Х
Хээ угалз бүтээх аргууд
Хээ угалз бүтээх аргууд

 

Хээ угалз бүтээх аргууд

 

Тигийн буюу байгуулалтын арга

 

Хээ угалзын зүй тогтолын мөн чанарыг таниж мэдэх, бүтээх аргад суралцахад байгуулалтын арга онцгой ач холбогдолтой. Хээг бурханы нэгэн адилаар тиг, байгуулалтаар бүтээдэг тул хээ угалзыг зурна гэдэггүй бүтээнэ хэмээдэг. бүлгээ.

 

 

Байгуулалтын аргаар хээ бүтээх нь

Байгуулалтын буюу торын аргаар хээ бүтээх нь

 

Хэв буюу эх дүрсийн (эталон) арга

 

Хэвээр хээ бүтээх нь хамгийн энгийн арга бөгөөд энд хээний давтамж, зохиомжын зүй тогтол чухал байр суурь эзэлдэг. Энэ арга нь аль ч ард түмний хээ чимэглэлд түгээмэл ашиглагддаг. Хэвйин арга нь бэлэн загвар болон тусгайлан үйлдсэн хэв, цоолбор, барыг ашигладаг бол эх дүрсийн арга нь зураг дүрсэллийг цаашид баяжуулан хээ угалзын зохиомжинд оруулан уран сайхнаар илэрхийлдэгээрээ онцлог. Мөн хэд хэдэн хэвийг харилцан шүтэлцээт найрамж үүсгэх замаар хээ бүтээж болдог. 

 

 

А. Эх дүрс буюу эталон 1-5 Эх дүрсийг ашиглан хээ бүтээсэн нь

 

 

Эх дүрс Эталон (улаан өнгөтэй)-оор хээ бүтээсэн нь

 

Тэгш хэмийн арга

 

Тэгш хэмийн арга нь хээний амин сүнс гэж хэлж болох бөгөөд Монголчууд 2,3,4,5,6,8,10,12,16 давтагдах тэгш хэмтэй хээ угалзыг өргөн хэрэглэдэг. Давтагдах шинж чанарт нь тулгуурлан хээг тэгш хэмийн дагуу нугалан зөвхөн нэг талд нь зураад зүүгээр нэвт шивнэ. Ингэснээрээ хээний давжамжыг олон дахин зурах ажиллагааг хөнгөвчилдөг төдийгүй шохой, гурилаар уг хээгээ авдар саван дээр буулгах боломжтой болдог юм.  

 

 

Ж.Төмөрхуягийн "Чоно", "Хүч чадал, гоо үзэсгэлэн", "Салбадай" тэгш хэмийн хээнүүд

 

Хайчилж бүтээх арга

 

Энэ арга нь янз бүрийн арга техникээр баялаг. Хайчилж бүтээх аргыг бусад аргатай хослуулан хэрэглэх нь их үр дүнтэй. Уг арга нь хэмнэл, давтамж, хавтгай орон зайн хийсвэрлэл, таамаглал дэвшүүлэх, урьдчилан тооцоолох чадварыг нь хөгжүүлдэг.

 

 

Ж.Төмөрхуягийн "Таван хошуу", "Азарганы ноцолдоон" , "Сармагчин" хайчилбар хээ

 

Хэлбэрт зохируулан хээ бүтээх арга

 

Өгөгдсөн хүрээ хэлбэрт зохируулан хээг бүтээхдээ цул зохиомжиын хэлбэрээр, эсвэл, тодорхой хэлбэрт зохируулан нэг эх дүрсээр нийлмэл зохиомж үүсгэх, олон эх дүрсийг нийцүүлэн зохиомжилох зэрэг янз бүрийн арга техникээр гүйцэтгэж болно.

 

 

Хэлбэрт зохируулан хээ бүтээсэн байдал

 

Хээ бүтээх модын арга

 

Увс аймгийн Баруунтуруун суманд хадмындаа айлчилж очиход хадам ээж маань ширдэг ширж байгаа нь миний (Ж.Төмөрхуяг) анхаарлыг татаж билээ. Тэрээр ширдгийн хажээ алхан хээг ямар ч зураг гаргалгүй шууд нэг булангаас нь эхлэн ширж буйг хараад -Та яаж зураг гаргалгүйгээр хээгээ тооцоолон ширж байна вэ? гэхэд, надад хэлхээтэй зүйл үзүүлж энэ "Мод"-ны тусламжтайгаар ширдэгээ 108 алхан хээгээр ямар ч зөрүүгүйгээр хүрээлэн хажихаа хэлж билээ. Монголчууд хуруу (2 см), ямх (3,5 см), алга дарам (10 см2), барим (10 см), сөөм (18 см), төө (21 см), тохой (40см), дэлэх (80 см), алд (168см буюу хүний өөрийн өндөртэй тэнцүү) гэсэн харьцангуй тодорхой хэмжигдхүүнүүдийг хэрэглэдэг байсан сацуу "Мод" хэмээх хийсвэр (модуль) хэмжигдхүүнийг ашигладаг байжээ. Энэ нь өнөө ч хэрэглэгдсээр байна. Тухайлбал: 2 мод даалимба гэвэл 2 метр даалимба, 2 мод газар гэвэл 2 км газар, Зуун мод гэвэл, цандас буюу төгөл гэсэн санааг илэрхийлдэг билээ. Худам Монгол бичгээр модыг Модун хэмээн бичдэг. Иймд европчууд Модуль хэмээх нэр томъёог Монголчуудаас зээлж авсан нь тодорхой. Модуль хэмжүүрийн нэгж "Мод"--ыг холтос, шир зэрэг гарын доорх материалаар үйлдэх бөгөөд ямар хэмжээтэй байх нь тухайн чимэглэх  зүйлийнхээ овор хэмжээнээс хамаардаг. Гуравтын мод гэвэл өргөн нь уртдаа 3 дахин, 5-тын мод гэвэл өргөн нь уртдаа 5 дахин багтах учиртай. Ширдэгийг долоотын 108 ширхэг алхан хээгээр хажих хэрэгтэй гэж үзвэл ширдэгийг өрөөлдөн 7-тийн модыг хооронд нь 1 модын зай авч 54-ийг багтаахаар хэмжинэ. Хэрвээ эх дүрс зохих тоогоор багтахгүй бол "Мод"- ны хэмжээг багасгах замаар тааруулна. Хээ бүтээх мод нь  3,5,7,9,11,13,15 гэх мэт сондгой тооны харьцаатай байдаг. "Мод"-ны хэмжээг тааруулсны дараа нэг захаас нь эхлэн ширнэ.     Модын аргаар хээний программыг зохиохдоо

