Ц
Цаасаар урлах ухаан
Цаасаар урлах ухаан

 

Дизайнер зохион бүтээгч Ж.Төмөрхуяг 1982 онд УБДС-ын зураг хөдөлмөрийн ангийг төгсч хот хөдөөгийн дунд сургуульд багшилж байх үедээ дүрслэх урлаг, хөдөлмөрийн хичээлээр сурагчдын орон зайн сэтгэхүй, зохион бүтээх авъяасыг нь хөгжүүлэх зорилгоор цаасаар зохион бүтээх буюу "Цаасаар урлах ухаан" хөгжүүлэх сургалтын агуулга арга зүйг боловсруулжээ. Хожим тэрээр СХУХ-нд эрдэм шинжилгээний ажилтан болж өмнө хэрэглэж байсан дүрслэх урлагийн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг үндсээр нь өөрчлөн боловсруулж дүрслэх урлаг, хөдөлмөр, шугам зургийн хичээлийн агуулгад дизайн, зохион бүтээхийн үндэсийг шингээн оруулж өгсөн ажээ.  

 

 

Монгол улс зах зээлийн нийгэмд шилжин орж байсан тухайн үед Цаасан оворт урлаг, дизайны үндсийг сургалтанд нэвтрүүлэх зорилгоор СХУХүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Төмөрхуяг, УБДС-ын багш Д.Мөнхбаяртай хамтран Нийслэлийн 43 дугаар дунд сургууль болон Төв, Дорноговь, Өвөрхангай аймгуудад туршилт явуулж 1989 онд Хүүхдийн ордонд Боловсролын шинэчлэл, Дизайн сургалт хэмээх дизайны анхны үзэсгэлэнг зохион байгуулжээ. Ж.Төмөрхуяг өөрийн шавь нарын дүрслэх урлагийн хичээл дээр цаасаар зохион бүтээсэн бүтээл, дизайны шийдэлээр уг үзэсгэлэнг гаргаж түүгээрээ "Цаасаар урлах ухаан" хэмээх номоо 1989 онд гаргажээ.

 

 

Зах зээлийн ороо бусгаа тухайн үед ном хэвлэл зарагдахаа байсан хэдий ч 50000 хувь хэвлэгдсэн "Цаасаар урлах ухаан" ном 3 сар хүрэхгүй хугацаанд борлогдож дуусчээ. Дизайнер зохион бүтээгч Ж.Төмөрхуяг цаасаар урлах ухаан номонд орсон ихэнх бүтээлийг "Оюунтүлхүүр", "Залгамжлагч", "Хүүхдийн хүмүүжил", "Пионерийн удирдагч" сэтгүүлд болон Буриадын "Хараацай", Халимагийн "Баяр", БНХАУ-ын "Сурган хүмүүжил" сэтгүүлүүдэд хэвлүүлсэн материалуудаа түүвэрлэн уг номонд оруулжээ.     

 

 

"Цаасаар урлах ухаан" номын гол онцлог нь хуудас цаасаар буюу ганцхан дэлгээсээр ан амьтан, машин техникийн загварыг бүтээдгээрээ цаасаар зохион бүтээдэг бусад номоос ялгардаг. Хожим уг номыг Японы Монголд үйл ажиллагаа явуулдаг Оригамо төв Камбожд хэвлүүлжээ. 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Цаасан оворт урлаг

2. График дизайнер Ж.Төмөрхуяг

3. Цаасан оворт урлагийн бүтээл

4. Хээ угалз бүтээх аргууд

Цаасаар урлах ухаан
Дизайнер зохион бүтээгч Ж.Төмөрхуяг
Ж.Төмөрхуяг "Суудлын тэрэг"
Ж.Төмөрхуяг "Бухан бяруу"
Ж.Төмөрхуяг Дизайн, цаасан оворт урлагийн үзэсгэлэн дээр 1989 он
СХУХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Төмөрхуяг Үндэсний телевизээр "Биднийг дагаад хийцгээ" нэвтрүүлэгийн цаасаар урлах ухаан хуудсыг хөтлөж байв