Ц
Циолковский, Константин Эдуардович
Циолковский, Константин Эдуардович

 

Константи́н Эдуа́рдович Циолко́вский нь 1857 оны 9 сарын 5 нд, Рязань мужийн Ижевскд мэндэлж 1935 оны 9 сарын 19 нд ЗХУ-ын Калугад нас нөхчжээ. К.Циолковский нь Орос, Зөвлөлтийн эрдэмтэн (бие даан суралцсан) судлаач, дунд сургуулийн багш  хүн байлаа. Константин Циолковский аэродинамик болон агаарт хөвөх арга зам, тийрэлтэт хөдөлгүүрийг пуужинд ашиглах, болон  олон шатлалт пуужингийн санааг анхлан дэвшүүлсэн тэрээр Германы Херманн Оберт, Америкийн Роберт Х. Годдард нарын хамтаар пуужин, сансар судлалыг үндэслэгчдийн нэг хэмээн тооцогддог. Түүний судалгааны ажлуудыг хожмын Зөвлөлтийн пуужингийн инженерүүд болох Сергей Королёв, Валентин Глушко нар амьдралд хэрэгжүүлсэн билээ. Циолковский амьдралынхаа ихэнхийг Москвагаас баруун өмнө зүгт 200 орчим километр зайд орших Калуга хотын захад орших модон байшиндаа өнгөрүүлжээ.

Орсын сансар судлалын эцэг, Орсын дэлхий судлалын нийгэмлэгийн гишүүн, шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч, сансар огторгүйг эзэмших санааг дэлгэрүүлэгч тэрээр  задгай сансар дахь тойрог замын станц байгуулж, хүн төрөлхтөн өөр гариг ертөнцд хэрхэн шилжин суурьших арга зам, санаануудыг дэвшүүлжээ.

Тэрээр Начин шонхор сүлдтэй Польшын язгууртны гаралтай Циольковскийн удам (польшоор: Ciołkowski) бөгөөд тэрээр 9 настайдаа чаргаар гулгаж байгаад өвдсний улмаас сонсголгүй болжээ. Сонголгүй болсон нь бусад хүүхэд багачуудаас тусгаарлаж тэрээр гар урлалаар сонирхон хичээллэж хүүхэлдэйд тэшүүр, бяцхан байшин, цаг зэрэг элдвийн зүйл урлах болжээ.  Энэ үед тэдний гэр бүл Вятскд ирж Польшуудын  нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр аав нь ойн хэлтсийн ахлагч болжээ.

