Хар лантанз

 

Хар лантанз. Латинаар: Hyoscyamus niger L нь Чэсэнцэрийн (Solanaceae) овогт багтана. 50-100 см өндөр ургадаг, ноён үндэстэй, эвгүй үнэрт, хоёр наст өвслөг ургамал. Эхний жилд шовх үзүүртэй, илтэс нь өдлөн ухагдсан, урт бариултай тэвгэн навчис гарна. Дараа жилд зөөлөн үсээр хучигдсан мөчирлөг шулуун иш ургах бөгөөд салаануудаас юлдэн өндөг хэлбэртэй зах нь ухагдаж жигд биш цуулагдсан суумал навчис цувран гарна. Ишний доод хэсгийн навчис 5-7, дунд хэсгийнх нь 3, дээд хэсгийнх нь 1-2 ширхэг, жижгэвтэр юлдэн хэлбэртэй, ерөнхийдөө бүтэн захтай, цувраа байрлатай суумал байдаг. Лантанзны навч нь шүүслэг үсээр хучигдсан байх тул зөөлөн байна.

 

Цэцэг нь зэвхий шар өнгөтэй, иш мөчрийн оройд нийлж, ишний нэг талыг даган унжсан түрүү баг цэцгийг үүсгэдэг. 5 ширхэг шүд бүхий цоморлиг нь үслэг байна. Цоморлиг нь 20 мм урттай, хонхорцог хоолой хэлбэртэй, 5 шүдлэгтэй, доод хэсгээрээ өтгөн үсэрхэг. Цэцгийн дэлбээ нь юүлүүр хэлбэртэй, 20-30 мм урт цоморлигоосоо 2 дахин урт байх бөгөөд 6-7 сард цэцэглэдэг.

 

Үр нь 1,5 мм урт хар саарал өнгөтэй зууван хэлбэртэй, 500 хүртэл байх бөгөөд үр нь дээгүүрээ хавхлагаар халхлагдсан, гадагш эргэн ургасан цоморлигт цугларсан домборхуу хэлбэртэй хоёр үүрт хонхорцогт байна. Манай орны Хэнтий, Булган, Төв, Сэлэнгэ, Архангай, Говь - Алтай, Хөвсгөл, Дорнод зэрэг аймаг, тойргуудад өвөлжөө, хаваржаа, тариан талбай, замын хажуу, голын эрэг, орон сууц, хашаа байрны ойролцоо ургана.

 

Лантанзны навчинд гиосциамин, скополамин байх бөгөөд тропаны уламжлалын алкалоидуудыг бага хэмжээгээр агуулдаг.

 

Лантанзны навч – Folium hyoscyami Лантанзны навчийг ид цэцэглэж үеэр 7 сард түүж бэлтгэнэ. Лантанзны навч нь толгой эргэм эвгүй үнэртэй. Лантанзны хуурай ханд, тосон ханд, лантанзны тосыг шингэн түрхэц байдлаар өвчин намдаах эм болгон гадуур хэрэглэх, мөн навчнаас ялган авсан алкалоидыг Астматол эмийн найрлаганд оруулдаг. Уламжлалт анагаах ухаанд хорхойн өвчин, өвдөлт намдаах, хор тайлах зэрэгт ашигладаг.

Хар лантанз
Хар Лантанз