Цармын бүргэд

 

Цармын бүргэд (Aquila chrysaetos) нь Харцагынхан овгийн хүчирхэг махчин шувуу бөгөөд Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг. Цармын бүргэд нь маш хурдан буюу 240 км/ц  хурдтай нисч чаддаг байна. Цармын бүргэдийн урт нь 65-100 см, далавчаа дэлгэсэн урт нь  150-240 см,  2.5-7 кг жинтэй. Бүртгэгдсэн хамгийн том хэмжээ нь 102 см урт, 9 кг жинтэй байжээ. Эм бүргэд эрээсээ биеэр том байна. Тэд хар бор, хар хүрэндүү өнгөтэй байх бөгөөд толгойн орой, шилэн хүзүү хэсгээр шаргалдуу өдтэй.

 

Туулай, чандага, тарвага, зурам, нугын нохой болон хулгана, үнэг, суусар зэрэг хөхтөн амьтан барьж иднэ. Мөн гургуул, ятуу, сойр гэх мэт шувуудыг барьж идэх бөгөөд өвлийн хахир хүйтэнд идэш тэжээл олдохгүй үед улай, сэгээр хооллох ч үе бий. Мөн зарим томхон хөхтөн амьтан цаа буга, зээр, гөрөөс зэрэг агнах төдийгүй нас бие гүйцсэн том цармын бүргэд чоно барьж байсан тухай мэдээлэл байдаг.

 

Энэ бүргэд нь амьдралаа нэг хостойгоо л өнгөрүүлдэг байна. Эзэмшил газраа хэд хэдэн үүр барьж сэлгэн амьдардаг. Нэг хосын эзэмших нутаг дэвсгэр 155 хавтгай дөрвөлжин км байна. Үүрээ өндөр байц хад, модны оройд иш мөчир, өвс ашиглан барьдаг. Үүрэндээ ирэх бүр хэрэгцээт засвар хийн нэмж томсгох тул олон жил хэрэглэсэн хуучин үүр нь 2 м голчтой, 1 м өндөр том байдаг. Заримдаа модон дээр зассан үүрний хүнд жинг даахгүй модны тулгуур мөчир нь хугарах нь бий.

 

 

Эм бүргэд 1-9 сарын хооронд 2-4 өндөг гаргана. Өндөг нь цав цагаан эсвэл бор толботой байна. 40-45 хоног дарж дэгдээхэй болдог. Дэгдээхэй нь зөөлөн цагаан өд сөдөөр бүрхэгдсэн байдаг. Өсгөж бойжуулах явцад голдуу ганц нь л амьд үлдэж том болдог аж. Дэгдээхэй 65-80 хоноод нисэж сурах ба 3 сар хүрээд бие даан амьдарна. 3-4 нас хүрээд үржилд орох нас бие гүйцэх бөгөөд 5 нас хүрээд өд сөд нь гуужин солигддог.

Цармын бүргэд
Цармын бүргэд. Aquila chrysaetos.
Falco chrysaëtos Линней, 1758