Ц
Цагаан Дуламсүрэнгийн
Цагаан Дуламсүрэнгийн

 

Хэлбичгийн ухааны дэд эрдэмтэн, доцент Дуламсүрэнгийн Цагаан 1927 онд Улаанбаатар хотод гүн зэрэгтэй эмч хүний гэр бүлд мэндэлжээ. 1944 онд Багшийн сургуулийг тооны багшийн мэргэжил эзэмшин Баянхонгор аймгийн Баянзүрхийн дунд сургууль, Улаанбаатар хотын Уран сайхны сургууль, Мал эмнэлэгийн техникумд багшилж байжээ. Тэрбээр 1948 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид орж суралцан, 1952 онд ЕБДС-ийн ахлах ангид Монгол хэл бичиг, уран зохиолын багшийн мэргэжлээр төгсч, шинэ тутам байгуулагдсан Улсын Багшийн Институтэд багшилж улмаар, декан, тэнхмийн эрхлэгчээр 30 гаруй жил ажиллаж 1983 оноос гавъяаныхаа амралтанд гарчээ.

 

Д.Цагаан багшийн хань Техникийн ухааны дэд доктор, доцент Б.Гончигдорж , охин нь Б.Хонгорзул (УБДС-ийн Зураг хөдөлмөрийн анги төгссөн) нар юм.

 

Д.Цагаан 1960-1963 онд МУИС-ийн дэргэдэх аспирантурт суралцаж академич Ц.Дамдинсүрэнгийн удирдлагаар 1965 онд “XIX зууны яруу найрагч Д.Равжаагийн яруу найргийн зохиол” гэсэн бүтээлээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Д.Цагаан насан өөд болтлоо дөч шахам жил Монголын уран зохиолын нэрт төлөөлөгч Ноён хутагт Данзанравжаа судлалд онцгой хувь нэмэр оруулсан нэгэн билээ.

 

Д.Цагаан “Монголын уран зохиолын тойм”-ын II, III ботьд зохиогчоор оролцож, III дэвтэрт (1968) “Д.Равжаагийн яруу найраг”, “Саран хөхөөний намтар хэмээх дуулалт жүжгийн зохиогдсон түүх, агуулга, дүр, үзэл санаа”, “Н.Ишданзанванжил, түүний уран бүтээл” гэсэн өгүүллүүдийг, II дэвтэрт (1976) “Түүхэн сурвалж зохиол дахь уран зохиол” зэрэг өгүүллүүдийг бичиж, “Монголын уран зохиол” (Д.Цэндтэй хамтран) багш нарт зориулсан гарын авлага (1958), “Монголын уран зохиолын унших бичиг” I II дэвтэрүүдийг (1961, 1966, 1967) зохиож, “Ноён хутагт Равжаа” (1962), “Д.Равжаагийн яруу найргийн зохиолын тойм” (1965 хэвлэгдээгүй), “Н.Ишданзанванжил түүний уран бүтээл” (1968), “Д.Равжаа. Яруу найргийн цоморлиг” /1993/, “Үлэмжийн чанар” /Монголын уран зохиолын дээжис 41-р боть /1998/ зэрэг гарын авлага, унших бичиг, эрдэм шинжилгээний ганц сэдэвт зохиол туурвисан бөгөөд Ишданзанванжилын “Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал” хэмээх зохиолын тухай (1961), “XIX зууны үед амьдарч байсан зохиолч Дулдуйтын Равжаагийн уран бүтээлийн тухай” (1964), Д.Равжаагийн сургаалын зохиол дахь энэрэнгүй үзлийн тухай асуудалд” (1974), “XVII зууны түүхийн зохиолч Саган сэцэний “Эрдэнийн товч”-ийн төгсгөлийн шүлгийн тухайд” (1980), XV-XVII зууны үеийн зарим түүхэн өгүүлэгт феодалын бутрал, дотоодын хямралыг шүүмжилсэн нь” (1978), “Д.Равжаагийн зохиосон “Саран хөхөөний намтар” хэмээх дуулалт жүжигт илэрхийлсэн шүүмжлэлт санаа” (1981) зэрэг эрдэм шинжилгээний олон өгүүлэл бичсэний зарим нь Орос, Хятад хэлээр орчуулагдан хэвлэгджээ. Монголын эрдэмтэд ОХУ, Унгар улсын эрдэмтэдтэй хамтран бичсэн “Литературные связи Монголии” (1981) эмхтгэлд “Творчество Д.Равджи в свете взаимосвязей монгольской литературы с индийской и тибетской литературами” өгүүлэл нь хэвлэгджээ.

 

Д.Цагааны бичсэн Д.Равжаа. “Яруу найргийн цоморлиг” (1993) хэмээх ном нь Монголын уран зохиолын судлалд гарсан дорвитой бүтээлийн тоонд зүй ёсоор орох бөгөөд тэрбээр урьд өмнө хэвлүүлж байсан бүтээлүүдээ ерөнхийд нь нэгтгэж, өмнөх эмтгэлд ороогүй Монгол, Төвд хэлээр зохиосон нэлээд шүлэг, сургаалыг нэмж нийтдээ Д.Равжаагийн 220 гаруй зохиол бүтээлийг уг номондоо багтааж, үгийн тайлбар хавсарган хэвлүүлжээ.

