Чингис хаан

 

Хаанчлал:                                      Их Монгол Улсын хаан . 1206–1227

Хаан ширээнд:                              Онон мөрний орчим 1206 оны Их Хуралдайгаар

Мэндэлсэн он:                              1162 оны орчим

Мэндэлсэн газар:                         Монгол улс. Хэнтий аймаг . Дэлүүн Болдог

Нэр:                                                 Тэмүүжин

Нас барсан он:                              1227

Дараагийн хаан:                            Өгэдэй хаан

Их хатан:                                         Бөртэ үжин

Бага хатад                                      Есүй, Есүгэн, Хулан

Хааны удам                                   ЗүчиЦагадайӨгэдэйТулуй

Хааны овог:                                   Боржигин

Улсын нэр:                                     Их Монгол Улс

Эцэг:                                               Есүхэй

Эх:                                                  Өүлэн

 

Чингис хаан (ойролцоогоор 1162 оноос 1227 оны 8 сарын 18) 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулжээ.  Хиад Боржигин Есүхэйн Тэмүүжин түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагч төдийгүй Мянганы суут хүмүүнээр тодорсон билээ.

 

Их Монгол Улсаа байгуулсны дараагаар Ази, Евродын ихэнх улс гүрнүүдийг байлдан дагуулж тухайн үеийн нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлжээ. Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар, онго нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа билээ. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Орос, Солонгос, төв Азийн орнууд, Кавказ, зүүн Европ, ойрхи Дорнодын зарим хэсгийг эзэлж зармыг нь түшмэг улсуудаа болгожээ. Монголын нууц товчоонд:  ... Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, эхнэр Гоо Маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг.

 

Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн, Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гоо. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гоогоос төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаас Боржигон овгийнхон үүссэнийг дурьдсан байдаг. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гоо Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал болно.

 

Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан бөгөөд түүнээс Хиад Боржигин овог улбаалан гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хаангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байжээ.

 

Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах үед Хабул хааны удмын Хиад Боржигины ноёдууд ихээхэн нөлөөтэй байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучир нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ. Чингис хаан 1162 онд Онон мөрний хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэйн хатан Өэлүн эхээс төржээ. Нууц товчоонд түүнийг эхийн хэвлийгээс мэндлэхдээ шагайн чинээ нөж атгаж төрсөн хэмээн тэмдэглэн бичжээ. Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай үетэй тохиож мэндэлсэн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасар, Хачиун, Тэмүгэ, Отчигон, Тэмүлэн. Мөн эцэг нэгтэй, Сочигил хатны хөвүүд Бэгтэр, Бэлгүтэй нартай ах дүү байжээ. 1171 онд Тэмүжин Хонгирадын ноён Дай Цэцэний охин Бөртэтэй сүй тавьсан бөгөөд тэндээс эцэг Есүхэй нь харих замдаар Татарчуудын найранд уригдан хорлогдон амь үрэгджээ.

 

Үүний дараахан Тайчуудын ноён Таргудай Хирилтуг Есүхэйн албатыг Өүлэнээс булаан авч тэднийг орхин нүүснээр Тэмүүжин хөвүүн өрх толгойлон  хоцорчээ. Өүлэн эх амьдрал тарчиг ядуу байсан хэдий ч өөрийн хөвгүүдэд нүүдэлчдийн язгууртны хүмүүжил олгож чадсан байна. Энэ цагт Тэмүүжин, Хасар хоёр Бэгтэртэй маргалдсанаар улмаар түүнийг харван хороосноор Тэмүүжин гэр бүлийн толгойлогч цаашдаа хаан ширээ залгамжлах тэмцлийн эхлэл тавигдсан байна. Тэмүүжинг 13 нас хүрэхэд Таргудай-Хирилтуг олзлон аваачин хорин улмаар хороохоор завдаж байх үед Тэмүүжин самбайчлан голд нуугдаж байгаад Сүлдүсний Сорхан Шарын  (хожим мянганы ноён), гэрт ирэхэд тэрээр өөрийн хүү Чулуун (хожим Чингис хааны дөрвөн хүлэг баатарын нэг), Чимбай, охин Хадаан нарын хамтаар Тэмүүжинд туслан дутаалгажээ. Тэмүүжин хүүхэд ахуй насандаа Жадаран аймгийн Жамухатай хоёр ч удаа тангараг өргөн анд барилдсан нь  хэдий ч хожим эрх мэдлийн зөрчлөөс үүдэн тэдний зам олон удаа зөрөлдсөн байна. Тэмүүжин хөвүүн хулгайд алдсан найман шарга морио алдсаныг эргүүлэн  авахаар явах үед Наху баяны хүү Боорчи (хожим Их Монгол улсын баруун түмний ноён, Чингисийн дөрвөн хүлэг баатрын нэг) тусласан нь түүнийг цаашид үнэнч дайчин нөхөд хүрээлэхийн  эхлэл болжээ.

