Ш
Шагдарсүран.Амарбаярын: "Аав" найраглал
Шагдарсүран.Амарбаярын: "Аав" найраглал

 

 

Аав

(Найраглал)

 

Бараа нь алсаас дүнхийх

Баруун Алтайн Байтаг Богд

Бүхэл жарнуудыг нуруундаа элээсэн

Бүрэн хайрхан хан ууланд

Булга минж бургилдсан

Булган голын хөндийд

Арван есдүгээр зууны төгсгөлд

Аавынхаа гэрт мэндлээд

Алдарт хорьдугаар зууны эцэст

Амьдралынхаа тааллыг төгсгөсөн

Зуун насыг насалж

Зургаадай таяг тулсан

Элэг зүрхнээс уяатай

Эцэг таныгаа дурсан

Намтар цадиг юуг тань

Найраглах аястай дуулъя уу.

Нэгэн жирийн хүний

Нэхэн санах намтар

Нийгэм журам байгуулах үе

Нэгээс нөгөөд шилжих цагийн

Бүхэл зууны цадиг юм

Бүрэн утгаараа түүх юм.

Нэхэл хатуу хорвоод

Нэгэн зууныг туулахдаа

Эцгийн минь амьдрал

Эгэл жирийн боловч

Алдар тэмцлийн зам байлаа.

Ариун хөдөлмөрийн жам байлаа.

Аавынхаа хийсэн бүхнийг

Алтайдаа гишгэсэн мөрийг

Алслах шинэ зууны өндөрлөгөөс

Ажин санаж эргэн дурсахад

Алаг зүрх догдолж ирнэ

Ариун сэтгэл бадарч гарна.

Аргамагийн нуруунд гарахлаараа

Аав минь адуучин болно

Урт бугуйлаа эмнэгийн хүзүүнд

Урамтайхан орхиж барьж авна.

Од тоолон булгих түүний

Онгон ташаанд ташуур буулган

Эр сурыг зөөлрүүлэн элдэх шиг

Эмнэгийг тэр номхруулж чадна.

Айл бүхэнд тусалж

Алсын, ойрын хүмүүст

Ажил бүхнийг хамжилцах

Амуужаа алдарт аав минь

Хадуур баривал хадланч

Халхын их замд жинч

Ургац хураах тариаланч

Улаа нэхсэн өртөөчин

Ууланд мод бэлтгэдэг

Улсын аян зам засдаг

Хар ажлаас хэзээ ч уйддаггүй

Хамгийг чаддаг хүн байсан юм.

Бууран тайлагийн хүзүүг гудайлгаж

Бух, шарын хүчийг бууруулж

Эмнэг хангалыг эрхэндээ оруулан

Эзэнгүй атрын хөрсийг эргүүлэн

Элдэншүүлж хөлсөө урсгасан

Эрмэг зоримог хүн явсан юм.

Амрахыг үл мэдэх

Алжаалыг үргэлж умартах

Хайртайхан аав минь

Хангай шиг түшигтэй аав минь

Хар шаарын жороотой

Хангал агсан морьдыг

Сум шиг цойлох агшинд

Суран цалмаа шидэн

Нарийн хоолойд углаж

Найдвартай зогсоож чаддагийг

Хүч, хурд хоёроо

Хөл, шуундаа тааруулдгийг

Ганц ч удаа алдахгүй

Гаргуун сайн бугуйлддагийг

Хагшаалынхан халиан магтана

Шар хулстынхан шагшин шуугина.

Ойлж цойлоод баригдахгүй

Ороо морьдоо бариулах гэж

Хавь ойрын айлууд

Хандаж түүнээс л гуйна.

Адуу малд нүдтэй болохоор

Алдуул эрэгсэд ааваас л асууна

Зүс тод азарга адууны

Зүг чигийг нь аав л хэлнэ.

Тэнгэрийн дор нүүдэл хөврөхөд

Тэнд л аав тэмээ ачаална

Тэнг таталцан айлыг ачаалан

Тэнхэл тунхалд үл хазайх

Тэнцвэртэй ачааг татаж өгнө.

Өглөө эртлэн босч

Үргэлжийн ажлаа эхэлнэ.

