Х
Хар тарлан үүлдэр
Хар тарлан үүлдэр

 

Эртний Германы Фриз болон Батавчууд хэмээх хоёр бүлэг омгийнхон манай эриний эхэн үед Рейн мөрний цутгалан орчмын үржил шимт нам доор нутагт нүүдэллэн ирж суурьшихдаа авчирсан үхрээс өнөөгийн хар тарлан үүлдрийн үхэр үүсч буй болсон аж. 
 

Дэлхийн үхрийн сонгодог үүлдрүүдээс хамгийн их тархсан, олон тоотой нь бөгөөд Умард Америкийн Голштин-Фриз мөн Европын Голланд хэвшлийн үхэр хамгийн их сүүтэй. Манай улс 1959 оноос эхлэн ОХУ-аас хар тарлан үүлдрийн үхрийг авчирч нутгийн үхрийн сүүн ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор эрлийзжүүлэгт ашиглахын хамт цэврээр нь үржүүлж эхлэжээ. Мөн 1980-аад оны дунд үеэр Германы хар тарлан, Литовын хар тарлан үхрийг авчирч Төв аймгийн Борнуур, Орхон аймгийн Жаргалант сумын саалийн механикжсан цогцолборт (хуучнаар)цэврээр нь үржүүлсэн юм. 2006 оны байдлаар цэвэр үүлдрийн 1.2 мян.(хээлтэгч 80.9%), хар тарлан - Монгол үхрийн эрлийз 6.0 мян (хээлтэгч 48.3%) байгаа бөгөөд цэвэр үүлдрийн хар тарлан дөрвөн үхэр тутмын нэг нь Германы хар тарлан үүлдрийнх байна. 
 

Хар тарлан үүлдрийн үхэр ойт хээрийн бүсийн экологийн нөхцөлд тухайлбал нийслэл Улаанбаатар, Төв, Орхон, аймгийн нутаг дэвсгэрт ихэвчлэн тархжээ. Манайд үржүүлж байгаа хар тарлан үүлдрийн нас гүйцсэн үнээний биеийн жин 460-500 кг, бухных 650-700 кг, үнээний жилийн саам 3.7%-ийн тослогтой 3.2-3.8 мян.л, хар тарлан - Монгол үхрийн эрлийз үнээний биеийн жин 380-450кг, бухных 520-580 кг, үнээний саам 3.8% тослогтой 1.8-2.5 мян.л байна. 


Төв аймгийн Борнуур сумын саальчин М.Чимгээ 1986 онд Германы хар тарлан 25 үнээнээс дунджаар 6044 кг, Улаанбаатар хотын Жаргалант тосгоны саальчин Ж.Алтанцэцэг мөн онд оросын хар тарлан 25 үнээнээс дунджаар 4280 кг сүү сааж улсын аврага цол хүртэж байжээ. Төв аймгийн Борнуур суманд 1990-ээд оны эхэн үед үржүүлж байсан Германы хар тарлан мянга гаруй үнээний сүүн ашиг шимийг тооцоход саалийн 305 хоногт 3.8%-ийн тослогтой сүү, гунжнаас 3.2, дөнжнөөс 3.6, нас гүйцсэн үнээнээс 3.8 мян.кг-ийг саасан бөгөөд саам нь биеийн жингээсээ 6.8-7.2 дахин их байсан нь Европын орнуудад сүүний чиглэлийн үхэр үржүүлэхэд баримталж байгаа өнөөгийн жишиг үзүүлэлтэд ойртсон байв. 


Энэ нь манай орны нөхцөлд германы хар тарлан үүлдэр сүүлэг шинжээ хадгалан нутагшиж байгааг харуулсан юм. Манайд үржүүлж байгаа оросын хар тарлан үүлдрийн үхрийн сүүний тослог, уургийн хэмжээ нь нэг нөхцөлд байгаа алатау, шар тарлан үүлдрийнхээс арай бага (0.-0.024%) боловч ОХУ-ын Сибир Урал орчмын хар тарлан үнээнийхтэй харьцуулахад арай их (0.05-0.038%) байна. Намаршиж сэрүү орох болон өвлийн улиралд үнээний сүүний тослогийн хувь нэмэгддэг нь сааль татарч, хээл томорсонтой холбоотой.

Хар тарлан үүлдэр
Хар тарлан үүлдэр