 

Тэмүүжин эрийн цээнд хүрч (16, 17 настай байхдаа) сүй тавьсан Бөртэг буулган авч ураглажээ. 1180 оны орчим Гурван Мэргид өмнө Мэргидийн Их Чилэдүгийн эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт алдсаны өшөөг авахаар цэрэглэн ирж Бөртэ үжинийг олзлон авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүүжин  хуримын инжинд ирсэн булган дахыг эцгийн анд Хэрэйдийн Тоорил ханд өргөн барьж туслалцаа хүсчээ. Тоорил хан Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрт бут цохин Тэмүүжин эхнэр Бөртийгээ эргүүлэн авчээ. Бөртэ үжин Тэмүүжинд  Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.

 

Мэргидээс Бөртэ үжинг буцаан авахад тэрээр жирэмсэн байсан нь Тэмүүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд "Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав..." гэсэн байна. Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатанг Мэргидүүд булаан авахаас өмнө тэрээр жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байлаа. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглах болов. Гэвч удалгүй салж явахад  Жамухыг дагаж байсан Боржигин болон бусад овог аймгийн албатууд Тэмүүжинг дагах болсноор тэрэр овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучир, Жүрхиний Сача-Бэхи, Даридай-Отичигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүүжинг Хамаг Монголын хаанд өргөмжилж, "Чингис хаан" хэмээн цол олгожээ.

 

"Чингис" гэдэг үгийн гарал нь "Тэнгис" гэсэн үгнээс гаралтай хэмээн үздэг билээ. Үүний дараахан Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны албатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан хэмээн нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааны цэргүүдийг Зээрэн хавцалд шахаж цохиод  буцахдаа Чинос аймгийн залуусыг далан тогоонд чанаж харгисалажээ. Энэ гутамшигт үйлийн дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас нүүр буруулж Чингис хаантай ирж нийлжээ. XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үедээ хүч хавсрахыг Тэмүүжингээс хүсэхэд урьдын өшөөт Татарыг дарах боломжийг Чингис хаан овжин ашиглаж Тоорил хантай хүч хавсран Улз голын Хусуту шитүэн, (Нарату шитүэн) хэмээх газар Мэгүжин сүүлтийг бут цохижээ. Алтан улсын Вангин чансан Чингис хаанд "Чаутхури" Тоорил ханд "Ван хан" цол олгов. Энэ цагаас хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.

 

Чингис хаан Мэгүжин сүүлтийг дайлаар мордсон ар хударгаар Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинрүү довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэгт ял асуун цаазалжээ.

 

1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг хэмээх газар чуулж Жамухыг ханп өргөмжлөхөөр хэлэлцээд тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр ханд өргөмжилж улмаар Чингис хаан, Ван хан нартай дайлаар мордохоор зэхэж буйг Чингис хаан олж мэдээд Ван ханд хэл өгчээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулаан хэмээн нэрлэдэг билээ. Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга чадвараа ашигласан хэдий ч хур дайсны тал дээр бус өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан хүзүүн тушаа хүнд шархаджээ. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дууссан байна.

 

Чингис хаан Их Монгол улсаа байгуулах үед түүний өрнө этгээдэд хоёр хүчирхэг улс оршиж байсны нэг нь Хорезмын (Сартуулын) хаант улс, нөгөөх нь Хар Кидан (Баруун Ляо) улс байлаа.Хожим эдгээр улсуудын газар нутаг дээр Цагадайн улс зонхилон байгуулагдсан билээ. Хорезмын хаант улсын үндэслэгч Астыз (1127-1156)   хэмээн судлаачид үздэг.  Хорезм нь Дорнод Сельжук  улсын султан Санжарын  хараат байв. Гэвч Арал болон Каспийн тэнгис орчмын нүүдэлчин аймгуудыг Астыз захиргаандаа оруулан эзэмшил газраа үлэмж тэлж  биеэ даасан улсын  үндэс суурийг тавьжээ.