Адгуу яаруу биш ч гэлээ

Амжуулах гэж шуурхайлна.

Аажуурах дургуй занг нь

Айл хотлоороо үл андана.

Уужуухан сэтгэлтэй

Уул шиг нөмөртэй

Аав мину!

Алтан дэлхий мину!

Эцгийн тухай боджээ суухад

Эгэлхэн сэтгэл цэлмээд ирнэ.

Хорвоогийн наран цээжинд мандаж

Хорьдын саран зүрхэнд бадарна.

Уурлахыг хэзээ ч мэдэхгүй

Уужуухан сэтгэлт миний аав

Бага ярьж ихийг хийдэг

Балга тагшийг амсах боловч

Хэтрүүлэх гэж үгүй

Хэмжээ донжийг нь тааруулна.

Чингэж балгах үедээ

Чихнээ чимэгтэй товшуураа

Ажилд мойногшсон хуруугаараа

Аялгууг нь олоод тоглочихно.

Алтай нутгийнхаа эрчүүлтэй

Анхны цаснаар мөр хөөн

Ан ав үргээлцэн явавч

Амьтны хамраас цус гаргаагүй

Ариунтан буянтан мөн байлаа.

Тохитойхон аав минь

Тогос алаг морин дээр

Тохомтой эмээлээ тохож

Товор товор алхуулж явахдаа

“Тоорой бандийг” амандаа аялж

Цагаан саарал морь

Цайвар нуурын ус мэтийг

Цангинуулан исгэрдэгсэн.

Сайвар алагийгаа унаад

Сартай шөнө мордохдоо

Эмээл дээрээ ташаалдан суугаад

Исгэрэн жаргаж таашаал авдаг

Ширүүн хар үстэй

Ширхэг ч хөдлөөгүй шүдтэй

Яралзсан цагаан лавай

Яггүй хүдэр миний л аав

Охин, хүү гуравтайдаа

Орчлон хорвоод өөрийгөө

Одтойд тооцож явж дээ.

Түмэн олондоо хүндтэй

Түвшээ гэдэг ханьтай

Туйлын ажилласаг тэр нь

Тулгат галын бурхан байлаа.

Үйлэнд урнаараа

Үгэнд цэцнээрээ

Инээд наргианаараа

Идээ цагаагаараа

Олондоо нэртэй

Орсон гарсан хэнд ч

Ундтай цайтай

Урамтай үгтэй

Сайхан Түвшээ ээж минь

Саран дорхи хорвоод

Хөвгүүд, охиндоо

Хайрлан хүндлүүлсээр

Наян нэгийг наслан

Нартыг орхисон билээ.

Хүндхэн ажилд

Хүүхэд хүргэхгүй

Хэрэг болгож

Хэлж заагаад ч байхгүй

Харааж загнахгүй

Хашрааж алгадахгүй

Толгойг харин илж

Тоглон наргисан үгээр

Хааяахан цаашлуулж

Хайрлахыг л гол болгоно.

Аав минь алаг үрсийнхээ дотроос

Амь шигээ хайрлах хоёр хүүгээ

Эрдэм номтой болгох гэж

Эрвийхээрээ эрвийж

Аймаг, сум алгасан сургах гэж

Амьдралынхаа бүхнийг зориулсан.

Халуун зунаар

Хатируулан явж

Өдөр хоногийг

өнгөрөөн давхиж

Холын уул давааг давж

Ховд хотод биднийг хүргэдэгсэн...

Хоол ундыг базааж өгнө

Хоргодох орон гэр төхөөрнө

Өвлийн хүйтнээр идэш явуулна

Өөрөө заримдаа хүрч ирнэ.

Алс замд морьдын туурай

Амархан элэгддэгийг бодож

Ган тахаар тахална

Ганган атнуудыг ямар

Гангаар тахлах биш дээ

Таваг нь элэгдсэн тэд

Там шиг холын замд

 

Өвлийн дүнд өлөн алхаж

Өрөвдмөөр эцээд ирэхэд

Харин аав яв янзаараа

Харуул Алтайн хүрэн бүргэд

Тэнгэрийн аянаас эргэн буух шиг

Тэндээ л нэг сэргэлэн ирнэ.

Эцэг минь ингэж явахдаа

Ирээдүйгээ төсөөлж бодсон болов уу?

