Х
Хайрулла Жалелийн
Хайрулла Жалелийн

 

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Анагаах ухааны академийн жинхэнэ гишүүн, нэрт эмч Ж.Хайрулла нь 1930 онд Ховд аймгийн Булган суманд мэндэлжээ. Яс үндэс Татар (Ногояа). Тэрээр бага, дунд сургууль, Жанжин Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуулиудыг дүүргэжээ. 1951-1952 онд Баян-Өлгий аймгийн 10 жилийн дунд сургуульд тоо физикийн багшаар ажиллаж, 1952-1957 онд МУИС-д суралцан төгсөж, 1957 оноос МУИС, 1961 оноос АУДэС, 1998 оноос АУИС, 2000 оноос Монгол улсын ЭМШУИС-ын тэнхимийн эрхлэгч, орлогч декан, багш, зөвлөх эмч, УКТЭ, Улсын хүүхдийн төв эмнэлгүүдэд эмнэлгэ эрхэлсэн орлогч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмчийн үүрэгт ажлыг хийжээ.

 

Тэрээр 1957-1960 онд Эмгэг анатомийн эмч, багшаар ажиллаж, 1960 онд УКТЭ-ийн бүрэлдэхүүнд Монгол улсын гавъяат эмч, профессор П.Долгор, В.Ичинхорлоо, их эмч Аюурзана, Пүрэв, Лувсанбалдан нарын хамт мэс заслын тасгийг, 1962 онд Хүүхдийн төв эмнэлгийн бүрэлдэхүүнд их эмч Ж.Цэрэндулам, Санжаа нарын хамт хүүхдийн мэс заслын тасгийг, 1966 оноос Мэдрэлийн мэс заслын анхны тасгийг нээн ажиллуулсан нь одоо улсын хэмжээнд үйлчилж байгаа сургалт, эрдэм шинжилгээ, эмчилгээний том төвүүд болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулсаар байна.

 

1956 оноос Монголын биеийн тамир спортын хүрээнд уулын спортыг хөгжүүлэх үйл ажиллагаанд зүтгэж Монголын болон гадаадын 16 уулын авиралтанд оролцон амжилт гаргасан  төдийгүй удирдан авиралт хийж уулын спортын мастер цол хүртжээ.

 

Ж.Хайрулла нь 1964 онд Чехословак, 1983 онд ЗХУ, 1984 онд Болгар улсад мэргэжил олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагджээ. Ж.Хайрулла мэдрэлийн мэс заслын чиглэлээр 25 эмчийг дагнан сургаж, 6 их эмчийн анагаах ухааны докторын ажлыг удирдан хамгаалуулж, 7 их эмчийн эрдэмийн зэрэг хамгаалах ажлыг удирджээ. Аймаг орон нутгаар олон удаа явж 600.000 гаруй хүнд үзлэг хийж 19.000 гаруй хүнд мэс заслын эмчилгээ хийжээ.

 

Эмч, оюутнуудад, эмнэлгийн ажилчдад зориулан 5 сурах бичиг, 3 гарын авлага, аргачлал бичиж, 200 гаруй тооны эрдэм шинжилгээний, 36 тооны нийтэд зориулсан бүтээл туурвиж, 11 нэр төрлийн шинэ бүтээл, оновчтой санаачлага, тэргүүн туршлага гаргаж хэрэгжүүлсэн байна. Уран зохиолын 4 романыг бичиж, 30 орчим шүлэг орчуулан хэвлүүлсэн байна.

1980 онд “Алтан гадас” одон, 1990 онд Төрийн соёрхол, 1994 онд “Хүний гавъяат эмч” цол, 2001 онд “Ардын их эмч” цол хүртэж 2007 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртжээ. 

1974 онд АУ-ы докторын зэрэг хамгаалж, 1982 онд доцент, 1998 онд профессор, 2008 онд “Аймаг хүндэт иргэн”, Монголын Анагаах Ухааны Академийн жинхэнэ гишүүн – Академичээр сонгогджээ.

 

ОХУ, АНУ, Япон, Солонгос, Хятад, Чех, Болгар, Герман, Энэтхэг, Пакистан, Казахстаны эмч, эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.

 

Өдгөө ам бүл: 3 хүү, 2 охин, 5 зээ, 8 ачтай. Эхнэр Х.Гүлсэн 30 гаруй жил багшилж гавъяаны амралтандаа гарчээ.

Орос, Англи, Монгол, Казак хэлтэй.

Хайрулла Жалелийн
Эмч Ж.Хайрулла
Эмч Ж.Хайрулла 2012 онд Үндэстний цахим өв академийн "Хүндэт гишүүн" болов