Уваш хаан

 

Уваш хаан.  (Увш, Убаши) Хятадаар:  渥巴锡汗, пиньинь: Wоbаxī hаn, (1744—1774) — Халимагийн сүүлчийн (наймдахь) хаан (1761—1771). Тэрээр Хэрэйд гаралтай бөгөөд Халимагийн Дондогдаш хааны хүү бөгөөд цорын ганц өв залгамжлагч нь билээ.Увашийн хүүхдүүд нь Хошууч, Равдандорж нар юм. 

 

Манжийн хаан 1755 оны үед Ойрад-Зүүнгарын ард түмнийг хомроглон устгасны дараахан буюу 1758 онд Уваш Халимагийн хаан ширээг залгамжлан авч 1761 онд Халимагийн хаанд өргөмжлөгдсөн хэдий ч Халимагийн хаан Дондог Омбын ач, Галданноровын хүү Цэвэгдорж түүнийг эсэргүүцэв. Оросын хаан эсэргүүцэгч Цэвэгдоржийг даруулахаар цэрэг илгээхэд тэрээр Кубань руу зугтжээ.   

 

Уваш хааны өөр нэг сөргөлдөгч нь Енотаевскд Екатерина II хатан хааны зөвшөөрлөөр Бага цахарын улсыг байгуулсан Вера Дондукова тайш байлаа. Оросын хатан хаан Халимагийн хаант улсыг халимаг аймгуудыг Зарга хэмээх зөвлөл байгуулж уг заргаас Халимагийн хааныг тодруулж байх шийдвэр гаргажээ.  Хэрвээ Хаан болон Заргын зөвлөл хэл амаа ололцохгүй бол Оросын хаант засаг шийдвэр гаргаж байхаар тогтжээ. Энэ шийдвэрт Уваш хаан эмзэглэж байв. Үүний зэрэгцээ Кубанаас Цэвэгдорж эргэн ирснээр Убаш хаан Оросын хаант засгийн дарамт хавчлагаас ангижарч эрх чөлөөтэй амьдрах арга замыг хайж албатуудаа авч Зүүнгарын улс руу нүүдэллэх санаа төржээ. Нөгөө талаар Манжийн их хядлагын дараа Зүүнгарын хаант улс мөхөж унаган нутаг нь эзгүүрч харийнхан суурших болсонд сэтгэл зовниж байв. 

 

1769-1770 онд Уваш хаан Хойд Кавказын цэргийн ажиллагаанд оролцжээ. Энэ үед Орос-Туркийн дайн (1768—1774) ид өрнөж байсан бөгөөд Уваш хаан хошууч генерал Иоганн Медемтой санал зөрөлдөж буцан иржээ. Уваш хаан болон түүний ойрын хүмүүс болох Луузан Жалчин лам, Цэвэгдорж ноён, Бамбар,  Зайран нар их нүүдэлд дөрвөн жил бэлтгэжээ. Ингээд 1771 оны 1 сард ойролцоогоор 33 мянган өрх буюу 170 мянган хүнээ (зарим баримтанд 300 мянга гаруй) авч Зүүнгарын зүг хөдөлж Оросын хаант засаг тэднийг зогсоохоор цэрэг, зандалчидыг араас нь илгээсэн хэдий ч асар хүнд зам, тулаан тэмцэл хийсээр 1771 оны 8 сард Зүүнгарын нутагт буюу Манж Чин улсын Шиньжанд очжээ.  Уваш хаан 1774 онд 29 насандаа таалал төгсчээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Торгуудын их нүүдэл

 

 

Уваш хаан
Уваш хаан