Цагаан бөлбөө

 

 

 

Монголын Улаан номонд орсон ургамлууд

 

Цагаан Бөлбөө буюу цагаан лянхуа буюу Бадамлянхуа цэцэг. Латинаар Nymphaea candida нь нуур цөөрөм, тогтуун урсгалт гол горхи, татуургын усанд ургадаг олон наст ургамал юм. Их нууруудын хотгор, Дархдын Хотгорын Цэцэгт нуур, Хомын хоолой, Хангайн нурууны Идэрийн голын хөндийн цөөрмүүд, Хар ус нуур, Чоно харайхын гол, Хомын хоолойд ургадаг ховор тархацтай цэцэг юм. Үр, үндэслэг ишнээс сэргэн ургахдаа сайн.

 

Монголчууд Цагаан Бөлбөө цэцгийг Усан хатан хаан хэмээн нэрлэдэг.  30 см өндөр, 10-18 см голчтой, зууван дугуй том далбагар навчтай, сууриараа зүрхэрхүү, орой нь шовх усны мандал дээр ургадаг үзэсгэлэнт цэцэг юм. 5 сарын сүүлээр цэцэглэж 8 сарын сүүлээр цэцэг нь унана.  Цэцэг нь өглөө 7 цагийн үеэс дэлбээгээ дэлгэж орой 17 цагийн үеэс дэлбээгээ хумидаг.

 

Цагаан лянхуа буюу бадамлянхуа цэцгийг дорно дахинд ихэд дээдлэн бурхдыг дээр нь залруулан бүтээдэг. Монголчууд соёмбо үсгийн доор уг цэцгийг байрлуулж ирсэн бөгөөд Монгол улсын өнөөгийн сүлд ч цагаан бөлбөө цэцэгтэй билээ. Усны ёроолын хар шавраас ургадаг ч цагаан цэцэгт нь хир буртаг огт халддагүйн адил Монгол улсын төлөө зүтгэх хүмүүн бүрийн сэтгэл ариун цагаан байх болтугай гэсэн билгэдэл агуулж байдаг.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монголын Улаан номонд орсон ургамлууд

Цагаан бөлбөө
Цагаан Бөлбөө. Nymphaea candida
Монгол улсын сүлд