Тэднийх Вятскд  худалдаачин Шуравины байшинд амьдарч байжээ. 1869 онд Костя дүү Игнатын хамт Вятской гимназид орж суралцжээ. Тус сургуульд сурахад түүнд тун хүндрэлтэй байлаа. Энэ үед тэнгисийн сургуульд сурч байсан ах,  дараа нь ээж нь нас барав. Тэрээр хоёрдугаар ангидаа хоёр улиран сурав. Тэрээр гуравдугаар ангид орох үеэс бие даан суралцаж эхэлжээ. Энэ үеэс тэрээр техникийн болон шинжлэх ухааны бүтээлч эрэл хайгуул хийх болов.  Тэрээр зайнаас хэмжээ тодорхойлогч багаж, өөрөө өнхрөгч дугуй, гэрийн суурь машин, галт тэрэгний зүтгүүрүүдийн загвар хийх болжээ. Үүнийгээ тэрээр зах дээрээс хуучин эд зүйлс худалдан авч сэлбэг хэрэгсэл болгон хэрэглэж байжээ. Үүний сацуу илбэ сонирхож илбэд хэрэглэдэг олон тооны хайрцаг төхөөрөмж  хийх болжээ. Тэрээр агаарын бөмбөлөгийн загвар хийж байхдаа далавчтай машин техник зохион бүтээх санаа түүнд орж иржээ. Хүүгийнхээ авьяас чадварыг мэдэрсэн Эдуард Игнатьвич Циолковский 1873 онд Москвагийн Техникийн дээд сургуульд (өнөөгийн Москвагийн Бауманы техникийн их сургууль ) явуулахаар шийдэж танилдаа туслахыг хүссэн захидлын хамт явуулжээ. Константин захидлыг гээж зөвхөн хаягыг нь бүдэг бадаг санаж байжээ. Түүнийг сургуульд элсүүлээгүй боловч тэрээр угаалгачны байрыг хөлсөлж бие даан суралцахаар шийджээ. Тэрээр хар ус хар талхаар л амиа зогоож унаа тэрэг хөлсөлөхгүй байнга явган явж, ном болон химийн тоног төхөөрөмжинд хамаг мөнгөө зарцуулж байлаа. Аав нь сард 10-15 рубль явуулдагаас 9 копьекний талх усаар амь зогоож сард 90 копьек хоолондоо зарцуулж бусдыг нь мэдлэг эзэмших зардалд зарцуулж байжээ. Тэрээр тухайн үед Москвад үнэ төлбөргүй үйлчилдэг байсан Чертковскийн нийтийн номын санд өдөр бүр өглөө есөөс өдрийн 3 цаг хүртэл суудаг байв. Энд тэрээр Орсын сансар судлалыг үндэслэгч Николай Фёдорович Фёдоровтой танилцжээ. Фёдоров номын санчаар ажиллаж байсан тул хүүд сансар огторгуйн болон хориотой номуудыг өгч уншуулах болов. Хожим энэ тухай Циолковский : Фёдоров надад их сургуулийн профессорыг оролдог байлаа хэмээн дурсан бичсэн байдаг. Тэрээр номын санд суухдаа эхлээд тодорхой шинжлэх ухааны ном зохиолыг судлаж дараа нь шинжлэх ухааны нийтлэл, дараа нь Шекспир, Льв Толстой, Тургеневын зохиоудаас уншиж Дмитрий Писаревийн нийтлүүдэд шимтдэг байжээ. Тэрээр Дмитрий Писарев намайг өөрийгөө нээхэд тус болсон хэмээн дурсжээ.

Москвад өнгөрүүлсэн эхний жилдээ тэрээр физик болон математикт хичээн бие даан суралцсан бөгөөд 1874 онд Чертковскийн нийтийн номын сан Румянцевын музей руу нүүжээ. Шинэ номын санд тэрээр дифференциаль, интеграл тоо, дээд алгебрь, аналитик болон бөмбөрцгийн геометр, одон орон, механик, хими судлах болжээ. Ингэснээр тэрээр 3 жилд гимназийн бүрэн хөтөлбөр болон их сургуулийн боловсролын хагасыг хэдийнээ эзэмшсэн байна. Эцгийн бие тааруу болж түүнд мөнгө явуулах боломжгүй болсон тул 1876 он Вятскдаа эргэн иржээ. Тэрээр Москвад байхдаа турж эцэн бие нь нилээд сульдаж хараа нь муудсан тул Циолковский гэртээ ирээд нүдний шил зүүх болов. Тэрээр хүчээ сэлбээд физик, математикийн цагийн багшийн ажил хийх болов. Тэрээр өөрийн гэсэн арга  барилаар хичээлээ явуулж байв. Тэрээр цаасаар геометрийн дүрсүүдийн загварыг урлаж физикийн хичээл дээр сурагчидтайгаа хамтран олон тооны туршилт хийж хичээлийг ихээхэн сонирхолтой хэлбэрээр явуулах болов. Загваруудаа урлах, туршилт явуулах зорилгоор урлан түрээслэн авчээ. Тэрээр чөлөөт цагаа номын санд өнгөрөөж тухайн үед хэвлэгдэн гарч байсан сэтгүүлүүдийг уншиж өөрийгөө тасралтгүй боловсруулж байжээ. Тэрээр Исаак Ньютоны "Эхлэл" зохиолыг уншснаар түүний шинжлэх ухааны талаарх үзэл санаа нь тодорхой зорилготой болжээ.

