Нохой шогшир

 

Нохой шогшир, Alcedo atthis (Карл Линней, 1758)  нь Шогширынхон овгийн жижиг шувуу бөгөөд нийт 7 дэд зүйл бий. Тэд Еврази, Хойд Африкийг хамарсан өргөн нутагт тархан амьдардаг. Амьдрах бүсийн ихэнх хэсгийн шувууд нь суурин боловч өвөлдөө гол хөлддөг газрынх нь нүүдэллэнэ.

 

Нохой шогшир богино сүүл, том толгой, урт хошуутай. Нас гүйцсэн баруун Европын дэд зүйл Alcedo atthis ispida нь хөх ногоондуу нуруун хэсэг, ууц нуруундаа цайвар номин цэнхэр бөгөөд хошууны уг, чихний хэсэгт улбар шар судалтай. Хөл сарвуу нь тод улаан юм. Биеийн урт 16 см, далавчаа дэлгэхэд 25 см, биеийн жин 34-46 гр байна. Тэд голдуу 5-7 гөлгөр цагаан өндөг гаргадаг. Өндөг нь 1.9 см өргөн, 2.2 см урт, 4.3 гр орчим жинтэйгээс 5% нь хальс юм. Эцэг эх нь өдрийн цагт ээлжлэн дарах бөгөөд шөнөдөө зөвхөн эмэгчин нь дарна. 19-20 хоногийн дараа ангаахай гардаг.

 

Нохой шогшир голын эргийн модны усны мандалаас 1-2 м өндөр дэхь мөчир дээр суугаад идэш тэжээл хайн хүлээдэг. Усны мандалаас 25 см хүртэл гүнд сэлж буй загас олж хармагц шунган авладаг байна. Гол ан нь 12.5 см хэмжээтэй загас ба хулд, жараахай гэх мэт юм. Идэш тэжээлийн 60% орчим нь загас бөгөөд тэд мөн усны элдэв шавьж, цэнгэг усны сам хорхой зэрэг иддэг.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Нохой шогшир
Нохой шогшир
Шар үржлийн, ногоон суурин, цэнхэр үрждэггүй зусдаг газар