Р
Рашаан хадны дурсгал
Рашаан хадны дурсгал

 

Рашаан хад нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт Биндэр уулын зүүн урд хормойн цохио бүхий үзүүрт оршдог. Рашаан хад нь чулуун зэвсгийн үеэс эхлээд 16-р зууны үе хүртэлх он цаг үед хамаарах Монголын дорнод хэсгийн түүх соёлын баялаг дурсгалтай цогцолбор юм. Энэ хадны орчимд чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг, янз бүрийн бичиг үсгийн дурсгал, бичээсүүд, чулуун зэвсгийн дурсгалууд, хүрэл, төмөр зэвгийн үе болон,  хүннү, кидан, Монголын эзэнт гүрний үед хамаарах түүхэн дурсгалууд болон булш олон байдаг.

 

Рашаан хадны бичиг үсгийн дурсгал: Рашаан хаднаа ан амьтан, хүнийг зургийг цоолборлон зурж, овгийн хэдэн зуун тамгыг сийлсэн байхаас гадна Орхон-енисей, Кидан, Араб, Перс, Түвд, Монгол, Манж бичгээр 20 гаруй бичээсийг бичиж үлдээжээ.

 

Рашаан хаданд байх эртний нүүдэлчдийн тамга, бичиг, үсгийн дурсгалыг анх 1961 онд эрдэмтэн Х.Пэрлээ илрүүлэн судалжээ.1979 онд Монгол Зөвлөлтийн түүх соёлыг судлах экспедици Рашаан хаданд байх бичээсүүдийн нарийвчлан судалж байхдаа өөр нэгэн Түрэг бичээс байгааг тодруулсан. Энэхүү хоёр дахь бичээсийн мөрний урт нь 60 см, үсэг зурлагын өндөр нь 17-20 см. Бичээсийн хойд талд нь янгирын дүрс сийлжээ. Анх олдсон Түрэг бичээсийг С.Харжубай, Х.Пэрлээ нар “атам апам ачигнун” гэж үгчлэн буулгаад орчин цагийн монгол хэлнээ “Эцэг өвгөдийн шан хишиг” гэж тайлжээ. Харин хоёр дахь Түрэг бичээсийг “сат атыч ерти” хэмээн үгчлэн буулгаад “Зоригтой ач хүү билээ” гэж орчуулжээ.

 

Рашаан хадны чулуун зэвсгийн суурин: Х.Пэрлээ 1943 онд судалгааны эхлэлийг тавиад 1960-1980 он хүртэл бараг жил бүр очиж судалгаа хийсэн байна. Тэрээр Рашаан хадны дурсгалын талаар эрдэм шинжилгээний арав гаруй өгүүлэл бичсэн бөгөөд 1976 онд Рашаан хадны 400 гаруй тамганы зургийг судалсан судалгааны нэг сэдэвт “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” хэмээх бүтээлээ туурвижээ.

 

Харин чулуун зэвсгийн судалгааг 1973, 1974 онуудад Гурван голын шинжилгээний анги бага зэргийн туршилтын малтлага хийснээр эхэлж 1980-1981 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан экспедици энэхүү чулуун зэвсгийн үеийн сууринг малтаж 2.5 – 3.5 м гүн дөрвөн соёлт давхаргатай болохыг тогтоосон ба 2500 орчим чулуун зэвсэг, хэд хэдэн төрлийн амьтны яс гарснаас 1.5 м гүнээс савагт хирсний соёо олдсон нь чухал ач холбогдолтой олдвор болсон байна. Хуучин чулуун зэвсгийн үеийн хүмүүс Хэнтийн нуруу, тухайлбал Рашаан хадны орчим амьдарч байсан хүмүүс янз бүрийн цахиураар зэвсэг хийж хулан, арслан заан, савагт хирс зэрэг амьтадыг агнаж амьдардаг байсан бөгөөд хад цохионоо тэдгээрийн дүрсийг урлан үлдээжээ.

