Цагаан Суль

 

Цагаан суль. Elymus racemosus Lam. Дэлхийн умард хагасын сэрүүн бүслүүрт Цагаан сулийн 20 гаруй зүйл ургадаг. В.И.Грубовын 1982 онд Монгол улсын нутагт Цагаан сулийн 21 зүйл байгааг тогтоожээ. Тус улсын тэжээлийн ургамлын генофондод Цагаан сулийн үрийн томоохон цуглуулга байдаг. Нутгийн малчид энэ гадаад төлөв байдлаараа төсөөтэй, элсэнд ургадаг үндэслэг ишт Хар Сультай адилтгадаг бөгөөд Суль буюу Хар Суль гэж нэрлэдэг. Цагаан суль нь 100 см орчим өндөр, урт үндэслэг иштэй, хатуу бууралдуу ногоон өнгийн ширүүн навчтай, бүдүүн иш бүхий том үет ургамал. Түүнийхээ голд 4-6-р хэсэглэж суусан түрүүхэйтэй, маш өтгөн, эгц шулуун (20-30 см хүрэхүйц) урт түрүүтэй. Том үртэй байдаг. Цагаан суль нь муухан бэхлэгдсэн элсэн дээгүүр ургадаг жинхэнэ элсний ургамал бөгөөд Монголд үндсэндээ Их нууруудын хотгорт зохилдон ургахаас гадна Тэс, Завхан, Хүнүй голуудын хөндийг дагасан элсээр ургана.

 

Цагаан суль муухан бэхлэгсэн довцог элсэн дээгүүр эдификатор болохдоо сийрэг боловч дангаараа нэг бус удаа ургасан байдаг. Зүүн өмнө зүг рүү ахих тутам говийн нууруудын хөндийд Цагаан Суль ижлэвтэр нөхцөлд ургадаг элсний өөр зүйлийн ургамал Хар сулиар солигдоно. Цагаан суль одоо хир Онги, Түйн гол, Таацын голуудын адгийн элсэнд хараахан олдоогүй байна. Говийн дорнот хэсэгт (Сайншанд хотын ойролцоо) Сайн-Усны хотгорын элсэнд ганц нэгээрээ ургасан байдаг. Улмаар зүүх тийш Дарьгангын элсэнд Суль тохиолддоггүй. Говийн цөлийн бүс рүү орж ургадаггүй. Мөн Хангайд Орхон, Туул голуудын сав дагуу (Улаанбаатараас баруун өмнө 100км зайтай Туулын тохой, Борогчингийн шанд зэрэг) багавтар элсэн хурдас дээгүүр тохиолдоно. Энд тэр нь Эрхүүгийн Согоовор, Үхэр Харганы хамт нүүдэг сул элсэн дээр ургана. Цагаан Суль нялх байхдаа ч гэсэн хатуу бүдүүн тэжээл болдог байна. Түүнийг адуу (ялангуяа үржлийн ишний доод шүүстэй хэсэг болон түрүүг) сайн, үхэр дунд зэрэг хонь муу иддэг.

 

Цагаан суль нь шим тэжээлт чанараар харьцангуй бага, бага бүдүүн тэжээл болдог боловч сайн хагдарч өвөлждөгийн хувьд ялангуяа өвлийн цагт ихээхэн ач холбогдолтой. Монголчууд түүний үрийг хар сулийн адил цуглуулж болсон гурил, амуу будааны хэлбэрээр хүнсэнд хэрэглэдэг байна. Сулийн үрийг эцэж ядарсан малыг тэжээхэд хүчит тэжээл болгон хэрэглэдэг байна. Мөн элсийг сайн бэхжүүлэгч ургамалд тооцогддог учраас гол төлөв баруун Монголын Их нууруудын хотгорын нүүдэг элстэй тэмцэхэд ашиглахад зохистой. Түүнийг хатаж хагдармагц үрийг нь гүвж авч уутлан хадгална. Цагаан Суль, Хар Сулийг бодвол сийрэг ургацтай, нөөц багатай. Цагаан сулийн гурилыг ихэвчлэн түүхийгээр нь нүдэж тээрэмдэн цай унд чанах, хоолонд гурил орлуулан ашигладаг аж.

 

Ижил нэршил:

 

  • Elymus arenarius L. var. giganteus (Vahl) Schmalh.
  • Elymus giganteus Vahl [H&C]
  • Leymus giganteus (Vahl) Pilger

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Өндөр цагаан Суль

2. Дагуур цагаан Суль

3. Холимог цагаан Суль

4. Нангиад цагаан Суль

5. Хар Суль

Цагаан Суль
Цагаан Суль
Цагаан суль. Elymus racemosus Lam.