О
Октябрь Жанчивын (2)
Октябрь Жанчивын (2)

 

Увс аймгийн Түргэн сумын уугуул Агьнууд овогт Жанчивын Октябрь 1952 онд Улаангом хотод мэндэлжээ. Тэрбээр Улаанбаатар хотын 10 жилийн 1, 24-р дунд сургууль, Худалдааны техникум, Москва хотын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургууль (өдгөө Оросын эдийн засгийн их сургууль), Оросын удирдлагын Академийн аспирантурт тус тус суралцан дүүргэжээ. ОХУ, Тайвань, Голланд, Унгар, АНУ-д удирдлага, гадаад худалдааны эдийн засаг, үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалт, англи хэл, хоолны газрын үйлчилгээний технологи, зохион байгуулалтын чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.

 

Хоолны инженер-технологич мэргэжил, улс төрийн дээд боловсролтой, 1991онд ОХУ-д төрийн нийгмийн бодлогын сэдвээр түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалж, 1998 онд Эрдмийн зэрэг цол олгох дээд зөвлөлийн шийдвэрээр дэд профессор цол, 2002 онд Сэтгэмж дизайны дээд сургуулийн профессор, 2005 онд МУ-ын зөвлөх инженерийн зэрэг, 2007 онд профессор цол, 2009 онд ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртсэн. Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн.

 

Тэрбээр Улаанбаатар хотын Туул ресторанд тогоочоор хөдөлмөрийн гараагаа эхэлж улмаар Худалдаа, бэлтгэлийн яаманд хэлтсийн дарга, нийтийн хоолны салбар эрхэсэн орлогч сайд, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх худалдаа хоолныерөнхий компани, “Улаанбаатар импэкс” Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд тэнхмийн эрхлэгч, МУИС-ийн Худалдааны сургуулийн захирал зэрэг төрийн захиргаа,үйлчилгээний албыг 30 гаруй жил хашиж, 2013 оны 11-р сараас 2015 оны 6 сар хүртэл Худалдаа,үйлдвэрлэийн “Бимэкс холдинг” компанийн зөвлөхөөр ажиллажээ.

 

 

а. Ж.Октябрь 2010 онд Чили улсын Сантьяго хотод болсон Дэлхийн тогооч нарын их хуралд (WACS) оролцов. б. Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч доктор, профессор Ж.Октябрь, "Бимекс" холдингийн ерөнхий захирал Ц:Бат-Өлзий нар АНУ-д Монгол хоолны рестораны нээлтийн үеэр

 

Хүнс, хоол судлал, Монголчуудын болон дэлхийн улс үндэстний хоол, хэрэглээний чиглэлээр судалгааны ажил хийж. зуун хэвлэлийн хуудас бүхий нэг сэдэвт зохиол, ном, товхимол, эрдэм шинжилгээ, сурталчилгааны олон арван өгүүлэл, илтгэл туурвиж дотоод, гадаадад хэвлүүлсний дээр 20 гаруй ном, сурах бичиг, гарын авлагыг хянан тохиолдуулж доктор, магистрын эрдэм шинжилгээний ажил удирдаж, зөвлөж, шүүмжлэгчээр ажиллаж байжээ.

 

Оксфорд-Монсудар Англи-Монгол толь, “Британника” нэвтэрхий толийн хүнс, хоолны мэргэжлийн үг хэллэгийн зохиогчоор ажилласан. Худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, зочид буудлын чиглэлээр хэд хэдэн төсөл, стандартыг боловсруулахад оролцсон. Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч, МУИС, ШУТИС-ийн Хүнсний инженер-биотехнологийн сургууль, Хүнсний технологийн дээд сургуулийн эрдмийн зөвлөл, ДБМИҮЗ-ийн шинжээч,аялал жуулчлал, зочид буудлын хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.

 

 

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас”, “Тусгаар тогтнол” одон, ойн медалиуд, худалдаа, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухаан, хүнс, ХАА-нтэргүүний ажилтан цол, тэмдэг, Монгол улсын мастер тогооч цолоор шагнагджээ. 2011 онд түүний намтрыг “Британика” нэвтэрхий тольд, 2014 онд Үндэстний цахим нэвтэрхий тольд тус тус оруулжээ.

Октябрь Жанчивын (2)
Жанчивын Октябрь (1952 - 2015)
17 настай Ж. Октябрь ажил хөдөлмөрийн гараагаа Туул рестораны тогоочоос эхэлжээ.
Унгарт суугаа Монгол улсын элчин сайдын хүлээн авалт дээр. Будапешт хот. 1972 он
МУ-ын зөвлөх инженер, доктор, профессор Ж.Октябрь