С
Сарлагийн зан араншингийн онцлог
Сарлагийн зан араншингийн онцлог

 

Сарлаг бол гэрийн бусад мал, түүний дотор нэг төрөл болох үхрээс өвөрмөцөөр ялгагдах зан араншин бүхий мал юм.

 

Сүрэглэх зан араншин

 

Сарлагийн сүрэглэх зан араншин тун онцлог байдалтайгаар илэрдэг бөгөөд зарим ялгагдах онцлогоос нь дурьдвал: 
1. Сүрэг дотроо хамгийн эвтэй, хамгийн тайван байдаг мал бол сарлаг. Монгол үхэр, адуу, ямаа мэт хоорондоо мөргөлдөн шахцалддаггүй, зай зайгаа олж явж чаддаг, бичил орон зайн хамгийн өндөр мэдрэмж, баримжаатай амьтан юм. 
2. Тайван, эвтэй сүрэглэдэг учраас бие биеэ хажиглах, сүргээс хасах, хөөх явдал гардаггүй, нэгэнт бүрэлдсэн сүргийн тогтворжилт сайн байдаг. 
3. Сарлаг сүрэглэхэд нас гүйцсэн үнээ тэргүүлэх шинж байвч ямагт онцгойрон ялгарах нь ховор. 
4. Сарлаг нас насаар төдийлэн ялгарч сүрэглэдэггүй боловч янз бүрийн хүйсний мал тусгаар сүрэглэх явдал бий. Ялангуяа сарлаг хайнагийн нас нийлж яваа юм уу бүдүүн шар тусдаа хэдээрээ ялгаран сүрэглэх нь үзэгддэг. 
5. Сарлагийн бух тоших нь үржихүйн зан араншингийн илрэл боловч эзгүй газар нэгнийгээ бараадан явсаар сүүлдээ нийлж жижиг сүрэг үүсгэдэг.

 

Бэлчээрлэх зан араншин

 

Сарлаг сүрэглэн бэлчээрлэдэг мал. Тиймээс сарлагийн бэлчээрлэх зан араншин үндсэндээ сүрэглэх зан арагншинтай нягт уялдаа холбоотой. Сүрэглэн идээшилж байгаа сарлагийг ажихад зан араншингийн хэд хэдэн чухал онцлог ажиглагддаг. Тухайлбал: 
- сарлаг өвс ургамлыг үхэртэй адил хэлээрээ ороодоггүй, шууд зулгааж иддэг учраас сайн тогтож, тогтуун идээшилдэг мал юм. 
- Зулгааж иддэг учраас өндөр, модлог хатуу өвстэй газар тэр болгон тогтохгүй, харин сэрүүн, салхи жавартай өлөнтэй юмуу намхан зөөлөн өвстэй газар идээшлэх дуртай. 
- Сарлаг их төлөв газрын өөд өгсөх юм уу тэгш газар бага багаар ухарч идэшлэнэ. 
- Сарлаг өөрийн дуртай, тохиромжтой өвс ургамалтай газар бэлчээрлэхдээ сонголт хийх нь бага, тохиромжгүй газар бол идэшлэлтээ бараг шууд зогсоодог сонин араншинтай юм.

 

Үржихүйн зан араншин

 

Сарлагийн үржихүйн зан араншингийн тухайд нэн онцлог цөөхөн зүйлийг тодотгон хэлэх нь зүйтэй. Ерөнхийдээ гэрийн сарлагийн үржихүйн зан араншинд зэрлэг удмынх нь шинжүүд тэр чигээрээ юм уу бүдэг ч давтагдан илэрдэг. 
- Бух тоших гэдэг нэн өвөрмөц үйлдэл сарлагийн сүрэгт байдаг. Нийлүүлгийн улирал шувтрах үед бух бусад сүргээ хаяж ганцаараа, эсвэл цөөн хэдүүлээ эзгүй өндөр газар гарахыг тоших гэж хэлдэг байна. Их төлөв хүн амьтан нутагладаггүй өндөр шил, царам газар бух тошино. Төвдийн өндөрлөгт амьдардаг зэрлэг сарлагийн сүрэг өвөл-хавар хоёр тасарч сүрэглэдэг тухай судлаачид тэмдэглэсэн байдагчлан зэрлэг удмынхаа тэр араншин, амьдрахуйн үйлдлийг гэрийн сарлагт хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэстэй. Бух тоших нь нийлүүлгийн үед алдсан тарга хүчээ сайн бэлчээрт түргэн нөхөх, хүйтний ам наашилсан хатуу цагаар нийлүүлэгт орохоос зайлсхийж буй нэн өвөрмөц араншин юм. Цаагуураа зун-намар хэт эцэж турах, тарга муутай байвал өвөл-хаврын хатуу ширүүн цагийг давах магадлал бага тул тоших зэргээр тэсвэрлэх чадвараа чамбайруулж байгаа зохицолдлогоо гэж үзэх нь зөв. 
- Сарлагийн бухны орооны ид үе долоодугаар сард тохиох бөгөөд энэ үеэр тошсон бух сүрэгтээ эргэн ирж нийлдэг. Бух олноороо ойролцоо хугацаанд ирэхэд тэдний хооронд ширүүн тэмцэлдээн гарах нь бий. Охин сүрэг хурааж давамгайлах гэсэн хээлтүүлэгч малын үржихүйн зан араншин сарлагийн бух дээр тодорхой ажиглагдах бөгөөд хоорондоо мөргөлдөж ялагчаар тодрохын төлөө ширүүн тэмцэлддэг. Ялагдсан буюу айсан бух цааш нь өөр сүрэг эрээд тэнүүчлэн явдаггүй, харин устай сэрүүн газар очиж биеэ сойж 2-3 хоноод дахин эргэн ирж тэмцэлдэн мөргөлддөг нь зан араншингийн нэн сонин илрэл юм. 
- Сарлагийн бух дагаж буй үнээгээ орхиж өөр үнээ зэрэгцүүлэн хөөх зэргээр тэнээд явах нь ховор, үнээний ороо шувтартал дагадаг.

 

Хамгаалах зан араншин

 

Сарлаг араатан дайсан ихтэй эзгүй өндөр уул, царамд амьдардаг зэрлэг удмаас гаралтай учраас хамгаалах зан араншин нь бусад малаас илүү тод илэрнэ. Сарлаг бие биеэ хажигладаггүй учраас өөр хоорондоо юм л болбол мөргөлдөх,тэмцэлдэх нь ховор. Харин нохой хуцах, улих, эвгүй хөдөлгөөнтэй биетүүд харагдахад болон чанга хахир дуу чимээнд тун соргог. Сарлагийн хамгаалах зан араншин нь өөрийгээ болон үр төлөө хамгаалах гэсэн хоёр хэлбэрээр илрэх ба азаргатай адил сүрэг хамгаалах араншин байхгүй.

Сарлагийн зан араншингийн онцлог
Сарлаг