1875 онд отгон охин дүү Екатерина, 1876 оны сүүлээр бага дүү Игнатий нараа алдаж уй гашууд автсан тэдний гэр бүл 1878 онд Рязаньдаа эргэн иржээ. Тэрээр Рязаньд ирээд эцгээсээ тусдаа амьдрах болов. Рязаньд багшилхын тулд багшийн мэргэжлийн шалгалт өгөх хэрэгтэй болов. Ингээд 1879 онд тэрээр гимназид математикийн багшийн шалгалт өгчээ. Тэрээр ганц математикийн шалгалт өгсөнгүй өөрөө хэзээ ч сонирхож байгаагүй бурханы номлол, зөв бичгийн дүрэм, биеэ авч явах соёл гэх мэт янз бүрийн шалгалт өгөх шаардлагатай болж маш богино хугацаанд бэлдэн өгч чаджээ. 1880 онд тэрээр шалгалтаа амжилттай өгөөд Москвагаас 10 км зайд орших Боровскд ажиллах томилолт гардан авчээ. Боровскд тэрээр 12 жил багшилж хань бүлтэй болж эрдэм шинжилгээ судалгааны анхны ажлаа бичиж туурвин Орсын шинжлэх ухааны эрдэмтэдтэй холбоо тогтоож эхэлжээ. Боровскийн сургуульд тэрээр арифметик, геометрын хичээл заахын хажуугаар сурачдаар шинжлэх ухааны олон сонирхолтой туршилт хийлгэдэг байжээ.  Нэг удаа тэдний хөөргөсөн цаасан бөмбөлөг хотод гал түймэр дэгдээх шахаж байжээ. Тэрээр зарим үед шугам зураг, дүрслэх урлаг, түүх, газар зүйн  багшийг орлон хичээл заах шаардлага гардаг байжээ. Хичээл тараад тэрээр гэртээ янз бүрийн гар бичмэлүүдийг судалж туршилт хийж шуигам зураг зурдаг байв. Түүний гэрт цаасан хүүхэлдэйнүүд бүжиглэж, цахилгаан цахиж, хонх жингэнэн дуугардаг байлаа. Түүний хамгийн анхны бүтээл нь биологи дахь механикт чиглэгдсэн "Мэдрэхүйн график дүрслэл" өгүүлэлээ 1880 онд  "Русская мысль" сэтгүүлд хэвлүүлжээ.  Тэрээр 1881 онд "Хийн талаарх онол" бүтээлээ бичиж Орсоын физик химийн нийгэмлэгт илгээжээ. Түүнд төд удалгүй Менделееваас "хийн кинетикийн онол 25 жилийн өмнө нээгдсэн талаар захиа иржээ. Энэ нь шинжлэх ухааны хүрээллээс хол хөндий байсан тэрээр бусдын нээснийг давтан нээхэд хүргэснийг гэрчилдэг. Циолковский үүнд гутарсангүй судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийх болов. "Организмын өөрчлөлтийн үеийн механик" хэмээх дараачийн  бүтээлээ 1882 онд бичихэд профессор Анатолий Богданов солиорол хэмээн нэрлэж, харин Иван Сеченов түүний ажлыг үнэлсэн хэдий ч хэвлэх шаардлага хангаагүй хэмээн үзжээ. Шинжлэх ухааны чиглэлээр бичсэн түүний гурав дахь өгүүлэлээ 1883 онд  "Нарны цацраг цацрах үргэлжлэл" нэртэйгээр бичиж энэ өгүүлэлдээ тэрээр од гарисын харилцан үйлчлэлийн механизмыг хөнджээ. Нар бол төгс хийн бөмбөлөг бөгөөд нарны төвийн даралт, темпратурыг тогтоохыг зорьжээ.

