Чан Чунь бумба

 

Чан Чунь бумба.  Хятадын гүн ухаантан. Чан Чунь гэдэг нь номын нэр Хятадаар: 長春 буюу "Мөнхийн хавар" гэсэн утгатай.  Чухам нэр нь Цю Чи Жи, өргөсөн нэр нь Түн Мэй. Чан Чунь Бумба 1148 онд Шандунь мужийн нэгэн бяцхан тосгонд мэндэлжээ. Тэрээр 19 настайдаа гэрээсээ гарч хуврага болжээ. Бумбын ёсонд ихээхэн мэргэжиж, багшийнхаа нас барсны дараа ууланд бясалгал үйлдэж, тэр үеийн алдарт долоон аршийн нэг хэмээгдэж, нэр цуу нь их дэлгэрчээ.

Чингис хаан Чан Чуний нэрийг Алтан улсад дайлаар явахдаа сонсож, түүнийг Монгол газар урьсан зарлигийн бичгийг тусгай элчид авахуулан мордуулжээ. Чингис хаан Чан Чунь Бумбыг урьсан нь улсыг жолоодох, иргэнийг засах талаар хятадын гүн ухаантан эрдэмтэнтэй харилцан санал солилцож, зөвлөлдөх гэсэн хэрэг байлаа. Тэгэхдээ монголынхоо ард олныг хэрхэн удирдах, өөрийнхөө орны аж ахуйг хэрхэн хөтлөхийг түүнээс асууж мэдэх гэсэн хэрэг огтхон ч биш. Чингис хаан Монголын нүүдлийн нийгмийн тухайд бол хэнээс ч илүү мэдлэгтэй байлаа. Гагцхүү эрхэндээ орсон олон аймаг овог ястны суурин ард түмнийг хэрхэн захирч байх талаар Чан Чунь Бумбын саналыг сонсох нь Чингис хаанд хэрэгтэй байжээ. Түүнээс гадна мөнхжүүлэх эм гуйх хүсэлтэй байв.

Чингис хаан 1222 онд Чан Чунь Бумбатай Гиндикуш ууланд аяны ордондоо уулзжээ. Чан Чунь хаанд бараалхахдаа сөгдсөнгүй. Өчүүхэн бөхийсхийж, таягаа тулж зогсоход Чингис түүнд суудал өгч суулгажээ. Тэрхүү өтгөс арш суух нь цэх, зогсох нь ургаа мод мэт шулуун, хөдлөх нь шаламгай хурдныг Чингис хаан ажиглаж, жирийн хүн биш болохыг мэдрэв.

Чингис хаан Чан Чунь Бумбад өөр хаад урихад очсонгүй атлаа миний урилгыг хүлээн авч түмэн бээрийн тэртээгээс алжаах зовохыг үзэж, уулзахаар ирсэнд талархсанаа илэрхийлэв. Чан Чунь Бумба Чингис хаанд:

-Мөхөс би уул завын хөдөөх хүн. Тэнгэрийн тааллаар эзэн танд бараалхахаар ирэх нь зүйн хэрэг гэж хариу өчив. Чингис хаан ихэд баярлан түүнийг дайлах зуур,

-Та над мөнхрөх эм авчрав уу гэж асуухад Чан Чунь бумба:

-Биеийг тэжээн засах эм бий. Насыг уртатгах арга байна. Харин мөнхрүүлэх эм надад байхгүй гэж айлтгав. Төрөх үхэх гэдэг ертөнцийн их ёс. Хэн ч өөрчилж чадахгүйг Чингис хаан сайн мэдэх тул Чан Чуний ийнхүү эрс шулуун хариу хэлснийг сонсоод өчүүхэн ч урам хугарсангүй. Харин түүнийг шударга үнэн үгтэй хүн хэмээн их л сайшаав.

Чингис хаан хэлмэрчээр дамжуулан

-Таныг тэнгэрийн заяасан мөнх хүн гэж дууддаг гэнэ. Энэ нэрийг та өөрөө өгөв үү, бусад хүн ийнхүү нэрлэв үү гэж асуухад,

-Миний энэ нэрийг бусад хүн надад өгсөн юм. Би өөрөө хаанаас өөртөө ийм нэр өгөх вэ? гэж Чан Чунь хариулжээ. Чингис хаан:

-Та урьд ямар нэртэй байсан бэ гэхэд Чан Чунь

-Хүмүүс намайг Сян Сан гэж нэрлэдэг юм гэв. Чингис хаан түүнийг сонсоод Чингай сайдаас:

-Чан Чунь Бумбыг хэрхэн дуудаж нэрлэж байх вэ? гэж асуухад:

-Гэгээн багш гэж нэрлэвэл ямар бол гэж Чингай айлтгав. Чингис хаан тэр саналыг сайшаан зөвшөөрч

-Тэгвэл Гэгээн багш гэж нэрлэе гэв.