а.Хээний утас хоорондын зайг ямар ч харьцаатай байсан нэг мод хэмээн үзнэ.

б. Хээний бүтэц, байгуулалтыг шинжилж хээний эх дүрсийг тодорхойлно.

в. Цаашид эх дүрс хэд хэдтийн модны байгуулалтаас бүрдэж байгааг тогтооно. Тухайлбал: Дан алхан хээг бүрдүүлж буй эх дүрс нь гуравтын мод 3 удаа, долоотын мод 1 удаа гэсэн давтамжтай 8 модноос бүрдэж байна. 

 

Хээ бүтээх "Мод"-ын аргаар хээний шугаман болон салаалсан программ зохиосон нь

.

г. Зарим хээ хэд хэдэн утаснаас бүрдсэн байдаг. Нэг утасны хээний хөтөлбөр нь шугаман,  хоёроос дээш утасны хээ салаалсан хөтөлбөртэй байдаг. Хоёроос дээш утасны хааний хөтөлбөрийг зохиохдоо эхэлж нэгдүгээр утасны хээгтй хөтөлбөрийг зохиогоод дараа нь хоёдугаар утасны хээг зохионо. Хөтөлбөр нь ямар харьцаатай мод хаана, аль чиглэлд байрлахыг заана. Мод нь хээний утсыг байгуулах төдийгүй эхлэл, төгсгөлийг заана. Эхний модны төгсгөл дараагийн модны эхлэл болдог. Ширдэгийг алхан хээгээр хажихдаа хэрвээ гэрийн эзэнд зориулсан бол хээний булан нь аргаль,(гуравдугаар зургийн А) эзэгтэйд зориусан бол угалз (гуравдугаар зургийн Б) хүрээтэйгээр бүтээдэг. Хээний булаг буюу үүд нь 4 аргаль, 4 угалзнаас бүтэж байна. (Гуравдугаар зургийн С). Хээний булагийн угалзыг хэвтээ чиглэлд 3, босоод 3 болгон нэмэгдүүлэхэд 12 аргаль, 12 угалз бүхий алхан хээ үүснэ. (гуравдугаар зургийн D). Харин хэвтээ чиглэлд 16, босоод 11 угалз байхаар хээ үүсгэвэл 54 аргаль, 54 угалз нийт 108 алхан хээ бүхий хээ үүснэ. (гуравдугаар зургийн дээд тал). Хээ бүтээх "Мод"-ын арга нь Монгол түмний оюуны үнэт өвийн нэг бөгөөд цахим нэвтрээгүй байх үед Монголчууд компьютерийн программ зохион хэрэглэж байсны хөдлөшгүй баримт билээ.

 

 

1,2 Нэг утасны "Өлзий", 3. Хоёр утасны "Өлзий", 4. Гурван утасны "Өлзий", 5. Дөрвөн утасны "Өлзий" утас хээ

 

Хээ угалз бүтээх Орон зайн модулын арга буюу "Зайгүй шигэх" арга

 

Энэ арга нь хэвийг зайгүй шигэх замаар хээний орчил (матриц) үүсгэх арга юм. Зайгүй шигэх арга нь шигээс буюу хээний хэв модулийг жагсаан өрөхөд хээ хоорондын зай нь хэвтэйгээ адил байвал нэг модультай хээ, хэрвээ хоёр модуль нийлж хээ үүсгэж байвал хоёр модулийн хээ гэнэ. Орон зайн модулын аргаар хээ бүтээх нь нэг талаар урлаг уран сайхны, нөгөө талаар хэмжил зүй, орон зайн шийдэлүүдийг агуулж байдаг. 

 

 

Ж.Төмөрхуяг "Могжоохон даагатай Жогжоохон хүү", "Янзага", Төмөрхуягийн Халиун "Имж" хээ

 

Эх сурвалж:

 

Ж.Төмөрхуяг "Хээ угалз бүтээх аргууд" Улаанбаатар хот. 2010 он

 

Хээ угалз бүтээх аргууд
Хээ угалз бүтээх Тигийн буюу байгуулалтын арга а. Угалз б. Загас
Байгуулалтын аргаар хээ бүтээх нь
Дээд талд 108 алхан хээгээр хажсан ширдэг, доод талд хээ бүтээх "Мод"