Ч
Чойбалсан Хорлоогийн
Чойбалсан Хорлоогийн

 

Хорлоогийн Чойбалсан нь (1895 оны 2 сарын 8 - 1952 оны 1 сарын 26) 1930-аад оноос нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байсан Монгол төрийн нэрт зүтгэлтэн юм. Х.Чойбалсан нь улс төрийн хэлмэгдүүлэлт, нэг хүнийг тахин шүтэх зэрэг Монголын нийгэмд учирсан асар их хохирол, сөрөг үр дагаваруудтай холбоотой боловч түүхийн эгзэгтэй үед Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн гавъяатай нэгэн. Чойбалсангийн жинхэнэ нэр нь Дугар бөгөөд Чойбалсан нь хийдэд шавилан сууж байхдаа авсан номын нэр ажээ.

 

Хорлоогийн Чойбалсан 1895 оны 2-р сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон мэндэлжээ. Түүний эцэг Жамц нь Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн хүн байжээ. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг элдвээр хавчиж байсан учир Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явж, хүүгээ мэндэлсний дараа буцаж ирж, хүүдээ Дугар хэмээх нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд амьдраад удалгүй буцаж яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ.

 

Дугар хүү хоёр айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн эх дээрээ буцаж ирсний дараа 7 наснаасаа эхлэн Төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болжээ. Чойбалсан 1910 оны зун хөдөө гэртээ хариад, буцаж Санбэйсийн хүрээнд очсонгүй. Найз Гэндэн-Яринпилийн хамт Их Хүрээнд ирж, хар бор ажил хийн амьдрах болов. Чойбалсан 17 насандаа Монгол улсын Гадаад яамны байгуулсан "Орос, Монгол хэл бичгийн сургуульд" тус сургуулийн багш буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан, жилийн дараа сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод бусад 8 монгол хүүхдийн хамт суралцжээ.

 

X.Чойбалсан нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой “Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд сэтгэлийн зовлон. Би чамайг жирийн нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя” хэмээн Б.Гүндэгмаатай танилцуулаад 1935 онд салсан гэдэг. Б.Гүндэгмаа нь маршал Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байлаа. Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх хүү, охин хоёртой байсан бөгөөд Нэргүй нь маршалын төрсөн хүү ажээ.

 

Х.Чойбалсан 1917 оны Оросын хувьсгалын улмаас Эрхүү хотоос нутагтаа буцан ирж "Цахилгаан мэдээний түр сургууль" дүүргэсэн байна. Чойбалсан Орост болж буй үйл явдлыг нүдээр үзсэн мөн үндэсний ардчилсан үзэлтэн Бодоотой дотно нөхөрлөсөн нь түүний цаашдын хувь заяанд үндсэн эргэлт гаргав. 23 настай Чойбалсан 1918 онд эх үүсвэрээ тавьсан Консулын хувьсгалт бүлгийн гишүүн болж. улмаар анхны долоогийн нэг болж хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцож, Ардын журамт цэргийн суртлыг номлогч, улмаар 1921 оны 5 сарын сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагч, Ардын журамт цэргийн дэд жанжнаар тус тус томилогдон хүчин зүтгэжээ.

Түүнийг Зөвлөлт Засгийн газраас түүнийг Д.Сүхбаатар, С.Магсаржав нарын хамт 1922 онд Улаан тугийн одонгоор шагнажээ. 1921 оны хувьсгалын дараа Х.Чойбалсан улс орноо өөрчлөх, шинэтгэх үйлсэд зүтгэж 1921 оны 8 сарын 25-нд МХЗЭ-ийг үүсгэн байгуулалцаж, Эвлэлийн Төв Хорооны анхны даргаар сонгогдов.

 

1922-1931 он бол Х.Чойбалсангийн амьдралын тун ээдрээтэй хэсэг болно. Тэрээр "Бодоогийн хэрэгт" холбогдон намын орлогч гишүүн болон шийтгэгдэж, ЗХУ-д цэргийн сургуульд явсан боловч өвчний учир буцаж иржээ. Харин 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга байж, бас Феодалын хөрөнгө хураах төв комиссыг толгойлох болжээ.

 

1930 онд Х.Чойбалсан “барууны үзэлтэн” , архичин гэгдэж нэг хэсэг ажилгүй болж байжээ. 1931 оны эцсээр тэрээр Мал тариалангийн яамны сайдаар томилогдож, дахин төрийн албанд зүтгэх болжээ.