Астызыг залгамжлагч  Иль-Арслан (1156-1172) биеэ даасан бодлого явуулж байв. Түүний хүү  Текеш (1172-1200) огузуудтай хийсэн удаан хугацааны тэмцлийн үр дүнд 1194 онд Хорасаныг захиргаандаа оруулж авчээ. Ингэснээр Хорезмын хаант улс буй болжээ. Чингис хаан улс Их Монгол улсаа байгуулж байх тэр үед Мухаммед шах Дундад Азийн орнуудыг нэгтгэн захирахын төлөө шургуу тэмцэл хийж, 1207 онд    Бухар, 1208 онд Хорезм, Гератыг эзлэн авчээ. 1209 онд тэрбээр  Иламышийн талд хар киданы цэргийг бут цохиж, 1212 онд Самарканд хотыг захиргаандаа оруулжээ. Улмаар 1215 онд Хар Киданы Гүр хааныг буулган авчээ. Ингэснээр Хорезмын хаант улс Дундад Азийг өөрийн захиргаанд үндсэнд оруулж, Каспийн тэнгисийн хойт эргээс  Персийн булан, Кавказын уулсаас Гиндукушийн нуруу хүртэлх уудам газар нутгийг хяналтандаа авчээ.

 

 

Чингис хаан болон түүний жанжинуудын гол байлдан дагуулалтууд

 

Хар Кидан улс 1128 оноос 1211 оны хооронд оршин тогтножээ. Нийслэл Баласагун нь Чу голын хөвөөнд өнөөгийн Бишкекийн ойролцоо оршиж  байв.  Чингисийн цэрэгт 1204 онд бут цохиулсан Найманы Таян ханы хүү Хүчүлүг цөөн цэрэг албатуудаа дагуулан Хар Киданы улсад амь хоргодохоор очоод 1211 онд Хар Киданы Гүр хааныг ширээнээс нь зайлуулж  төрийн эрхийг булаан авчээ. 1218 онд Алтан болон Тангуд улсыг номхоттон доройтуулж, Хар Квданыг эзлэн авсан монголчууд Чингис хааныхаа удирдлага дор 500 худалдаачных нь амь насыг аймшиггүй хороож, удаа дараалан илгээсэн элч нарыг нь доромжлон буцаасан лалын их эзэнт гүрэн Хорезмтой байлдахаар зэхэж эхлэв. Хорезмын хаант улс  Мухамед шах Ала ад-Дин Мухаммед II Персээр: علاءالدين محمد‎ - Alā al-Dīn Muhammad  "зэрлэг бүдүүлэг монголчууд" Хорезмтай байлдахаар ирнэ гэдэгт итгэхгүй байжээ. Байлдахаар ирлээ ч гэсэн сайтар бэхлэсэн хэрм цайзаар хамгаалагдсан хотуудыг нь эзлэн авч чадахгүй хэмээм басаж байлаа.

 

Зүрчдийн Алтан улстай дайтаж явсан Чингис хаан үүссэн нөхцөл байдалын улмаас  Хорезмын хаант улстай дайтахаас аргагүй болжээ. Чингис хаан Алтан улстай дайтах үүргийг Мухулайд даатгаж, өөрөө Монгол цэргийн гол хүчээ удирдан, Хорезмын эсрэг дайны бэлтгэлд оржээ. Алтан улстай хийх дайнд Мухулай жанжны баруун гар болон оролцохыг Тангуудаас шаарджээ. Чингис хаан Хорезмыг дайлаар мордохын өмнө 1219 оны хавар Их хуралдай хуралдуулж, өрнө зүгт хийх дайны төлөвлөгөөг боловсруулжээ. Монгол цэрэг хэдхэн сарын дараа Хорезмийн эзэнт улсад тулж очсон байлаа. Манай эрдэмтдийн үзэж буйгаар Чингис хааны цэрэг 120 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй байжээ. Эзэн хаан амь эрсэдсэн тохиолдолд Их Монгол улсын хааны ширээг Өгэдэйд залгамжлуулахаар гэрээслэв.

 

Улсынхаа голомтыг Отчигин ноёноор сахиулав. Чингис хаан Хорезмын хаант улсад элч илгээж, ял асуухаар цэрэг хөдөлгөснөө мэдэгдэв.  Хорезмын шах Мухаммед Чингистэй дайтахын тулд Сыр-Дарья мөрний дагуух хотууд, Ферганы хөндийн ам, Бухар, Самарканд, Үргэнчид цэргээ хувиарлан байрлуулжээ. Цэргээ ингэж жижиглэн хувааж, хүчээ тараан хуваасан нь Монголчуудад ашигтай болж тэдний хотуудыг нэг нэгээр нь эзлэн авах боломжийг олгожээ.  Хорезмын шах хүчээ тараан байрлуулах болсон шалтгааныг ын энэ тактикийг түүхч Д’Оссон Зүчитэй холбон тайлбарладаг байна. Тэрээр Мухаммед шахын зүрхийг Зүчи үхүүлсэн хэмээн тэмдэглэжээ.  “Чингис хаан Хүчүлүгийн зүгээс аюул нэмэгдэж байгааг мэдээд түүнд  цохилт  өгөхөөр хан хөвүүн Зүчидээ 20 мянга гаруй цэрэг удирдуулан явуулсан байна.