Орсын Физик-химийн нийгэмлэгийн гишүүд түүнийг өөрсдийн эгнээнд элсүүлэхээр болсон тухайгаа түүнд захидлаар мэдэгдсэн ч  Циолковский хариу өгөлгүй удаасан гэдэг. Тэрээр 1883 онд "Чөлөөт орон зай" хэмээх бүтээлээ өдрийн тэмдэглэл хэлбэрээр бичжээ. Түүний энэ бүтээл нь ургуулан бодсон туршилтын шинжтэй, агааргүй орон зайд чөлөөтэй жингүүдэн явж ажиглалт хийж буй байдал болон таталцлын хүн, эсэргүүцэл ямар байхыг хийсвэрлэн төсөөлж бичжээ.  Энэ орчинд янз бүрийн биетүүд тэдгээрийн манипуляци, хий болон ус ямар төлөв шинж үзүүлэх, багаж төхөөрөмжүүд хэрхэн ажиллах, организм физологид гарах өөрчлөлтүүдийг төсөөлөн бичжээ. 

Тухайн үед аэростатд бэхжүүлсэн резинэн даавуу хэрэглэдэг байсан хэдий ч даавуу амарсан сэмэрч доторхи устөрөгч нь агаартай исэлдэн гал авалцан дэлбэрэх, осол аваарь гарах нь их байлаа. Иймд Циолковский аэростатын өөрийн хувилбарыг 1885-1886 онд боловсруулжээ. Тэрээр Дирижабль хэлбэрийн бүтэцтэй шийдэж гадна талыг нь нимгэн төмрөөр бүржээ. 

1887 оны 4 сард тэрээр Москвад ирэхэд түүний Дирижабль -ийг сайшааж гар бичмэлийг Столетов Н.Е.Жуковскийд шилжүүлэн өгчээ. Тэрээр 1889 онд Дирижаблиа боловсронгуй болгохоор ажиллаж "Металл хийцтэй дирижабль хийх тухай" өгүүлэлээ цаасан загваын хамт 1890 онд  Петербург руу  Д. И. Менделеевд явуулжээ. 

1887 онд Циолковский "Саран дээр" хэмээх анхныхаа зөгнөлт туужыг бичжээ. Энэ нь "Чөлөөт орон зай" бүтээлээ уран сайхны хэлбэрт оруулан бичсэн бүтээл юм.

  • 1883 он. "Чөлөөт орон зай"
  • 1902-1904 он. "Байгалын шижлэл болон ёс зүй"
  • 1911он. "Дэлхийн тийрэлтэт хөдөлгүүр, төхөөрөмжийн судалгаа".
  • 1914он. "Дэлхийн тийрэлтэт хөдөлгүүр, төхөөрөмжийн судалгаа". нэмэлт
  • 1924 он. "Сансрын хөлөг"
  • 1926 он. "Дэлхийн орон зай дахь тийрэлтэт хөдөлгүүр, төхөөрөмжийн судалгаа"
  • 1925 он. "Хүн төрөлхтний Монизм"
  • 1927 он. "Сансрын пуужин. туршилтын бэлтгэл"
  • 1927 он "Хүн төрөлхтний цагаан толгой"
  • 1928 он. "Сансрын пуужингийн талаарх 1903-1907 онд хийсэн ажил"
  • 1929 он."Сансрын пуужин галт тэрэг"
  • 1929 он. "Тийрэлтэт хөдөлгүүр"
  • 1929 он. "Гариг хооронд аялах зорилго"
  • 1930 он. "Гариг хоорондын аялал"
  • 1931 он. "Хөгжим болон түүний үүслийн мөн чанар"
  • 1932 он. "Тийрэлтэт хөдөлгөөн"
  • 1932-1933 он. "Пуужингийн түлш"
  • 1933 он. "Сансрын хөлгийн суурь"
  • 1933 он. "Сансрын хурд"
  • 1935 он. "Пуужингийн дээд хурд"
Циолковский, Константин Эдуардович
Константи́н Эдуа́рдович Циолко́вский
Николай Фёдорович Фёдоров.
К. Э. Циолковского "Анхны сансрын хөлгийн зураг.
Модны цөгцгий