 

1934 онд Москвад очиж жил шахам болохдоо "Лхүмбийн хэрэг" гэгчид нэр холбогдож байжээ. Москвад өнгөрүүлсэн жил шахмын хугацаанд Чойбалсан чухам юу хийж байсан нь тун учир битүүлэг байдаг бөгөөд зарим судлаачид архины эмчилгээнд явсан байх гэж таамаглах авч олонхи нь Зөвлөлтийн тусгай албад түүнийг тусгайлан бэлдсэн хэмээн үздэг. 1935 оны 3 сард ЗХУ-аас суудлын 20 автомашин түүнд бэлгэнд ирж, мөн оны эцсээр Сталины заавраар Х.Чойбалсан Ерөнхий сайдын орлогчоор томилогджээ. Сталин болон Коминтерн өөрсдийнхөө бодлого, үйл ажиллагааг Монголд үг дуугүй хэрэгжүүлэх хүнээр түүнийг сонгосон байна. 1936 онд Чойбалсанд Дотоод яамны сайдыг хавсруулах болов. 1930-аад оны сүүлчээр Чойбалсангийн гарт ихээхэн эрх мэдэл төвлөрч, улмаар тус улсын Засгийн газрын тэргүүн болж, Сталины зааварчилгаагаар 30 гаруй мянган хүнийг хилсээр хэлмэгдүүлсэн "Их хэлмэгдүүлэлт"-ийг эхлүүлжээ.

 

Х.Чойбалсангийн толгойлсон "Онцгой бүрэн эрхт комисс" хэлмэгдүүлэлтийг гардан зохион байгуулсан бөгөөд 1939-1940 онд “Японы тагнуул” хувьсгалын эсэргүү хэргээр 28,451 хүнээс баригдаж 73% нь буудуулжээ. Их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдүүлэлтд өртөөгүй айл өрх Монголд үндсэндээ байсангүй. Уран барилгын хосгүй их дурсгал бүхий олон зуун сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан түүх, соёлын дурсгалыг устжээ. Зөвлөлтийнхний өөрсдийн нь тооцоолсоноор Монголын сүм хийдүүдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө 57 сая алтан рубль болж байв.

 

1939 оны Халхын голын байлдаанд Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалжээ. Дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халхын голын байлдаан Монгол-Зөвлөлтийн ялалт, Япончуудын ялагдлаар төгсөв. 

 

Х.Чойбалсан 1939 оны 9 сард Москвад очиж Зөвлөлтөөс тусламж хүссэнээр Наушкаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавих, мах комбинат, автотехникийн болон цементийн завод барихад туслахаар болжээ. 1940 онд МАХН-ын X, Улсын VIII их хурлаас улс орны хөгжлийн тулгамдсан зорилтуудыг тодорхойлон Улсын VIII их хурал БНМАУ-ын хоёр дахь Үндсэн хуулийг батлав. Тухайн үед Чойбалсанг тахин шүтэх явдал газар авч байсан тул энэ Үндсэн хуулийг "Маршал Чойбалсангийн Үндсэн хууль" хэмээн нэрлэж байжээ.

 

 

Улсын болон намын их хурлын дараа Улсын сайн малчдын зөвлөлгөөн хийж, малын тоо толгой ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин ардуудын хувийн аж ахуйгаа хөгжүүлэх сонирхол санаачлагыг урамшуулах талаар зарим арга хэмжээ авч "Улсын сайн малчин" цол буй болгон, маршал Чойбалсан өөрөө хөдөө орон нутагт явж, газар дээр нь одон медаль, эд зүйлээр шагнаж байжээ. Энэ нь Сталин Монголын малын тоо толгойг 200 саяд хүргэх тухай үл гүйцэлдэх лоозон дэвшүүлсэн, мөн Монголчууд Зөвлөлтийн тусламжийн хариуд жилд 40 мянган тонн ноос, ноолуур бэлтгэж өгөх үүрэг хүлээсэнтэй холбоотой байжээ. Улс орон даяар "Ноос бол алт" компанит ажил өрнүүлж, ЗХУ-д нийлүүлэх ноосны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэв.

 

1941 оны 6 сарын 22-нд Герман ЗХУ-д гэнэт довтолсноор Монгол улсын гол холбоотон ЗХУ Дэлхийн II дайнд татагдан орлоо. Дайны эхний өдрөөс БНМАУ Зөвлөлтийн талд баттай зогсож, "Бүхнийг фронтод" уриан дор ажиллаж, Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн өрнөлөө. Нийтдээ хагас сая шахам адуу фронтод зориулан хямд үнээр худалдаж, 32 мянга гаруй агт морь бэлэглэв. Мөн 700 гаруй вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг хандивласны дээр Монголчуудын хөрөнгөөр "Хувьсгалт Монгол" танкийн бригад, "Монгол ард" нисэх онгоцны эскадрилийг байгуулан, Улаан армид хүлээлгэн өгчээ.

 

Дэлхийн II дайны сүүлчээр буюу 1945 оны 2 сард Ялтад хуралдсан ЗХУ, АНУ, Их Британий Засгийн газрын тэргүүн нарын бага хурлаар дайны дараа Дэлхий дахинд энх амгалан байдал тогтоох, бататгах асуудал хэлэлцсэнийн зэрэгцээ Японд дайн зарлах тухай мөн тохиролцов. Энэ хурлын үеэр гурван их гүрний Засгийн газрын тэргүүн нар ЗХУ-ын гаргасан санал болох "Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх" санал тавигдав. Энэ нь Монголын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд зөвшөөрөх эхлэл болов. Тухайн үед Хятад улс Монголыг өөрийн салшгүй хэсэг гэж үзэж байсан ч Сталины шахалтаар зөвшөөрөхөөс аргагүй байдалд орсон байна. 1945 оны 7 сарын эхээр Чойбалсанг Сталин Москвад урьж, тусгаар улсын Засгийн газрын тэргүүний хэмжээнд, хоёр улсын төрийн далбааг мандуулан, хүндэт харуул жагсаан хүлээж авчээ.

