П
Пагдгар Бадаан

 

Пагдгар бадаан - Bergenia crassifolia L нь Сэрдэг (Saxifragaceae)-ийн овогт багтдаг мөнх ногоон олон наст өвслөг ургамал. Иш нь 50 см хүртэл өндөр, угийн хэсэгтээ дугаригдуу хэлбэртэй шүдлэг ирмэгтэй, урт өргөн бариул бүхий хар ногоон өнгийн навчистай. Навч нь өнгөө 2-3 жил хадгална. 

 

Ягаавтар өнгийн хонхон хэлбэрийн цэцэг нь ишний оройд өтгөн залаа мэт бөөгнөрч бамбай баг цэцгийг үүсгэнэ. Үр жимс хонхорцог нь олон тоотой 2 мм урттай, гөлгөр гадаргуутай. Манай орны Хэнтий, Архангай, Хөвсгөл ,Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт тайгын доод бүс, ойн дээд зах, холимог ойн язмаг ихтэй хөрс бүхий асга чулууны ёроол, уулын ар хяр дагаж ургана.

 

Бадааны үндэслэг ишинд 28%, навчинд нь 20% хүртэл пирогаллын бүлгийн аргаах бодис агуулагдана. Жил ахих тусам үндэслэг ишин дэх аргаах бодисын хэмжээ нэмэгдэнэ. Ургамлаас чөлөөт полифенол, гликозид бергенин, сахар, цардуул, витамин С ба бусад бодисыг гарган авч болно. Навч нь арбутин 20% гидрохинон 4% хүртэл агуулна.

 

Бадааны үндэслэг иш - Rhizoma bergenia нь хүрэн өнгөтэй, бөөрөнхий хэлбэрийн 10-15 см урт үндэслэг ишний хэсгүүдээс бүрдэх ба хугарсан хэсгээс цайвар ягаан, харавтар толботой харагдана. Бадааны үндэслэг ишнээс шингэн ханд, чанамал, шахмал эмийн хэлбэрүүдийг бэлтгэх ба бүдүүн гэдэсний үрэвсэл, умайн хүзүүний шархлаанд, Төвд, Монгол эмнэлэгт сүрьеэ, цочмог ба архаг уушгины хатгаа, уушгинаас цус алдах, үе мөчний үрэвсэл, ходоод гэдэсний өвчин зэрэгт тус тус хэрэглэдэг байна. Навчны чанамал ба идээшмэлийг бактерийн өсөлтийг зогсоох нарийн гэдэсний үрэвсэл, гэмтлийн дараах бөөрний өвчинг анагаах зорилгоор ашиглана.

 

Пагдгар Бадаан
Пагдгар бадаан