С
Сарлагийн үр ашиг
Сарлагийн үр ашиг

 

Сарлаг, түүний гибридийн талаар манай оронд хамгийн олон жил судалгаа хийсэн доктор Т.Бат-эрдэнэ /1961/ хайнагийг ортоом, балиам, сарлагтай харьцуулж ардын аж ахуйтны ердийн нөхцөлд өсөлтийг нас дагуулан судалсан байна. Энэ ажлын дүнгээс үзэхэд, саран хайнагийн төрөх үеийн жин 19кг, сарлаг ортоомынх 16.3кг, сарлаг балиамынх 14.3кг, сарлагийнх 15.1кг, 6 сартайдаа дээрх дарааллаар 67.7, 69.1, 42.3, 61.8кг, 12 сарын настайдаа 84.4, 72.7, 62.8, 70.6 кг, 6 ба түүнээс дээш насандаа 356, 269, 254, 276.3 кг тус тус жинтэй гэжээ. Эндээс үзэхэд нас бие гүйцсэн үедээ хайнагийн үнээ мөн нас хүйсний ортоомоос 32.3%, балиамаас 40.1%, сарлагаас 28.8 хувиар тус тус илүү байгаа нь хайнагт гетерозис хүчтэй илэрдэг, харин дараагийн үед буурдаг төдийгүй сарлагаас доогуур болсныг харж болохоор байна. 


Загдсүрэн /1980/ сарлаг-монгол үхрийн зүйл хоорондын шууд болон реципрок эвцэлдүүлгээр гарсан гибрид өсвөр үхрийн өсөлтөд гетерозис илрэх байдлыг судалсан байна. Сарлагийн тугалын төрөх үеийн жин 17.2 кг, саран хайнагийнх 24.4 кг, наран хайнагийнх 21.0 кг, монгол тугалынх 18.4 кг байснаа 8 сарын дараа дээрх дараалалаар 56.5, 91.5, 82.0, 76.0, жилийн ойн дээрээ 64.1, 107.8, 92.1, 76.6, жил хагасын дараа 118.0, 199.0, 164.0, 143.0 кг жин татаж байжээ. Саран хайнагийн бяруу 18 сарын настайдаа ижил насны сарлагаас 40.7%, монголоос 28.4 %, наран хайнаг мөн насандаа сарлагаас 28.0%, монголоос 12.8 % тус тус илүү гэж дурьдсан байна. 
 

Бат-Эрдэнэ /1971/ нутгийн монгол, хайнаг үнээг алатау үүлдрийн бухаар эвцэлдүүлсэн туршилтын ажлын дүнгээс үзэхэд, эрлийз ортоомын тугалаас нас гүйцэх хугацаанд амьдын жин, биеийн үндсэн хэмжээгээр монгол-алатаугийн 1-р үеийн эрлийзтэй ойролцоо, биеийн жинг нутгийн үхэртэй жишихэд нялхын жингийн дунджаар монгол тугалаас 30-40%, монгол ортоомынхоос 20-22%, сарлагийнхаас 48% илүү байхын хамт энэ зөрүү цаашдаа нас гүйцэх хүртэл тогтвортой хадгалагдаж байжээ. Энэ үр дүнгээс үзэхэд хайнагт илэрсэн гетерозисийг хэрэгцээний эрлийзжүүлгийн аргыг ашиглан гурав дахь үүлдрийн тусламжтайгаар бууруулахгүйгээр хадгалах бололцоотой байна.
Бэлчээрийн маллагаа, гадаад орчны таагүй нөхцөлд хэр зэрэг дасан зохицож буйг харуулах нэг үзүүлэлт бол өвөл-хаврын улиралд намрын жингээ хэдэн хувиар алдаж онд орж буигаар тодорхойлогдоно. 

