Цаа буга

 

Цаа буга буюу цасны буга. Латинаар:Rangifer tarandus (Linnaeus, 1758) нь Салаа туруутаны (Artiodactyla) баг, Бугынханы (Cervidae) овогт харъяалагддаг билээ. Цаа буга 50-р өргөргөөс хойш Скандинавын хойг, Зүүн Европ, Орос, Монгол, Хятадын нутагт анхлан тархжээ. Хойд Америкт Аляска, Канад, Вашингтоноос Мэн хүртэл тархсан. Түүнчлэн Сахалин, Гренландад байсан бөгөөд дээр үед Шотланд, Ирландад ч нутаглаж байжээ. Хожуу Плейстоцений үед цаа буга өмнө зүгт Хойд Америкт Невада, Теннесси, Европт Испани хүртэл тархжээ. XVIII зуунаас хүмүүс цаа бугыг гэршүүлж өдгөө уг бугын сүрэг Скандинавын хойг, Орос, Исланд, Монголд байна. Европт зэрлэгээрээ үлдсэн цаа буга зөвхөн Норвегийн өмнөд хэсэгт л бий. XX зууны эхээр Норвегоос цөөн тооны цаа буга Өмнөд Атлантын Өмнөд Жоржиа аралд нутагшуулсан. Өнөөдөр тэнд мөсөн голоор тусгаарлагдсан хоёр тусдаа хэдэн мянгаар тоологдох сүрэг нутаглаж байна. Тус арлын далбаа, сүлдэнд цаа буга дүрсэлсэн байдаг ажээ. 4000 орчим цаа буга Францын Антарктид хавийн ольтриг Кэргэлэн арлуудад нутагшуулсан. Хойд Америкийн зэрлэг цаа бугыг карибу буга гэдэг. Уг буга Арктик, Субарктикт тархсан бугын зүйл юм. 

 

Манай орны хойд хэсэг Хөвсгөл аймгийн ой, тайга бүхий нутагт гэрийн тэжээвэр цаа бугыг үржүүлдэг бөгөөд 2006 оны жилийн эцсийн байдлаар нийт 859 цаа тоологдсоны дийлэнх нь буюу 726 нь Цагааннуур сумын баруун болон зүүн тайгад амьдардаг. Улаан Уул, Хатгал сумдад тус бүр нэгээс хоёр өрх цөөн тооны цаа малладаг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе буюу 1985 онд загасны арвин нөөцтэй Цагаан нуурыг түшиглэн ангийн аж ахуй байгуулж Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумдад харьяалагдаж байсан цаа буга бүхий иргэдийг нэгтгэн нэг сум болгосон түүхтэй. Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих явцад цаа бугын тоо нь эрс цөөрч 2003 онд 600 орчимд хүрч цөөрсөн хэдий ч сүүлийн жилүүдэд өсөх хандлага ажиглагдах боллоо. Одоо байгаа цаа бугын сүргийн бүтцийг нь авч үзвэл хээлтүүлэгч (этэр)-20, хээлтэгч ( мянд)- 238, агталсан эр (зарь) -236, бусад нь өсвөр насных бөгөөд хээлтэгчийн хувийн жин 32.8 хувь байна. 

 

Цаа буга нь жилийн турш хөвдөөр хооллодог тул түүнийг малладаг иргэд цаагаа дагаж далайн түвшнөөс 2500-3500 метр өндөрт өргөгдсөн ян сарьдаг уул бүхий алс бөглүү нутагт урцанд сууж, ан гөрөө хийж, байгалийн баялаг ашиглан амьдарсаар өдийг хүрчээ. Энд өвлийн улиралд цельсийн хасах 29-53 хэм хүртэл хүйтэрч, зун нь нэмэх 12-23 хэм дулаардаг эрс тэс уур амьсгалтай. Цаа бугын эвэр марал бугын эврээс богино, хөнгөн байна. Монголын цаатан иргэд цаа бугаас мах, өөх, сүү, арьс шир, цусан эвэр зэрэг бүтээгдэхүүнийг авч амьдрал ахуйдаа хэрэглэхээс гадна цаа бугыг сургаж, номхруулан уул тайгын бэрхшээлтэй нөхцөлд уналага, эдэлгээ, тээвэрт өргөн ашигладаг.
 