 

Бүтээлийн жагсаалт

 

I. Ганц сэдэвт зохиол, сурах бичиг, эмхтгэл

 

1. /Н,Г/ үсгийг заах тухай, “Хэл заах гарын авлага”, УБ.,1957

2. Монголын уран зохиолын унших бичиг /I дэвтэр/, УБ.,1961,16 х/х

3. Монголын уран зохиолын унших бичиг /II дэвтэр/, УБ.,1966,36 х.х

4. Монголын уран зохиолын унших бичиг, /II дэвтэр/ (нэмэн засварласан хоёр дахь удаагийн хэвлэл), УБ.,1967, 36 х/х

5. Ноён хутагт Д.Равжаа /Яруу найргийн зохиолын эмхтгэл/, УБ., 1962, 12 х/х

6. Д.Равжаагийн яруу найргийн зохиолын тойм /диссертаци/, УБ., 1965

7. Н.Ишданзанванжил, түүний уран бүтээл, УБ.,1968, 1.х/х

8. Д.Равжаа.Яруу найргийн цомирлог, УБ., 1993, 27,6 х/х

9. Монголын уран зохиолын дээжис /41-р боть/, УБ.,1998

10. Д.Равжаагийн “Саран хөхөөний намтар” хэмээх дуулалт жүжгийн зохиолын хураангуй болон “Саран хөхөөний тууж” хэмээх зохиолтой харьцуулсан судалгаа, /гар бичмэлээр/, 1998

 

II. Хамтын бүтээл

 

1. Монголын уран зохиол /Д.Цэндтэй хамтран/, УБ., 1958, 6х/х

2. Монголын уран зохиолын тойм / III дэвтэр/, УБ.,1968, 4х/х

3. Монголын уран зохиолын тойм /II дэвтэр/, УБ., 1977, 3 х/х

4. Монгольские летописи XVII-XVIII вв. и литература. -Монгольская литература: очерки из истории XIII- первой половины ХХ вв. Сборник статей. Сост.К.Н.Яцковская. -Институт востоковедение РАН, Москва., 1997, стр 84-103

5. Творчество Д.Равджи в свете взаимосвязей монгольской литературы с индийской и тибетскими литературами. -Литературные связи Монголии. Изд. “Наука”, М., 1981, стр198-207

 

III. Эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж, тэмдэглэл

 

а. Эрдэм шинжилгээний өгүүлэл

 

1. Ишданзанванжилын “Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал” хэмээх зохиолын тухай, “УБДС-ийн эрдэм шинжилгээний бичиг”, УБ., 1961, 3-18

2. XIX зууны үед амьдарч байсан зохиолч Дулдуйтын Равжаагийн уран бүтээлийн тухай, “УБДС-ийн эрдэм шинжилгээний бичиг”, УБ., 1964, 37-58

3. Д.Равжаагийн сургаалын зохио дахь энэрэнгүй үзлийн тухай асуудалд, “Монголч эрдэмтдийн II их хурлын илтгэлийн эмхтгэл”, II боть, УБ., 1974

4. Нэгдэлжих хөдөлгөөнийг уран зохиолд дүрсэлсэн нь, “Үнэн”, 1969, №58

5. XVII зууны түүхийн зохиолч Саган сэцэний Эрдэний товчийн төгсгөлийн шүлгийн тухайд, “Хэл зохиол судлал”, XIV боть, УБ., 1980, 143-149

6. XV-XVII зууны үеийн зарим түүхэн өгүүлэлт феодалын бутрал, дотоодын хямралыг шүүмжилсэн нь, “УБДС-ийн эрдэм шинжилгээ-заах аргын бичиг”, № 1 /13, УБ., 1961

7. Д.Равжаагийн зохиосон зарим дуу хийгээд ардын дууны учир холбогдол, “УБДС-ийн эрдэм шинжилгээ-заах аргын бичиг”, ХVII боть, 8-р дэвтэр, УБ.,1981, 79-100

8. Д.Равжаагийн “Саран хөхөөний намтар” хэмээх дуулалт жүжигт илэрхийлсэн шүүмжлэлт санаа, Д.Равжаагийн мэндэлсний 195 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл,

9, “Суутандаа түүх хайртай” өгүүллийн эмхтгэл, УБ., 1998, 18-25 

 

б. Шүүмж, тэмдэглэл

 

1. Д.Равжаа, “Монголын мэдээ” сэтгүүл, 1988, IV сар /хятад хэлээр/

2. Яруу найрагч Данзанравжаа, “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл, 1988, №3, 24

3. “Цагийн эзэлсэн их хүн”, Дорноговь аймгийн “Ялалт” сонин, 1993, 8 сар

4. Дорнын аугаа их найрагч, “Утга зохиол” сонин, 1993, №18,19

5. Ишданзанванжил,/мэндэлсний нь 140 жилийн ойд/, “Улаанбаатар” сонин, 1994, №212-213

6. Ц.Дамдинсүрэн-эх орны утга зохиолын судлалыг үндэслэгч, -Уран зохиол судлал, боть I(XVIII), дэвтэр 5, УБ., 1994

7. Дурсамж /академич Ц.Дамдинсүрэн багшийн тухайд/, “Хүмүүн толь” сонин, 1995, II улирал

8. Их говийн догшин ноён хутагт /зурагт цомог/, Сөүл, 1998

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Банзрагчийн Гончигдорж

 

Цагаан Дуламсүрэнгийн
Д.Равжаа судлаач Д.Цагаан