 

Бат-Эрдэнэ 1961 бичихдээ өвөл-хаврын улиралд бэлчээрийн нөхцөлд сарлаг үнээ 17.5%, монгол үнээ 25.1%, хайнаг 18.2%, сарлагийн ортоом, балям, 21.5% хувиар тус тус намрын жингээ алдаж онд ордог. Бидний явуулсан сэдэвт ажлын зорилттой холбогдуулан хэлэхэд Загдсүрэн /1990/ махны, сүүний, хосолмол ашиг шимт хэд хэдэн үүлдрийг хайнагт ашиглаж туршсан нь сонирхолтой ажил болсон тул үр дүнг тодруулан авч үзье. Хайнагийн үнээг лимузин, герефорд зэрэг махны, сүүний чиглэлийн хар тарлан, шар тарлан, алатау зэрэг хосломол ашиг шимт үүлдрийн бухны ичээл үрээр хээлтүүлж эрлийз ортоом гарган, монгол ортоом, хайнаг, сарлаг, монголтой харьцуулан судалсан байна. 
 

Эрлийз ортоомын төрөх үеийн амьдын жингээр, монгол ортоомоос лимузин-хайнаг – 39%, герефорд-хайнаг – 43%, хар тарлан-хайнаг - 37%, шар тарлан-хайнаг - 32%, алатау-хайнаг – 12% илүү байжээ. Жинлэлт хийсэн дийлэнх тохиолдолд аль ч төрлийн эрлийз ортоом үнэмлэхүй жингээрээ монгол ортоомоо давамгайлж, эрлийзжүүлгийн үр ашиг тод илэрсэн тухай судлаач тэмдэглэжээ. Хайнаг нь хоногийн нэмэгдэл болон амьдын жин, сүүний гарц, тослог, гулуузны жин, мах, ясны гарц, цусны ийлдэс дэх АсАТ, АлАТ-ын идэвх, гематокрит, нийт уургийн хэмжээгээр эх хоёр зүйл үхрийн хамгийн дээгүүр үзүүлэлтээс давж байсныг харгалзан бие галбирийн ба интерьерийн бүх үзүүлэлтээр гетерозис илэрч байгааг баталсан юм. 


Лимузин, герефорд, хар тарлан, шар тарлан, алатау бухыг хайнагийн үнээтэй эвцэлдүүлж гарсан эрлийз ортоом төрөх үедээ болон 12, 18, 24, 29 сартайдаа амьдын жингээр монгол ортоомоос илүү байсан төдийгүй 29 сартайдаа махны болон сүүний үүлдрийн эрлийз ортоомын жин нь хайнагийн тухайн үеийн үзүүлэлтээс илүү гарч тухайн шинжээр гетерозис илэрч байгааг судлаач тэмдэглэжээ. 
 

Алатау-сарлаг хайнагийн биеийн хэмжээ үндсэн үзүүлэлтүүдээр сарлаг, монгол, түүний эрлийзээс ихэнхдээ сүү, махны чиглэлийн ашигтай галбир уруугаа давсан шинжтэй, ялангуяа эрлийз ортоомын галбир хийц эрс сайжрах онцлог ажиглагджээ. Алатау-сарлагийн эрлийз анх тугалсан гунж саалийн хугацаанд дунджаар 1194 л сүү өгч байгаа нь сарлаг үнээний дундаж хэмжээнээс бараг 70 %-иар илүү, сүүний тослог багавтар боловч цөцгийн тосны нийт хэмжээгээр 67%-иар илүү байсныг илрүүлсэн байна. Алатау-сарлагийн 100 толгой эрлийз хайнагийн шарны махны хэмжээ 143 толгой сарлагийн шарыг төлөөлж чадахаар байсан нь гибрид үхрийн махан ашиг шим үлэмж нэмэгдсэнийг илтгэн харуулна. 
 

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, тэжээлийн нөөцөөр бага, цаашид нэмэгдүүлэх нөхцөл хязгаарлагдмал хангайн өндөр уулархаг нөхцөлд нэмэгдэл зардал гаргахгүйгээр сарлагийн мах, сүүний ашиг шимийг алатау үүлдэртэй эвцэлдүүлснээр 45-70%-иар нэмэгдүүлж болно хэмээн судлаач тооцоолжээ. 
Дагвийхорол /1999/ сарлаг үнээг монгол бухтай эвцэлдүүлж гарсан хайнагийн гетерозисийг цаашид хадгалах, батжуулахад махны төрөлжсөн Герефорд үүлдрийн бухыг ашиглах боломжийг судлахдаа эрлийз ортоом, балиам, сарлаг ортоом, хайнагийн бэлчээрийн маллагааны нөхцөлд өвөл хаврын улиралд турж, зун намрын цагт тарга хүч авах байдал, амьдын жин болон галбирын өөрчлөлтийг нэлээд нарийвчлан тогтоосон байна. 