Цаа бугын арьсыг цаатан иргэд өөрсдөө гар аргаар боловсруулж өсвөр насны цаа бугын арьсаар хувцас, годоор нь /шилбэний арьс/ гутал, нас гүйцсэн цаабугын арьсаар дэвсгэр, урцын бүрээс, аргамж, татлага зэрэг зүйлийг хийж амьдрал ахуйдаа хэрэглэдэг. Цаа бугын нутагладаг уул тайгад эрт цас орж хүйтэрч харьцангуй оройтож, дулаардаг тавдугаар сард тал нам дор газраа цас хайлж ногоо цухуйж байхад өндөр уул, уулсын арын цас 6-7-р сард хайлаагүй байдаг. Иймд байгаль цаг агаарын байдал, цаачдын ажил үйлдвэрлэл явуулж байгааг ажиглаж, жилийн улирлын байдлыг тогтоох нь илүү зохимжтой байдаг. Өвөл нь урт 5-6 сар үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл 10-р сарын 20-оос дөрөвдүгээр сарыг дуустал 170-180 хоног үргэлжилнэ. Өвөлдөө 15-60 см цас орж, -30-52 хэм хүйтэрдэг. Хаврын улирал 5- сараас 6-р сарыг дуустал 45-50 хоног үргэлжилнэ. Зуны улирал 7- р сараас 8-р сарыг дуустал 60 хоног үргэлжилэх ба Намрын улирал 9-р сарын 1-ээс 10-р сарын 20 хүртэл 50 хоног үргэлжилнэ. 
 

Цаачид нь уул тайгын бүсийн онцлог байдлыг харгалзан, цаа бугын бэлчээр, маллагааг зохицуулан амьдардаг байна. Өвөл цаа буга нь хөвд хаг, элбэгтэй уулын суга нам доор газар өвөлждөг. Өвөл цаа буга малын адил дулаан хашаа хороо өтөг бууц шаардахгүй. Өвөлжөөндөө буугаад урцаа /гэрээ тойруулж/ цаа бугынхаа хэвтэр гаргаж уядаг. Хэвтэр гаргахдаа хатуурсан зузаан цасыг суллаж тарааж өгнө. Ингээд 4-5 м урттай шургааг модыг газар хаяж, түүнээс нарийн зөөлөн олс, дээсээр оосорлож, 4-5 цаа буга уяна. Энэ модыг цаа буга уядаг зэл мод гэж нэрлэнэ. Цаа буга их цастай жил тарга хүчээ алдахгүйгээр барахгүй улам таргалдаг. Харин бага цастай жил явах гүйх нь ихдэж турж ордог.

Цаа буга урд талынхаа хөлийн өргөн туурайгаараа ямарч зузаан цасыг малтаж бэлчээр гаргаж идээшлэнэ. Анхны цас ороход цагаан хагны гадна талаар цас хайлж хөлдөнө. Үүнээс хойш цааган хаганд цас наалддаггүй өвлийн улиралд цаа буга цагаан хөвд голдуу иддэг тул ус бараг уудаггүй. Бэлчээрийн хүрэлцээний байдлаас өвөлд 2-3 удаа нүүнэ. Тэгэхдээ ойрхон нүүж бууцаа сольдог юм. Учир нь цаа бугын шээс хөлдөж хэвтэх газаргүй болдог тул урцныхаа бууцыг солих шаардлагатай. Өвөл цаа бугыг шөнө нь уяж өдөр нь хариулдаг. Цаа буга цас ихтэй жил бэлчээртэй тогтуун идээшилдэг. Гэхдээ хариулж байгаа цаачин, цаа бугын бэлчээрлэж байгааг нарийн ажиглаж, туранхай сул дорой цаа бугыг тусгайлан ялгаж тогтоож бэлчээдэг. Туранхай сул дорой цаа буга бэлчээрийнхээ цасаа малтаж өвс тэжээлээ гаргаж идэх үед нь тарга хүч бие бялдар сайтай цаа буга уг бэлчээрийг нь булааж иддэг. үүнээс болж сул дорой муу цаа буга улам турж эцдэг. Цаа буга нь цавь суга, хөлийн салаа, чихний орчим бага зэрэг хөлсний булчирхайтай бусад малыг бодвол бараг л хөлсний булчирхайгүй гэж болно. 

