У
Унгерн фон Штернберг
Унгерн фон Штернберг

 

Хаант Оросын армийн дэслэгч генерал, Чин ван, Богд хаант Монгол улсын баатар жанжин. Барон Унгерн фон Штернберг (1886-1921) нь Оросын иргэний дайнд оролцож улмаар 1920-оос 1921 онуудад Монголд цэрэг дайны үйл ажиллагаа явуулж байжээ. "Азийн дивиз"-ээ удирдан тухайн үед Хятадын цэргийн эрхшээлд ороод байсан нийслэл Их Хүрээг эзлэн авч VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд нь залан Монголын тусгаар тогтнолыг сэргээх үйлсэд гавъяа байгуулж байжээ. 1921 онд цэргүүд нь урваж түүнийг Улаан армид барьж өгснөөр 1921 оны 9-р сарын 15-нд цаазаар авахуулжээ. 

Унгер нь эртний язгууртан уг сурвалжтэй Герман, Балти, Унгар, Славян, Скандинав цус холилдсон нэгэн байжээ.. Тэрээр өөрийгөөд Аттилагын удам угсаа хэмээн ярьдаг байжээ. Эцэг нь барон Теодор-Леонгард-Рудольф, эх нь Софи-Шарлотта хэмээх герман эмэгтэй байжээ. Унгерний гэр бүл Европоор их аялдаг байсан тул Барон Унгерн Австрид төржээ. 1896 онд Петербургийн тэнгисийн цэргийн сургуульд элсэн орж суралцсан хэдий ч төгсөхөөс нь өмнө Орос-Японы дайнд оролцохоор цэрэгт татагджээ. Гэвч түүнийг Манжуурт очиход дайн хэдийнээ дууссан байжээ. Ингээд 1906-1908 онд Павловын цэргийн сургуульд суралцаж төгссөн байна.

1908 оноос Байгаль нуурын чанад дахь казак цэргийн Аргуны 1-р хороонд, 1913 онд Ховд хотод алба хааж байсан. 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Донын казакын 34-р хороонд алба хаах болжээ. Эрэлхэг зоригтой байлдсаны төлөө удаа дараа одон медалиар шагнуулж байсан төдийгүй сахилга алдсаны улмаас буриад хольцтой атаман Семёновын хороонд шилжжээ. Тэрээр Семёновыг дагалдан 1917 оны 2-р сараас Байгалын чанадад алба хаах болжээ. 1920 оны эхээр Эрхүү хотод хотод цагаантны эсрэг бослого гарч адмирал Колчак амь үрэгдэж улмаар 3-р сард Семеновын арми Чита хот руу ухаржээ. 1920 оны 8-р сард Барон Унгерн Дагуурыг орхиж тухайн үед Хятадын эрхшээлд ороод байсан Монголын улсын нийслэл Их Хүрээг чөлөөлөхөөр хөдөлжээ. Тэрээр 1920 оны 10 сарын 26-нд Их Хүрээг довтолсон боловч Хятадын гамин цэргийн хүч давуу байсан тул эхний удаад амжилтгүй болоход тэрээр хоёр дахь дайралт хийжээ. Энэ удаа харьцангуй амжилттай болсон ч эцэстээ сөрөг давшилтанд цохиулан Хэрлэн голын зүг ухаржээ. Монгол, буриад цэргүүд, түвдийн зуутаар хүчээ зузаатган, дэг журмаа сайжруулсан Барон Унгерн гурав дахь дайралтыг 1920 оны 12-р сард хийж өөрсдөөсөө хэд дахин давуу хүч бүхий (ойролцоогоор 10 мянга) Хятадын цэргийн хамгаалалтыг бут цохиж 1921 оны 2-р сарын 3-нд Их Хүрээг эзлэн авчээ. Энэ дайралтынхаа өмнө Хятадын цэргийн хорионд байсан Богд хааныг хулгайлан чөлөөлсөн ажээ. Их Хүрээнийхэн Барон Унгернийг чөлөөлөгчөө хэмээн хүлээн авсан боловч түүний цэргүүд хотыг дээрэмдэн талах болсон нь ард олны санаанд нийцсэнгүй. Тэрээр дээрэм тонуулыг хатуу шийтгэн зогсоож байжээ. Тэрээр Богд хааныг хаан ширээнд нь эргүүлэн залах ёслолыг хийж өөрөө Буддын шашинд дагаар орсон байна. Уг ёслолын үеэр түүнд Чин вангийн хэргэм, Улсыг мандуулагч их баатар жанжин цол олгосон байна. 