Гиндикуш уулнаас Чан Чунь бумбыг Самаркандад очиход Чингис түүнийг мянган цэргээр хамгаалуулан явуулжээ. Чингис хаан ч өөрөө Самаркандад иржээ. Чингис хаан Чан Чунь Бумбатай гурван удаа уулзаж түүний ном тавихыг сонссон байна. Чан Чуныг номлоход заримдаа хөвүүн Тулуй болон бичиг хэргийн хэргэмтэн нарыг суулгадаг байжээ.

Чингис хаан нэг удаа уулзахдаа:

-Улсыг засахад тун хүчир бэрх. Миний сэтгэл хүчийг их зовоож байна гэхэд:

-Их улсыг засах нь бяцхан жараахайг шарах лугаа адил. Хэт чанга үрвэл мах нь үлдэхгүй унана. Бага шарвал түүхий. Хэт шарвал түлэгдэнэ. Улсыг засах нь үүн лүгээ адил. Ямагт хэрсүү хичээнгүй болгоомжтой байх нь чухал хэмээн айлтгав. Чингис хаан Чан Чунь бумбын энэ үгийг ихэд ойшоожээ.

-Нэгэнт байгуулсан их улс гүрнийг тогтоон барих ямар арга байна гэж Чингис хааныг асуухад, Чан Чунь баахан бодолхийлснээ,

-Догшин салхи өдөр турш үргэлжилдэггүй. Аадар бороо ч өдөр турш ордоггүй. Тэнгэр газар ч салхи бороог цагаар захирч чадахгүй байтал хүн яахан өөрийн дураар байж чадах билээ. Аливаа юмс тэнгэрийн тааллаас шалтгаална хэмээн айлтгав.

Нэг өдөр Чингис хааныг ав хомрогод явахад унасан морь нь зэрлэг гахайнаас үргэж бусган хааныг санамсаргүй хөсөр унагажээ. Зэрлэг гахай хааныг дайрсангүй. Шадар бараа бологчид нь сандарч мэгдэн хааныг босгож, ордонд нь авчирчээ. Энэ явдлын дараа Чан Чунь Чингис хаанд бараалхаж,

-Хаан та аливаа зүйлийг тэнгэрийн таалалд нийцүүлж байх болов уу. Үүнээс хойшид хаан ав гөрөө хийхийг цөөлнө үү. Хаан мориноос шилжсэн нь тэнгэр сэрэмжлүүлэн ятгасан хэрэг гэж айлтгахад, Чингис хаан тэргүүнээ дохиж,

-Би үүнийг сайн мэдэв. Таны ийнхүү хэлэх нь туйлын зөв. Бидний Монголчууд хар багаасаа харвах намнах алавхийн давхих дуртай. Нэгэт сурч дадсан зүйлийг орхиход хялбаргүй. Гэвч аршийн хэлсэн үгийг зүрхэндээ шингээн авъя хэмээн айлдлаа.

Чингис хаан нэг удаагийн уулзалтаар Чан Чунь бумбаас газар хөдлөх, тэнгэр дуугарах тэргүүтэн гамшиг зовлон тохиолддогийн учрыг асуув. Чан Чунь:

-Та тэнгэрийн хилэнгээс зайлсхийхийн тулд зуны цагт гол усанд хувцас угаах, талд мөөг түүх, шинэ эсгий хийхийг цаазалсан байх нь чухал. Энэ бол тэнгэрийг сүслэх учир биз ээ. Гэвч гурван мянган нүгэл хилэнцийн дотроос хамгийн хүнд нь эцэг эхээ гомдоох доромжлох явдал мөн. Би бодвол таны албат харьяат нарын дотор тийм нүгэл хилэнцтэй хүн лав олон байх. Эзэн та үлэмжийн нэр хүндтэй тул ард иргэдээ соён засах болов уу гэсэн утгатай үгийг айлдахад хаанд аршийн үг гүнээ нийцэж гэгээн багшийн үг туйлын зөв. Би мөн ингэж боддог гэж хэлээд дэргэдийн бараа болоочдод аршийн айлдсаныг уйгур үсгээр тэмдэглэж ав гэж зарлиг болгож байжээ.

Чан Чунь бумба Чингис хаанд хэдэн удаа бараалхахдаа насан хутгыг хэрхэн уртатгах тухай нарийн нууц аргыг хэлж өгсөн ажээ. Чингис хаан ч арш надад маш чухал зүйлийг хэлж өглөө гэж баярлаж байжээ.

Чан Чунь бумбыг нутаг буцахад Чингис хаан ихэд хүндэтгэж бэлэг сэлт өгч, мянган цэргээр хамгаалуулан, буцаасан байна. Чан Чунийг мордоход хааны ордны сайд түшмэд цэргийн дарга нар хэдэн газрын үзүүрт хүртэл үджээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

1. Чингис хаан

Чан Чунь бумба
Чан Чунь бумба
Ухань дахь Чан-чунь бумбын сүм