 

Энэ үед Хорезмын шах Мухаммед 60 мянган цэрэг дайчлан Хүчүлүг ханыг дарахаар мөн хөдөлсөн байжээ. Мухаммед шах Иргиз голын орчимд ирж буудаллан Хүчүлүг ханы байгаа газрыг тандан явтал олон морьт цэрэг ойртож буйг толгойн сэргийлэхийнхэн Мухаммед шахад мэдээлсэн байна. Тэдгээр цэрэг нь Хүчүлүгийн цэргийг бут цохиод түүний толгойг авч явсан хан хөвүүн Зүчийн цэрэг байжээ”.  Зүчи султанд элч явуулан түүнтэй байлдах хүсэлгүй байгаа гэдгээ хэлүүлжээ. Хорезмын шах ”Хэрэв Чингис хаан надтай тулалдахыг чамд тушаагаагүй бол, Аллах тэнгэр чамтай тулалдахыг надад тушаасан бөлгөө, Миний хувьд Гүр хан, Хүчүлүг хан, та нарын хооронд  ялгаа байхгүй, учир нь та бүхэн адилхан тэрс үзэлтнүүд гэжээ. Зүчи Мухаммед шахтай тулалдахаас аргагүй болов.

 

Энэ тулалдаан Мухаммед шахын хувьд цэргээ биеэр удирдан монголчуудтай хийсэн анхны бөгөөд сүүлийн тулалдаан болсон юм. Тооны хувьд хавьгүй цөөн цэрэгтэй байсан хэдий ч монголчууд эрэлхэг зоригтой тулалдаж шөнө орой болоход байлдаан түр завсарлажээ.  Хорезмын шах маргааш өглөө нь дахин тулалдаанаа үргэлжлүүлэхээр дайны талбар дээр ирэхэд  Зүчийн цэрэг олон гал асааж орхиод шөнөдөө хоёр өдөрчийн зам туулан холдсон байжээ. Уг тулаанд 20 мянган хүнээ алдаж өөрийн цэргийн сул талыг мэдэрсан шахын зүрх нь үхэж сүлд нь доройтсон хэмээдэг билээ.  Чингис хаан 600 км өргөн Кызыл Кум цөлийг богино хугацаанд туулж, Хорезмын хаант улсын хоёр нийслэлийн дундуур гэнэт гарч ирсэн нь дэлхийн цэргийн түүхэнд гарсан гайхамшигт үйл явдалын нэг байлаа. 

 

1220 оны хоёрдугаар сарын 10-нд Чингис хаан Бухарыг хамгаалж байсан хөлсний түрэг цэргүүдийг бут цохисны дараа хотын оршин суугчид бууж өгчээ. Үүнтэй бараг нэгэн зэрэг Отрар унажээ.  
Бухарыг эзлээд Чингис хаан их цэргээ авч Хорезмын шинэ нийслэл Самаркандыг чиглэв. Чингис хаан, Өгөдэй – Цагадай, Зэвийн жолоодсон гурван замын цэрэг, олзлогдогсдыг өмнөө туун 1220 оны 3 дугаар сарын эхээр Самаркандыг бүслэн авав. Олзлогдсон хүмүүст монгол цэргийн хувцас өмсгөн аравтын тогтолцоонд оруулж, туг бариулж өмнөө туусан нь цэргээ олон болгож харуулах ов мэх байжээ. 

 

Мухаммед шах нийслэлээ түрэг, тажик зэрэг бум орчим хөлсний цэргээр мануулан үлдээгээд цэрэг цуглуулах нэрээр Самаркандыг орхин зугтсан байна. Самаркандыг эзлэн авсны дараа Чингис хаан Хорезмын нөгөө нийслэл Үргенч хот руу цэрэг яаран хөдөлгөсөнгүй. Учир нь Теркен хатныг эе эвээр өөртөө дагаар оруулах бодлогыг Чингис хаан баримталж байжээ. Ургенчид амьдран сууж байсан Теркен хатан хүү Мухаммедийнхээ хүсэлтээр шахын  эхнэр хүүхдийг дагуулан Мацадар уул руу зугтан оджээ. Теркен хатны бүгж байсан Халуун цайзыг монгол цэргүүд хэсэг хугацаанд бүслэн хаасны эцэст буулгаж авчээ. Теркен хатныг Чингис хаан Монгол руу авч одсон бөгөөд тэрбээр Хархорумд нас баржээ. 
 

