт Б.Шагж (1886-1938) нарыг татан оруулжээ. С.Шагж 1924 онд (38 нас) “Тогтоон таалал бүхний ялгал бүхний толь “ гэдэг том номыг арван нэгэн дэвтэрт багтаан төвд хэлнээс хөрвүүлэн 1927 онд (41 нас) “Эрдэнэ мэт үсгийг хэлбэр эвлүүлж чимэг болгон хэрэглүүлэх амар хөтөлбөр оршвой” хэмээх бэсрэг номоо хэвлүүлжээ.

 

С.Шагж 1928 онд (42 нас) Судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамъяангийн хамт олон сайхан Монгол ном цуглуулж, 1934 онд (48 нас) “Монгол бичиг хялбар сургах дөт зам оршвой” ном бичиж, 1937 онд (51 нас) “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон Монгол үгний тайлбар чандманийн эрхи” буюу Монгол үгний тайлбар толь бичиж дуусгажээ. 1938 онд (52 нас) хэлмэгдэн таалал болсон бөгөөд 1965 оны 6-р сарын 3 нд Б.Шагжийн өдүүлсэн хэрэг хэмээгчийг хянаж үзээд цагаатгажээ.

 

1990 онд гучаад оны хэлмэгдэлд өртсөн сэхээтнүүдийн нэр алдрыг сэргээж, бүтээлийг нь нийтэд түгээн сурталчлах талаар яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо (1952) багагүй хөдөлмөрлөн Садоо овогт Б.Шагж (1886-1938) “Монгол бичгийн дөт зам”(1937) сурах бичгийг хэвлүүлэв. 1994 онд С.Шагжийн “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон Монгол үгний тайлбар чандманийн чимэг” хэмээх бичмэлээрээ үлдсэн толь бичгийг (1937 онд хэвлэгдээд өнөө цагт эрэл сурал болсон ховор бүтээл) яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо (1952), Д.Цэрэнсодномын (1937) хамт “Монгол үгний тайлбар толь” нэртэйгээр хэвлүүлжээ.

Шагж Сангажавын
Гэвш С.Шагж