Ч
Чимэд-Осор Дэндэвийн
Чимэд-Осор Дэндэвийн

 

Дэндэвийн (Зайдавын) Чимэд-Осор (1912-1987) Жүжигчин. Найруулагч. МУГЖ (1945). МУАЖ (1981) Д.Чимид-Осор 1912 оны 2-р сарын 16-нд Архангай аймгийн Өлзийт сумын Яргайт гэдэг газар Дэндэвийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Есөн наснаасаа нутгийн хошуу туслагч (тамгийн долоон түшмэлийн нэг, тамга баригч туслагч) Дамдисүрэнгийнд хонь хариулж, нутгийн баян Уртнасангийнд улаа нэхэж амьдарч явжээ. Бага залуудаа айлд зарцлагдаж, ардын хувьсгал ялсны дараа галч ч хийж, хамтрал байгуулагдахад борной чирч, хошуу тамгын газар хар гэрийн хуяг хүртэл хийж явжээ. Тэрээр цэргийн албанд мордож цэрэгт байхдаа улс хувьсгалын 15 жилийн ойгоор зарласан уран зохиол, яруу найруулгын уралдаанд нэг зохиол бичээд явуулсан нь уралдаанд шалгараад, улсаас “Уран зохиолч” цолоор шагнуулж байжээ.

1932 онд хувьсгалын эсэргүү нарт баригдан эрүүдүүлж байжээ. 1933 оны есөн сард цэрэгт татагдан бүртгэлд Зайдавын гэхийг Дэндэвийн хэмээн буруу бүртгэжээ. Цэргийн зэвсгийн төв газар зарлага, жагсаалын дарга болж 1936 онд цэргээс халагдаад театрт дагалдан жүжигчин болж уран бүтээлийн замд оржээ. 

 

1936 оны 9 сарын 16-нд Улсын төв театрт жүжигчнээр орж тасралтгүй 40 гаруй жил ажиллажээ. Гавьяат уран зохиолч (1935 онд) Театрын дарга Ширнэнгийн Аюушийн (1903-1938) зохиол "Яг 18" жүжгийн Ойдовын дүрд жүжиглэн театрын тайзнаа гарч уран бүтээлийн баялаг намтраа эхэлжээ. 1936 оны дундуур ЗХУ-ын анхны мэргэжилтэн К.С.Станиславскийн шавь театрын анхны сургагч Андрей Андреевич Ефремов 1935 оны сүүлчээр буцаж 2 дахь сургагч Виктор Антонович Борейшо ирж Д.Чимид-Осор шавь нь болов. 1937 онд "Хонины булаг" жүжигт Барилдогийн дүрд тоглов. 1938 оны (26 нас) 4 сарын 15-нд Төв театрт жүжгийн нэрт зохиолч Донровын Намдаг (1911-1984) "Сүрэг чоно" оргил жүжгээ (1936 онд 24 насандаа бичиж эхэлсэн) Виктор Антонович Борейшо найруулан тоглоход Данзангийн дүрд тогложээ. 1939 онд (27 нас) Д.Намдагийн "Сүрэг чоно" жүжиг кино хальснаа амилж Төмөрийн Нацагдорж (1910-1966?) найруулж гол дүр Данзанд Д.Чимэд-Осор тогложээ. 1940 онд Т.Нацагдоржийн найруулсан "Анхдугаар хичээл" хар цагаан кинонд цэргийн дүрд тоглосон. 1941 онд "Шарай голын 3 хаан"-ы Цэнгэлд, "Гайхамшигт лимбэ" жүжгийн Нарангэрэлийн дүрд тоглосон. 1944 онд Талын баатрын Чогдон хувилгаан. 1945 онд "Цогт тайж" киноны Цэцэрлэгч өвгөний дүрийг бүтээж 1947 онд Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулжээ. 1952 онд "Зам" жүжгийн (найруулагчаар Ардын жүжигчин Э.Оюун, зураачаар Л.Намхайцэрэн) Дамбын дүрд, 1952 онд "Америк ярьж байна" жүжгийн Сенатор Уилерийн дүрд тоглож энэ онд хань бүлтэй болжээ. 1954 онд "Эмч нар" жүжгийн Өлзий өвгөний дүрд, 1958 онд "Гурван найз" киноны нутгийн өвгөн, 1959 онд М.Шолоховын "Сэтгэлийг шинэтгэсэн нь" жүжгийн Шукар өвгөний дүрд. 1959 онд "Морьтой ч болоосой" киноны Батын дүрд, 1961 онд Ц.Дамдинсүрэнгийн "Гологдсон хүүхэн" кинонд тоглож, уг киноны ерөнхий найруулагчаар ажиллажээ. 1963 онд Д.Намдагийн зохиол "Нүгэл буян" уран сайхны кины найруулагчаар, 1965 онд "Зэрэг нэмэхийн өмнө" киноны найруулагчаар ажиллаж, 1966 онд Б.Нямаагийн "Төөрсөөр төрөлдөө" кинонд Цэдэв өвгөний дүрийг бүтээжээ. 1968 онд "Өндөр ээж" киноны Дамирангийн дүрд тогложээ. 1971 онд "Өглөө" киноны Дүйнхэр зайран% 1973 онд "Тунгалаг Тамир" киноны 3-р ангид нүүдэлчин, хувьсгалч, тагнуулч өвгөний дүрийг тус тус бүтээжээ. 1974 онд "Тамирын охин" кино зохиолыг өөрөө бичиж найруулсан бөгөөд 1975 онд "Эх бүрдийн домог" киноны Зайрангийн дүрд тогложээ. 1976 онд Х.Зандрийбайдийгийн (1934) зохиосон "Хонины найр" киног найруулж, Вандангийн гол дүрд тогложээ. 1977 онд кино зохиолч Ч.Гомбо, найруулагч Ж.Бунтарын "Давааны цаана даваа" киноны Чүлтэм өвгөний дүрд, 1978 онд Т.Чимэдийн зохиол "Солонгын таван өнгө" киноны Чоймболын дүрд, 1980 онд Д.Мягмарын зохиол "Хүний сайхан сэтгэл" киноны усч өвгөн Дэнзэнгийн гайхамшигт дүрийг бүтээжээ.

 

1981онд С.Удвалын зохиол, Г.Жигжидсүрэнгийн найруулсан "Хатанбаатар" кинонд хөрш өвгөний дүрийг бүтээж 1981 онд Ардын жүжигчин цол хүртжээ. 1983 онд  Г.Дүйнхэржавын зохиол, Б.Сумхүүгийн найруулсан "Сахиус уу, сахиул уу" киноны өвгөн лууханы дүр, 1986 онд Ө.Баасанжавын зохиол, Г.Жигжидсүрэнгийн найруулсан "Намар нахиалсан мод" киноны Сундуйн дүр,  1987 онд П.Хорлоогийн зохиол, Х.Дамдины найруулсан "Мандах нарны туяа" киноны Шанзав Бадамдоржийн дүр,  1987 онд "Мандухай сэцэн хатан" киноны Хурц зайран Мөнхийн дүрийг бүтээжээ. Уг дүр түүний түмэндээ бүтээсэн сүүлчийн дүр байжээ.

 

 

Чимэд-Осор Дэндэвийн
Жүжигчин Дэндэвийн Чимэд-Осор
Д.Чимэд-Осор: "Өндөр ээж" киноны Дамирангийн дүр