Үр хүүхэд нь нэрийг нь дуурсгахыг

Үнэн сэтгэлдээ таасан болов уу?

Багаас дөрвөн хүүхэд

Баячуудын үрсийг төлөөлж

Барьцаанд суралцахад

Багийн даргадаа

Баярлаж байсангүй

Арын хаалгагүйдээ

Атаархаж явсангүй.

Ах минь арваа төгсч

Алсын нийслэл рүү жолоо залахад

Жороо соёолонгоороо зардлыг нь бүрдүүлж

Заяа бэлэгдэн замд нь үдсэнсэн. 

Их хотын амьдрал амаргүй

Ирэх очихын зардал багагүй...

Мөнгө цагаан, нүд улаан гэгчээр

Мөн ч хэцүүхэн үе байсан юм сан...

Гар сайтай хүний

Угшил сайтай унага

Намайг анх нуруундаа гаргасан

Номхон алаг гүүний минь удам

Дараа дараачийн он жилүүдэд

Давхиа сайхантай жороо алагууд

Эрдэм ном хөөсөн бидний

Их зардлыг нөхөж байсан юм.

Дэлхийн дайны хүнд жилүүдэд

Дөчөөд оны гамшигт өдрүүдэд

Шударга үнэн ялна гэж

Шуналт дайснууд ялагдана гэж

Аав минь бусдын адил

Агт морьдоо аугаа ялалт ерөөж бэлэглэсийм

Атаатан бүхэн дайнтайгаа холдож

Амар жимэр болохын цагт

Энх цагийн үйлсийн төлөө

Эр, эмгүй зүтгэх болов.

Налайхын уурхайд ажиллах

Нутгийн залуусыг элсүүлж

Аж үйлдвэрийн хөгжилд

Мал аж ахуйн Түүхий эд бэлтгэх гэж

Төлөвлөгөө гарган зүтгэв.

Хот хороонд хөглөрч

Харгана бут самнадаг

Хонины ноос тэргүүтнийг

Ховор алт болгох

Уриа лоозон дэвшив

Улс амьтан ч ухаарав.

Ноос, унгас

Ноолуур, хөөвөр

Нөхдийн хүчээр үнэд орж

Нүдний гэм болон ховордоод

Дэл сүүл тэргүүтнээр

Дээс томохоо ч больцгоов.

Ашгүй дээ хөөрхий тэгтэл

Ахмад хүү нь эмч болов.

Ах хүний буурь зааж

Айлын хойморт эзэн суув.

Арав дүү минийхээ

Алив зардлыг дааж

Аавын нуруун дээрээс

Ачаа юуг нь хөнгөлөн

Ач буянаа хайрлав.

Ард олноо зовлонгоос

Аварч сэргийлэх албаны

Арьс өнгөний өвчний

Анхны отрядыг даргалж

Алс баруун хязгаарт

Амжилт дүүрэн ажилласан

Ах Пагмаараа би бахархана.

Аав, ээж минь түүнд баярлана

Өгөөтэй аваатай энэ хорвоод

Өгөөжтэй буянтай амьдарсан аав минь

Төрийн нурууг түшилцэн

Түмний итгэлийг биелүүлэн

Эд хэрэглэгчийн хоршооны

Эхний гишүүдийн нэг болж

Ардын нэгдэлд ч гишүүнээр элсэн

Аминыхаа хэдэн малыг нийгэмчлэн

Олныхоо дунд байртай явсан юм

Олбог суудал нь эзэнтэй байсан юм.

Миний сайхан Торгууд түмнийг

Минжит булганы ариун нутгийг

Ардын төрөөс ихэд анзаарч

Анхаарал халамжаа чамгүй тавьсан даа.

Шинэхэн түүхийн үнэн явдлыг

Шинжин харж эргэн санаваас

Торгууд нутагт урган төлжсөн

Томоохон газруудыг сэргээн бодвоос

Мал аж ахуйн Машинт станц

Жин дарах үйлдвэрийн артель

Жимс турших өргөн талбай

Энэ нутгийн алдар нь болов

Эгэл олны хөдөлмөр буцлав.

