Х
Хадбаатар Дагвацэрэнгийн
Хадбаатар Дагвацэрэнгийн

 

Төв аймгийн таван халууны нэг гэгддэг "Сайхан сэтгэлт буюу хэнэггүй" хэмээх Дагвацэрэнгийн Хадбаатар нь Төв аймгийн Утгаалцайдам сумын нутагт 1951 оны 7 сарын 4-нд мэндэлжээ. Туулай жилтэй.  1972 оны улсын наадамд Ж.Чойжилсүрэн арслангаар тав давж улсын начин, 1975 онд Долгорсүрэн начнаар долоо давж улсын заан, 1976 онд П.Дагвасүрэн арслангаар ес даван түрүүлж улсын арслан, 1986 онд 35 насандаа Д.Цэрэнтогтох аваргаар ес даван түрүүлж улсын аварга цол хүртжээ. 1979, 1983, 1985 онд үзүүрлэж, 1984 онд долоо, 1977 онд зургаа, 1973, 1978 онд тав давжээ. Үндэсний их баяр наадамд 11 удаа шөвгөрөхдөө хоёр удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэж, хоёр удаа долоо давж дөрөвт, нэг удаа зургаа давж наймд, гурван удаа тав давж өсөх идэр, чин зоригт, хурц идэр, бууршгүй хүчит, саруул сайжрах, манлай баясгалант, үлэмж бадрах улсын аварга цол, чимэг хүртжээ.  

 


Д.Хадбаатар аварга 1980,1984, 1985 оны сар шинийн барилдаанд түрүүлж. аварга шалгаруулах барилдаанд нэг удаа түрүүлж, 1980, 1984 онуудад улсын аварга, 1979 онд Монголын бүх ард түмний спартакиадын аварга, олон улсын тэмцээний зургаан удаагийн аварга, самбо барилдааны олон улсын хэмжээний мастер болж байжээ.
Аварга Д.Хадбаатарт гаршсан тодорхой мэх гэхээр юмгүй, ихэнхдээ хүч бяр, жиндээ түшиглэж барилддаг байсан. Д.Хадбаатар нэг үе өрсөлдөгчөө мөрний барьцнаас эргүүлж дүүгүүрддэг байв. Түүнд хэнийг ч даахгүйн зовлон байсангүй. Харин өргөөд тавих аргаа олохгүйн зовлон эдэлнэ. Заримдаа өрсөлдөгчийнхөө элэг бүснээс өрөөсөн гараараа бариад дүүгүүрддэг байжээ. Өрсөлдөгчөө ар талдаа гаргасан бөх ихэнх тохиолдолд унадаг бол харин Хадаа аварга ардаа гарсан бөхийг “өштэй” юм шиг гуядаж хаядаг байсан тул бөхчүүд “цаад мангартай чинь өмнө талаас нь сөрж барилдахгүй бол халгаатай”  шүү гэсэн яриа тархах вэ. 

 

 

Улсын наадамд хэд ч түрүүлж болох байсан энэ алдарт бөх ид барилдах он жилүүдээ орон шоронд өнгөрөөсөн юм. Хүүхэд мэт зантай, хүний хайлан болсон их аварга маань 1993 оны наадмын дараахан зуурдаар нас нөгчсөн билээ.

Хадбаатар Дагвацэрэнгийн
Аварга Д.Хадбаатар
Аварга Д.Хадбаатар "Тарваган" хэмээх Бадарчийн хамт