Чингис хааны шилдэг жанжин болох Зэв, Сүбэдэйн цэрэгт мөрдөн хөөгдсөн Мухаммед шах Иран, Иракийн хот, цайзаар зугтан явсаар Каспийн тэнгисийн зүүн өмнөд эрэгт орших Абескун хэмээн эзэнгүй арал дээр нуугдан бүгэж байгаад 1220 оны 12 дугаар сарын сүүлээр уушигны хатгалгаа өвчнөөр насан эцэс болжээ. 


Мухаммед шахыг мөрдөн хөөсөн Зэв, Сүбэдэй нар түүнийг нас барсны дараа мэргэдийн үлдэгдлийг орогнуулсан кипчагуудыг мөшгин байлдаж, Самаркандаас эхлэн Каспийн тэнгисийг бүрэн тойрч, бараг 8 мянган миль газрыг туулсан ажээ. 

 

1220 оны намар Чингис хаан Үргенч хот руу Зүчи, Цагадай, Өгөдэй гурван хөвүүнээрээ удирдуулсан цэргийг илгээжээ. Үргенч хотын бүслэлтийн үед Зүчи, Цагадай хоёрын зөрчил хурцадсанаас хотыг эзлэх явц удаашрав. Үүнтэй холбогдон Чингис хаан бүх цэргийг захирах эрхийг Өгөдэйд олгосноор монгол цэрэг 1221 оны 4 дүгээр сард  Үргенчийг эзлэн авчээ. Монголчууд Үргенч хотыг эзэлэн авснаар Хорезмын хаант улс үндсэндээ Их Монгол улсын захиргаанд оржээ. 
 

Чингис хаан 1222 оны намар Бухарт ирж, эрдэмтэн мэргэдийг цуглуулан лалын шашинтны итгэл сүжгийн талаар ярилцаж, имам, кадисын санваартнуудыг  бүх төрлийн алба гувчуураас чөлөөлж, тэдний үе залгамжлах эрхийг баталгаажуулжээ.  Лалын шашинт орны түүхэнд анх удаа ийнхүү санваартангууд нийгмийн давхаргын хувьд давуу эрх эдлэх болгосон нь энэ бүс нутгийг захирах өөрийн хөвгүүд Зүчи, Цагадайн улсын цаашдын хувь заяанд санаа тавьж байсны  илэрхийлэл байлаа. 
 

Чингис хааныг даосын арш Чан-Чүнь бумбатай уулзаж урт наслах боломжийг эрэлхийлэж байжээ. Тэрээр мөн лалын шашны зүтгэлтнүүдтэй Коран судрын үндсэн зарчмуудыг ч тайлбарлуулж байжээ. Хааны энэ үйлдлийг эзэлж авсан улс орныхоо ард түмний шашин шүтлэгийг хүндэтгэн үзэж ард түмний сэтгэл санааг хэрхэн төвшитгэх, оюун санааны хувьд хэрхэн захирч болохыг мэдэхийг хичээдэгтэй холбоотой хэмээн үздэг билээ.  Чингис хаан Сартуулд байх үедээ лалын шашинтай, түрэг гаралтай, Монголын төрд үнэнч зүтгэхээ илэрхийлсэн Махмуд Ялавачийг Мавераннахрын захирагчаар томилжээ.

 

Мухулай 1223 онд таалал төгсөж, Алтан улсыг дайлах үйл явц саарсан, Тангуд улс баруун гар болж Алтан улстай дайтхаа зогсоосонтой холбогдон Чингис хаан аянаа түргэвчилж, 1225 оны хавар эх нутагтаа буцаж иржээ.

 

1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад өнөөгийн Египетийн нутагт мориноос унасны улмаас нас барсан гэдэг бол харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэлээр өнгөрсөн гэх зэргээр олон янзаар тайлбарладаг байна. Түүхчид Чингис хааныг нас барсны дараа цогцсыг нь өнөөгийн Хэнтий аймаг, Онон мөрний сав Бурхан Халдын ууланд авчирч онголон байх хэмээн таамаглалдаг билээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Чан Чунь бумба

2. Хорезмын шах II Мухаммед

3. Чу мэргэн буюу Елюй Чуцай

Чингис хаан
Чингис хаан
Чингис хаан
Чингис хааны гэрэлт хөшөө. Хэнтий аймаг. Гурван нуурын амралт
Чингис хаан
Худан Монгол бичгээр "Чингис хаан"