 

Энэ ажлын дүнгээс үзвэл, сарлаг ортоом тугалын амьдын жин /17.7кг/-тэй харьцуулахад герефорд ортоомынх 8.4, герефорд балиамынх 2.1, саран хайнагийнх 3.4 кг-аар илүү байснаас үндэслэн зүйл хоорондын шууд эвцэлдүүлгээр гарсан нэгдүгээр үеийн эрлийзэд илрэх гетерозисийн хэмжээ реципрок эвцэлдүүлгийн эрлийзийнхээс ямагт давуу байгаа сонирхолтой зүй тогтлыг илрүүлжээ. 
 

Герефорд ортоомын төрөх үеийн жин 26.1, герефорд балиамынх 19.8, саран хайнагийнх 21.1, сарлаг ортоомынх 17.7кг, 6 сарын настайдаа дээрх дарааллаар 106.6, 75.4, 102.3, 81.0, 12 сартайдаа115.3, 94.6, 112.3, 94.2, 18 сартайдаа 226.0, 203.4, 220.3, 167.7, 24 сартайдаа 197.0, 170.4, 206.0, 150.5, 30 сартайдаа 306.0, 276.5, 288.0, 228.5 кг жинд тус тус хүрчээ. Герефорд х хайнагийн эрлийз ортоом нь 12 сартайдаа сарлаг ортоомноос 21.1 кг илүү жин татсан төдийгүй саран хайнагаас 3 кг илүү байсныг тодорхойлжээ. 
 

Хайнаг-герефордын эрлийз ортоомд илрэх гетерозисийн хэмжээ ортоом-герефордын эрлийз балиамынхаас илүү байдаг зүй тогтол ажиглагдсаныг рлийз ортоом, балиам, хайнаг, сарлаг ортоом бярууг 4-р сарын сүүлчээс эхлэн 180 хоног бэлчээрээр маллахад герефорд ортоомын хоногийн нэмэгдэл жин 615г /520-680/, сарлаг ортоомынх 408.8г /280-415/, саран хайнагийнх 600г /570-610/, герефорд ортоом балиамаас 22.6, сарлаг ортоомоос 58.3, саран хайнагаас 5.7 кг-аар илүү жин татсанаар нотлон тогтоосон байна. 
18 сартай бярууг бэлчээрийн маллагаанд өвөлжүүлэхэд дараа оны 4-р сард буюу 24 сартайдаа герефорд ортоом намрын жингээ 12.8%, герефорд балиам 16.2%, сарлаг ортоом 10.2%, саран хайнаг 6.6 хувийг алдаж онд орох бөгөөд эрлийз ортоом шүдлэн амьдын жингээр 25.4%, хоногийн өсөлтөөр 28.4%-иар тус тус илүү байжээ. 

 

Эрлийз ортоом, балиам нь уулархаг бүсэд нутгийн үхрээс дутуугүй сайн зохицсон нь бэлчээр ашиглалт, тарга хүч авалт, хадгалалтаар сайн, зүй бусын хорогдол багатай зэргээр нотлогдож байна гэж судалгаандаа дурьджээ. Дээрх судалгааны ажлыг дүгнэхэд сарлаг, хайнагийг сүү, мах, мах- сүүний хосолмол ашиг шимт үүлдрүүдтэй эвцэлдүүлэхэд бэлчээрийн маллагаанд аж ахуин ашигтай шинжээр илүү, орчиндоо зохицох чадвар сайтай, тэсвэр хатуужилтай эрлийз мал болох нь тодорхойлогджээ.

Сарлагийн үр ашиг
Сарлаг