Алтайн цаадах Булган голдоо

Арван гурван овоотой хангайдаа

Эрдэм заах хоёр сургууль

Эмнэлгийн сум дундын газар

Ардын билэг авьяастны

Ашдын сайхныг тодруулсан

Соёлын төв клубтэй

Соён гэгээрүүлэх увидастай

Олон байгууллага буй болгов

Очоочин, ирээчин байрлан жаргав.

Аав минь энэ бүхнийг үзэж

Ажилч хөдөлмөрөөрөө нутгаа чимж

Хашаа саравч бариад завгүй

Хадлан өвс бэлтгээд завгүй

Тариа буудай таринхан

Тарвас жимс ургууланхан

Булаг шанд сэргээнхэн

Булган голыг хашинхан

Зуслангийн зам засанхан

Зүлэг мод суулганхан

Зай завсаргүй ажилд

Зав чөлөөгүй зүтгэж билээ.

Бөглүү Алтайн хязгаарт

Бүхий л насаараа зүтгэсэн

Бичиг мэдэхгүй ч ухаан саруул

Биеийн хөдөлмөрөөрөө бүхнийг чадсан

Миний аав ухаалаг

Мэргэн ард байсан юм.

Нүүдэлчин омгийн хэв заншлаас

Нийгэм журмын соёлд шилжсэн

Үе зууныг алгасан дэвшсэн

Өвөрмөц түүхэн тэр үед

Ардын цэцэн ухаанаас эрхэм

Арга билиг байсан гэж үү?

Эхээс хоёулахнаа төрөөд

Эцэст өнчрөн үлдсэн

Эр ганцын амьдрал туулах

Энэ ертөнцийн жам дагасан

Аавын минь амьдрал тэмцэл

Ариун дагшин бурхны зарлиг

Тэнгэрээс оноож заяасан

Тавилан төөрөг ч байж уу даа.

Аавын минь энэ л амьдралыг

Ард олныхтой жишин бодвол

Гариг дэлхийн олон монголын

Гарцаагүй малчин ардын

Маш энгийн мөртлөө

Магад олонхийн жишээ!

Үртэй хүн жаргадаг билээ

Үндэстэй мод жимсэлдэг гэлээ.

 Буурал аав минь хүүхдүүдийнхээ

Буяныг эдлэн насан эцэст

Орон хотын хүн болж

Оосор бүчгүй орд өргөөнд

Ач нараараа хүрээлүүлэн

Аз жаргалыг амссан юм.

Товч даран гэрлээ асааж

Цорго нээн ус авч

Зудтай өвөл даарахыг мэдэхгүй

Зуны халуунд цангахыг үзэлгүй

Хамаг юм бэлэн зэлэн

Хайртай хүүхдүүд нь ирэн очин

Насаараа үзээгүйгээ үзэн жаргасан юм

Насныхаа эцэст буянаа эдэлсэн юм.

Тэгэхэд аав минь нарны дорхи уудам хорвоод

Жар нэлээд гаран настай

Жаргал гэгчийг үзсэн билээ.

”Жаргалын зам” нэгдлийн

Жаргалын Амарбаяр

Жаран хэдэн насандаа

Жаргах хувьтай байж...

Алтан хорвоог туулахдаа

Аав, ээж хоёр минь

Эмгэг өвчин тусаагүй

Эмнэлэгт ер хэвтээгүй...

Түмний минь буян хишиг

Төрийн минь сүлд өршөө!

Аав минь ингэж хэлсэн юм.

Амьдралынхаа туршид

Залуугаасаа өвгөн болтлоо

Заяа тавилангаа дагаж

Зогсоо зайгүй ажилласнаас бус

Зоосны нүхээр амьдралыг

Тоож хараагүй явсаар

Тоонот гэрээ орхисон

Буурал аавын минь түүх энээ!

Буянаараа болог, хүү нь дурслаа.

Аавын минь намтар цадиг

Ард олны минь

Их түүхийн хэсэг юм шүү!

Мөнх амьдралын хөрөг юм шүү!

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Шагдарсүрэн Амарбаярын

 

Шагдарсүран.Амарбаярын: "Аав" найраглал
А.Шагдарсүрэн
А.Шагдарсүрэн: Ардын билгэ зүйн бүтээлүүдээс