Морь малыг зайдан унаад явахад өмд хувцас хөлс болдог, гэрийн тэжээвэр мал цас мөсөн дээр хэвтэхэд хэвтэр нь хайлдаг бол цаа бугын хэвтсэн газрын цас мөс хайлахгүй, зайдан унахад хүний хувцас хөлс болдоггүй, тэр ч бүү хэл бие нь дээр нь орсон цас хайлдаггүй. Цаа бугын үс нь маш шигүү ургасан нарийн ноолууртай /12 микрон/ учир биеийн дулааныг гадагш гаргадаггүй. Цаа буга биеийн шингэнээ хөлсөөр биш амьсгалаараа гадагшлуулдаг амьтан юм. Цаа буга өвөл бэлчээрийн ургамалаас 80-90 хувьд нь цагаан хаг/ хөвд/ иддэг тул сүүлийн 2-3 жил ашиглаагүй бэлчээрийг сонгон авч өвөлжих нь ашигтай байдаг юм. Учир нь цагаан хаг ашиглагдсанаасаа хойш 3 жилийн дараа анхныхаа ургацын хэмжээнд хүрч ургадаг онцлогтой. Иймд бэлчээрийг удаан талхалж /давтаж/ ашиглахгүй байхын тулд нэг бэлчээрийг 50-60 хоног ашиглаад нүүж бэлчээр солих хэрэгтэй. 
 

Цаа буга нь бэлчээрт байхдаа хонь мал шиг бөөнөөрөө сүрэглэж бэлчдэггүй энд тэндгүй ганц хоёроороо тарж бэлчдэг. Иймд цаа бугыг хоёр хоёроор нь холбож бэлчээнэ. Холбосон цаа буга хол явж чаддаггүй, хариулах эргүүлэхэд хялбар байдаг. Хавар мянджиг ид төллөж хугаш нь нялх байх үед өглөө нэг, өдөр хоёр, орой нэг өдөрт дөрвөн удаа саах нь зохимжтой. Өглөө 5 цагт эхний өдөр 10 цаг, 14 цагийн орчимд саагаад орой 20 цагийн үед саадаг. Оройн саалийн дараа мянджигийг хугаштай нь /төлтэй нь/ хамт бэлчээгээд харанхуй болохоос өмнө хурааж уяна. Цаа буга нь явуут дундаа бэлчээрээс өвс ногоо, идшээ иддэг, нэг газар тогтож бэлчдэггүй амьтан юм. Хавар цаа буга голын улаан бургасны мөчир сөөг, хусны навч нахай хар модны нарийн үндэс, цагаан хаг иднэ. Эрт ургасан ногоон өвс, цэцэг идэх дуртай. 
 

Долдугаар сарын эхээр ялаа шумуул гарч эхлэхээр зусланд бууна. Цаа буга халуунд тэсвэр муутай, ялаа шумуултай газар тогтдоггүй. Зуны халуун ялаа, шумуулаас зугтаж өндөр уулын орой, сэрүүн, хүйтэн устай цас мөстэй газар очдог амьтан юм. Зун цаа буга тайгын орой мод ургадаггүй нүцгэн өндөр сэрүүн бэлчээрт бэлчээрлэнэ. Зуны улиралд бараг нүүхгүй нэг бууцандаа байж байгаад л намаржаандаа буудаг.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Ойн цаа буга

Цаа буга
Цаа буга
Rangifer tarandus
Гэршүүлсэн цаа буга
Цаатангууд