 

Сталин БНМАУ-ыг Дэлхийн II дайны төгсгөлд оролцож, дорно дахинд энх тайван байдал тогтооход хувь нэмэр оруулах саналыг Чойбалсанд тавив. Холбоотны өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ЗХУ 1945 оны 8 сарын 8-нд Японд дайн зарласан бөгөөд 2 хоногийн дараа буюу мөн сарын 10-нд БНМАУ Японд дайн зарлав.

 

Монгол ардын арми ЗХУ-ын Өвөр Байгалийн фронтын мото механикжсан нэгтгэлийн хамт 8 сарын 11-нд улсын хилийг нэвтэрч Долоннуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэг байлдааны ажиллагаа өрнүүлэн Хойт Хятадын зарим муж, Өвөр Монголын нутгийн чөлөөлөхөд оролцлоо. 1945 оны 9 сард Сталины шахалтанд автсан Хятадын тал, Монголчууд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгвөл БНМАУ-д тусгаар тогтнолыг зөвшөөрч болно гэжээ. Энэ дагуу Тусгаар тогтнолын талаарх санал хураалт БНМАУ-д зохион байгуулагдаж. Монголчууд 100% тусгаар тогтнолын төлөө санал өгснөөр Хятад улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.

 

Х.Чойбалсанг БНМАУ-ын удирдаж байх хугацаанд 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан, мөн 1945 оны тусгаар тогтнол нь түүнийг тахин шүтэх явдлыг улам лавшруулж, нэр хүндийг нь өсгөжээ. 1945 онд маршал Чойбалсангийн 50 насны ойг тэмдэглэхэд бүх зохиолч, яруу найрагчид уран бүтээлээ зориулж, ард нийтээрээ "шалгарсан жолоодогч" хэмээн бишрэн хүндэтгэх болов.

 

Х.Чойбалсангийн засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд үлдсэн эдийн засаг, соёлын олон чухал үйл явдлууд болсон юм. Тухайлбал, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц, мөн Аж үйлдвэрийн комбинатыг өргөтгөх болон шинэчлэх ажил эхлэв. Зүүн баянгийн нефтийн үйлдвэр, "Совмонгометалл" нийгэмлэгийн харьяа уул уурхайн үйлдвэрүүд, Наушки-Улаанбаатарын хооронд өргөн төмөр зам ашиглалтанд орж, морин өртөөг халан, авто өртөө байгуулав. Боловсрол, соёлын талаар гарсан том өөрчлөлт бол Монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгажээ. Анхны 10 жилийн дунд сургууль, 1942 онд Улсын их сургуулийг байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг бага сургуулийн боловсролтой болгох зорилтыг хэрэгжүүлсэн нь боловсролын салбарт гарсан үсрэнгүй ололт байлаа.

 

Маршал Чойбалсан "Монголын ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх", "Монгол ардын үндэсний хувьсгалт цэргийн агуу хөгжлийн товч зам", "Ардын Хатанбаатар Магсаржавын хураангуй түүх" зэрэг зохиол бичиж, илтгэл өгүүллэгүүд нь 4 ботиор хэвлэгдэн гарав. Иргэдийн шүтэх бишрэх эрхийг хүндэтгэн үзэж, Гандантэгчилэн хийдийн хурал, мөргөлийн ажиллагааг 1944 онд дахин сэргээжээ. 1944 онд сонгуулийн эрх хасагдсан хүмүүст сонгуулийн эрх олгож, 1949 онд сонгуулийн бүх нийтийн, шууд, тэгш бөгөөд саналаа нууцаар хураах шинэ систем тогтоож, 1951 онд Улсын Их Хурлын анхны сонгуулийг явуулжээ. Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугамыг баримтлалж байв.

 

И.В.Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж үнэнчээ харуулахад, Х.Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна. ЗСБН Автономит Тува улсын тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан, алгадсан гэдэг яриа байдаг. 1950 онд Монголын хэдэн сэхээтэн улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал өргөхөд тэрбээр мөн асар дургүйцэн, тэднийг зэмлэж байжээ.

 

"Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "Хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсан 1952 оны 1 сарын 26-нд таалал төгсчээ. 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол Улсын Ерөнхий Сайд

Чойбалсан Хорлоогийн
Маршал Х.Чойбалсан
Маршал Х.Чойбалсан, Г.К. Жуков нар Халх голын байлдааны үеэр
МУИС-ын өмнөх маршал Х.Чойбалсангийн хөшөө