Цагаан мөөг

 

Хүнсний болон эмчилгээний өндөр ач холбогдолтой Цагаан мөөг буюу Талын цагаан мөөг Tricholoma mongolicum Imai нь Салбант мөөгний овогт хамаарагдах хамгийн их тархсан тэжээллэг чанараараа нилээд үнэлэгддэг сайн чанарын ургамал юм. Цагаан мөөгний малгайн орой нь цагаан, томорсон үедээ голчоороо 6-19 см, зарим нь 21 см ч байдаг. Шилбэ нь суурь руугаа бүдүүрсэн богионовтор, малгайтайгаа бат бэхлэгдсэн, малгайтайгаа адил цагаан өнгөтэй байна. Доод тал нь цагаан өнгийн салбангуудаас тогтоно.

 

6 дугаар сарын сараас 9-10 дугаар сар хүртэл ургадаг. Манай орны ойт хээр, тал хээрийн бүсэд маш өргөн тархсан асар их бэлтгэл нөөцтэй. Хээрийн цагаан мөөг гол төлөв чийглэг зөөлөн хөрсөнд уулын ар, хажуу хөндийг өгсөн хөх манан татуулан ургадгыг бид мэднэ. Хээрийн цагаан мөөгний хүрээнд өөр ямар ч мөөг холилдон ургахгүй, мөөгний махлаг хэсгийг хугалсны дараа цагаан өнгөө алддаггүй онцлогтой. Цагаан мөөгийг намар 8 дугаар сард түүж авна. Хур бороо ихтэй жил элбэг урагана. Өглөө эрт түүх нь илүү тохиромжтой. Эрт түүхэд сая гарсан мөөг чийрэг чанга байхаас гадна өглөөний нарны туяанд тод харагдах талтай. Сийрсэн сав хувинд түүх нь илүү тохиромжтой. Мөөгийг гүйцэт хатаах хэрэгтэй. Хэрэв дутуу хатсан бол амархан муудах хэт хатсан бол чанараа алдана. Хатаахын өмнө шороо, тоос, өвс, ургамлаас нь сайтар цэвэрлэж бөх утсанд хэлхэн өлгөж хатаана. Цэвэрлэхдээ угааж болохгүй харин арчих буюу их шороотой хэсгийг огтлон хаяж цэвэрлэх нь зүйтэй.

 

Мөөгний өт хорхойг устгахын тулд буцламтгай халуун усанд 2-3 удаа хурдан дүрээд усыг сэврээнэ. Том мөөгийн 4-6 хэсэг болгож арай жижгийг 2-4 хэсэг бүр жижиг мөөгийг хэвээр нь хатаана. Утсанд хэлхэж хатаахдаа мөөгний хэрчим бүрийн хооронд жижиг цаас хавчуулна. Мөн түүнчлэн цахилгаан хатаагч шүүгээний 45 хэмийн халуун нөхцөлд дэлгэцэн дээр сийрэг тарааж тавьж 5-6 цаг болгоод, гүйцэт хатаахын тулд 60-70 хэмийн халуун болтол нэмээд хатаана. Хатааж гүйцсэн мөөгийг гараараа барьж үзэхэд хуурай, амархан үйрч унахгүй хөнгөн байдаг.

 

Цагаан мөөгийг хоолны хольцонд хэрэглэгдэг үнэтэй материал төдийгүй фитонцидтай эмийн ургамлын төрөлд багтдаг. Талын цагаан мөөгийг Төвд болон Монгол ардын анагаах ухаанд нялхсын халуун, савны халуун, дотор халуун бууруулах, элэгний эмчилгээнд хэрэглэдэг. Орчин үед артерийн цусны даралт бууруулах, хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг илрүүлжээ. Цагаан мөөг герценин хэмээх бодис агуулах бөгөөд энэ нь бодисын солилцооны хэвийн ажиллагааг дэмжих, зүрхний бах өвчний өвдөлтийг сулруулах үйлчилгээтэй. Цагаан мөөг сүрьеэгийн савханцар Кохын савханцарын эсрэг үйлчилгээтэй антибиотик бодис агуулдаг байна.

 

Төрөл бүрийн уурагт нэгдэл, ферментүүд, нүүрс ус, өөх тос, амин дэм, эрдэс бодис агуулдаг ажээ.    

Цагаан мөөг
Цагаан мөөг
Tricholoma mongolicum Imai