С
Сарлагын сүргийн бүтэц
Сарлагын сүргийн бүтэц

 

Сарлагийн сүрэгт үнээний эзлэх хувийн жинг 40 хувиас багасгахгүй байхын дээр нийт хээлтэгчийн дотор сүрэг сэлбэх гунжны тоо 20 хувь орчим байлгах нь тохиромжтой бөгөөд үнээг 6-8 удаа төллүүлэхээр тооцож ашиглах нь зүйтэй. Шилэлт Сарлагийг махны чиглэлээр үржүүлэхдээ махлаг шинж илүү тодорсон буюу биерхэг байдлаар нь шилж, шилэгдсэн буюу цөм сүрэг бүрдүүлэх зорилго тавих нь зүйтэй. Харин сүүлэг шинжээр шилж үржүүлэхдээ махны чиглэлтэй адил, өөрөөр хэлбэл хоногийн ба жилийн саамаар шилэх, цөм сүрэг бий болгох ажлыг хийх хэрэгтэй. 
 

Хайнаг болон түүнээс цааших үеийн гибридэд ашиг шимээр шилэх ажил хийгддэггүй бөгөөд энэ нь эвцэлдүүлгийн үе ахих тусам гетерозис унтарч ашиг шим, амьдрах чадвар нь аяндаа буурдагтай холбоотой. Заазлалт, тохироо Сарлагт ашиг шимийн ба насны заазлалт хийх нь үржлийн ажлын дэвшлийг хангах чухал арга хэмжээ мөн. 

Давжаа гунж юм уу нас хэтэрсэн үнээ, сүү муутай үнээг заазлан сүргээс хасах явдал заазлалтын үндсэн арга юм. Бухны 20 орчим хувийг заазалж үржлээс хасаж байхаар тооцож бух сонгож тавина. Бух тавих тугалыг эхийг нь саалинд оруулахаас өмнө буюу нэг сартайд нь сонгох, цаашилбал дараа хавар дахин үзлэгт оруулж бух тавихаар сонгоно. 
Шүдлэн насанд нь сүүлчийн удаа сонгож, бух тавихыг нь үлдээж бусдыг нь засах хэрэгтэй. Сарлаг үнээний нийлүүлгийн тохиромжтой хугацаа нь VI-IX сар байх ба сувай үнээг нийлүүлэгт аль болох эрт оруулах арга хэмжээ авбал зохино. Үнээ тугалласнаас хойш барагцаалбал 90 хоногийн дотор хээл авсан тохиолдолд жилийн хугацаанд багтан тугаллана. 


Нийлүүлгийн хугацаанд сарлаг, хайнагийн үнээг 1800 метрээс дээш өндөрт маллавал ороо оролт идэвхжин хээл авалт нэмэгддэг. Сарлагийн гунжийг 26-30 сартайд нь нийлүүлэгт оруулах ба бие томтойгоос нь шилж авах хэрэгтэй. Нэг бухад 15-20 үнээ ногдохоор хээлтүүлгийн тохироо хийнэ. Цус ойртохоос сэргийлэх зорилгоор сарлагийн бух, мөн сарлаг үнээнд гүйдэг монгол бухыг 3-4 жил сүрэгтээ ашиглаад өөр айлтай солих шаардлагатай. Нийлүүлгэд нас гүйцсэн залуу бух ашиглавал дээр. Нас хэвийсэн болон хөгширсөн бух биеэ дааж үнээнд харайж чаддаггүй учраас үнээ хий дагаж сувайруулах, ороо алгасуулах зэрэг сөрөг талтай. 
 

Өмнө хэлсэнчлэн, хайнагийг цэврээр үржүүлэх боломжгүй. Яагаад гэвэл эр нь үржилгүй байдаг тул хайнаг үнээнээс төл авахын тулд цэвэр сарлаг юм уу монгол бухтай нийлүүлэхээс өөр аргагүй юм. Эр хайнаг ба хайнагаас гарсан төлийн охиныг нь үлдээж эрийг нь маханд борлуулж сүрэгт хайнагаас цааших үеийн эр ба охин гибрид малын эзлэх хувийн жинг нь зохистой хэмжээнд барьж байх хэрэгтэй. Ортоом, балиамаас авах төлийн чанарыг боломжийн түвшинд барихын тулд эх үүлдэртэй нь соливцуулан эвцэлдүүлэх аргыг хэрэглэх нь зохистой.

Сарлагын сүргийн бүтэц
Сарлаг