Их хүрээний захирагч болсон тэрээр Хүрээний хятад иргэд, еврей гаралтай болон Хувьсгалт үзэлтэй оросуудыг гэсгээн шийтгэж байжээ. Хотыг түүний сөрөг тагнуулын албаны дарга дэд хурандаа Сипайло хатуу гараараа барьж байжээ. 1921 онд иргэний дайнд Зөвлөлт засаг ялах нь тодорхой болсон, Монголчуудын дэмжлэг эрс багассан тул Барон Унгерн Оросын ард түмнийг Зөвлөлт засгийн эсрэг босгон Орос, Монголыг нэгтгэсэн Төв их гүрнийг байгуулна гэсэн төлөвлөгөө гарган Их Хүрээнээс хойд зүгт хөдлөжээ. Зөвлөлт засгийн явуулсан шинэ эдийн засгийн бодлого Оросын тариачдын дургүйцлийг төрүүлж, бослого тэмцэл байнга гарч байсан нь энэ шийдвэр гарахад нөлөөлсөн ажээ.

 

1921 оны 5 сарын эцсээр Унгерн болон түүний туслах генерал Резухин нар хоёр чиглэлээр Оросын хилийн зүг хөдөлжээ. Резухиний удирдсан 2-р бригад амжилттай байлдаж улаан армийн отрядуудыг бут цохисон боловч Унгерний өөрийн шууд удирдсан 1-р бригад Рокоссовскийн (сүүлд ЗХУ-ын маршал) удирдсан Улаан армийн морин хороо болон Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэгт бут цохигдон Сэлэнгийн хөндийд Резухиний бригадтай нийлжээ. Улаан арми болон Ардын журамт цэрэг нийслэл руу хөдлөн 1921 оны 7 сард Их Хүрээнд орж иржээ. 1921 оны 6-аас 8-р саруудад Зөвлөлт Оросын нутагт Барон Унгерн хэд хэдэн удаа байлдааны үйл ажиллагааг амжилттай явуулж Улаан армийн зарим хүчийг бут цохьжээ. Үүний дараагаар Барон Унгерн Монгол руу дахин довтлохоор шийдсэн нь Манжуурт буй Атаман Семёновт нийлэхийг илүүд үзэж байсан цэрэг офицерүүдийнхээ эсэргүүцлийг төрүүлэн улмаар тэд 8-р сарын 16-нд Резухинийг буудаж алсны дараагаар 6 сарын 18-нд Унгернийг хоороохыг оролдсон хэдий ч тэрээр Сундуй гүний Монгол цэргийн хороо руу зугтан зайлж амжсан хэдий ч эх нутаг руугаа явах хүсэлд автсан Монгол цэргүүд тун удалгүй түүнийг баривчлан Щетинкинд хүргэж өгчээ. Щетинкин Сундуй гүнийг цэргийн хамт Монгол руу буцахыг зөвшөөрсөн байна.

1921 оны 9-р сарын 15-нд Барон Унгерн фон Штернбергийг нээлттэй шүүх хурлаар шүүн Төвийн их гүрэн байгуулах төлөвлөгөөтэйгээр Японы талд ажилласан, хаант засгийг сэргээх зорилгоор Зөвлөлт засгийн эсрэг тэмцсэн, алан хядах үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргээр цаазаар авах ял оноож, ялыг гүйцэтгэсэн байна. Шүүх хурлын үед тэрээр өөрийн бурууг үл хүлээн, большевикуудыг буруутган эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байжээ. Түүний үхлийн тухай сонссон Богд хаан сүм хийдэд ном хуруулж байжээ.

Орос Хятадын хэлэлцээрээр Монголыг Хятадын автонмит улс болгосон тухайн цаг үед Барон Унгерн фон Штернберг Монгол улсын тусгаар тогтнолоо олох үйл явцад томоохон нөлөө үзүүлсэн. Их Хүрээн дэх Хятадын цэргийг бут цохин зайлуулснаар Монгол дахь Хятадын түрэмгийлэлийг түлхэн унагахад тус нэмэр болсон төдийгүй Зөвлөлт Орос руу хийсэн довтолгоон нь Улаан арми Монголд орж ирэх үндэс шалтгаан болжээ. Барон Унгерн пролетарийн диктатурыг хүлээн зөвшөөрдөггүй тул Цагаантнуудтай нэгдсэн хэдий ч хөрөнгөтнүүдийг үзэн яддаг, хаант засаглалыг дэмждэг "Оросын цагаантын сүүлчийн рыцарь" байлаа.

 

 

:Холбоотой мэдээлэл:

1. Щетинкин Пётр Ефимович

 

 

Унгерн фон Штернберг
Барон Унгерн фон Штернберг
Барон Унгерн фон Штернберг