У
Улбар галсүүлт

 

Улбар галсүүлт. Латинаар: Phoenicurus erythronotus (Eversmann, 1841) нь Бор шувуутны багийн Намнаахайнхан овгийн шувуу юм. Ижил нэршил: Phoenicurus erythronota. Энэхүү шувуу нь 15-16 см, далавчаа дэлгэхэд 25.5-27 см, хөл, хошуу нь хар. Эрэгчин галсүүлт үржлийн улиралд хар маск, толгойн орой, дагз нь саарал байна.

 

Нуруу, сүүл нь улбар шар, далавч нь цагаан толботой бараан өнгөтэй. Хэвлий нь цагаан. Бусад улиралд болон залуу эрэгчин нь өдний өнгө зүсээр төстэй байх буюу бордуу зүстэй ажээ. Эмэгчин нь бор саарал зүстэй, улбар шар сүүлтэй.

 

Улбар галсүүлт төв Азийн уул нурууд, Сибирийн өмнөд хэсэг, Тарвагатайн нуруу, Алтайн нуруу, Байгал нуурын ойролцоо амьдардаг. Зарим хэсэг нь уулнаас бууж өвөлжих бөгөөд зарим нь хол зам туулан нүүдэллэж Ирак, Иран, Пакистан, Гималайн нуруу зэрэгт өвөлжинө.

 

Гол идэш нь хорхой шавьж ба өвлийн улиралд ургамлын үр, жимс зэрэг нь чухал хоол тэжээл болдог.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Улбар галсүүлт
Улбар галсүүлт