Одоогоос 8-15 мянган жилийн өмнө Төв Азийн цаг агаар уур амьсгалд ихээхэн өөрчлөлт гарч томоохон ан амьтад мөхөж эхэлжээ. Энэ үеэс хүмүүс жижиг биетэй, хурдан ан амьтадыг агнах шаардлага буй болсноор холын тусгалтай зэвсэг нум сум үүсчээ. Үүнтэй уялдан тэр үеийн хүмүүсийн амьдрал илүү их нүүдлийн чанартай болсон байна.  Энэ үед хамаарах чулуун зэвсгийн дурсгалууд Монгол, Сибирь, Алс дорнод, Умард Хятад, Солонгос, Японы Хоккайдо арал, Америкийн Аляск зэрэг газруудаас олдсон байна. Мөн эндээс хуучин чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн хүн оршин байсны нотолгоо болсон палеолитээс неолитийн эхэн хүртэлх үеийн чулуун зэвсэг, эртний булш, хүн чулуун болон буган хөшөө, хүрэл болон төмөр зэвсгийн болон Хүннү, Кидан (Хятан), Монгол гүрний үед холбогдох шавар ваар савны үлдэгдэл, сумны зэв, түүхийн олон үед хамрагдах дурсгал элбэг олддог. Рашаан хаднаас олдсон чулуун зэвсгийг судалсны үндсэн дээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь Орхон голын Мойлтын амны палеолитийн зэвсэгтэй бүхий л талаараа ижил байсан бөгөөд Өмнөд Сибирь, Дундад Сибирийн өмнөд хэсэг, Өвөр Байгалийн 30-35 мянган жилийн өмнөх дурсгалуудтай олон талаар адил гэж тогтоожээ. Чулуун зэвсгийн олон тооны үлдэцийг призм хэлбэрийн, говийн, урт шаантаг хэлбэрийн, леваллуа гэсэн 4 төрөлд ангилсан бөгөөд хамгийн хожуу үеийнх нь говийн болон призм хэлбэрийнх болно. Энэ нь цаг хугацааны хувьд 28 мянган жилийн тэртээд хамаардаг ажээ. Говийн үлдэц нь Монголын чулуун зэвсгийн үеийн гол дурсгалын нэг бөгөөд Өмнөд Сибирь, Алс дорнод, Умард хятад, Солонгос, Японы Хоккайдо, АНУ-ын Аляска хүртэл тархсан байдаг нь угсаатны шилжилтийг харуулах хангалттай түүхэн баримт юм.

 

Рашаан хадны зураг: Рашаан хаднаа сийлсэн хэдэн зуун тамга тэмдэг, хүн амьтны дүрс нь түүхийн өөр өөр үед хамаарах ажээ. Рашаан хаданд хуучин чулуун зэвсгээс дунд чулуун зэвсгийн үед хамаарах олон зуун тамга тэмдэг, амьтадын зураг, олон хэлээр бичсэн бичээсүүд хадгалагдан үлджээ. Х.Пэрлээ 1943,1968 онд судалгаа хийсэн бөгөөд зүүн зүг рүү харсан боржин чулууны нүүрэн талд 180, ар талд нь 40 гаруй, сэрвээнд нь 50 гаруй дүрс тэмдэг сийлснийг олж тогтоосон байна. Рашаан хадны баруун талын нэгэн хаданд өндөр сэрвээтэй, богино бүдүүн хөлтэй, урт хошуутай арслан зааны их биеийн ерөнхий тигийг хөвөөлөн цохиж дүрсэлсэн нь Уралын Каповой агуй болон Европын агуйнуудад дүрсэлсэн арслан заануудын дүрстэй тун төстэй ажээ. Бас нэгэн хавтгай хаданд гурваараа сүрэглэн яваа савагт хирсийг дүрслэхдээ сүрлэг том биетэй, өндөр сэрвээтэй, богино хөлтэй, хоншоороос дээш ээтийж гарсан хамар дээрхи эвэр, соёо зэргийг онцлон зуржээ.

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Пэрлээ Хөдөөгийн

Рашаан хадны дурсгал
Рашаан хадны сүг зураг