Хар Суль

 

Хар Суль. Psammochloa villosa.Хар суль нь урт нарийн навчтай, 100-200 см хүртэл өндөр ургадаг олон наст ургамал. Үндэс нь 20-30 см гүнд байх бөгөөд навчлахдаа төдий л сайн биш. Хар суль нь намар орой болсон хойно цэцэглэнэ. Говийн өмнөд нутгаар элбэг бөгөөд хойшлох тутам улам багасаж, говийн бүсийн хойд талаар зөвхөн элсэрхэг хонхруудад ургана. Хар суль элсэнд ургах, ганд тэсвэрлэх чанараар сайн. Говийн элсний ургамлын бүрхэвчинд хар сулийн эзлэх талбай 3 сая га гэж үздэг. Суль хэмээх ерөнхий нэрээр ихэвчлэн говь цөлийн бүс нутагт ургадаг хоёр өөр төрлийн ургамлыг нэрлэж заншсан ч үр идээнийх нь өнгө байдлаар Хар Суль, Цагаан Суль хэмээн ялган нэрлэнэ. Говь нутгийн ардууд гурил будааг орлуулан Цульхир, Шар мод, Суль зэрэг зэрлэг ургамлыг үр амууг ихээр нөөшилдөг. Сулийн үр намар боловсорно. Суль түүхдээ түрүү толгой хэсгийг хутгаар огтлон хагас тэвэр болмогц элсэн дээр тавиад, арав орчим тэвэр болоход багцалж бооно. Үүнийг суль “буузлах” гэх бөгөөд ийм нэг боодлыг “бууз” хэмээн нэрлэнэ.

 

Суль цайруулахдаа нарлаг өдрийг сонгон авч тусгай цан-дэвсгэр дээр буузалсан сулиа задлан, гарын салаагаар үр нь унаж байхаар бодон зөөлөн гүвнэ. Гүвж авсан сулийн үрийг дэлгэж, үе үе эргүүлэн хатаадаг. Үүний дараа үрээ овоолж, нарийн модоор саваадаж, идээг хальснаас салгаад салхинд хэд дахин хийсгэн ялгадаг ажээ. Цайрч улайсан идээний овоон дээгүүр боловсорч гүйцээгүй жижиг үр, томоохон хольцыг шүүрээр хөнгөн шүүрэлсний дараа ууталж авна. Цайруулсан сулийг хуурч болгох, эсвэл түүхийгээр нь нүдэж тээрэмдэн гурил гарган авна. Цай хийцэлж уух, шөлтэй хоол, өрөм тос тэргүүтэнтэй хольж зуурч хоол хүнсэндээ хэрэглэдэг ажээ. 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Цагаан Суль

 

Хар Суль
Хар Суль