Нохой гүрвэл

 

Нохой гүрвэл Латинаар: Teratoscincus przewalskii Strauch, 1887, Англиар: Przewalski’s wonder gecko (Frank, Ramus, 1996), Plate-tailed gecko (Ананьева нар, 1988). Ижил нэр: Teratoscincus scincus (Мөнхбаяр, 1962). Хятадын (Шинжаан, Гансу, Өвөр Монгол), Монголын өмнөд нутагт тархсан. Энэ зүйлийг анх Монголоос 1960-аад онд олж тэмдэглэсэн бөгөөд Төв Азийн герпетофауны хамгийн бага судлагдсан зүйлийн нэг юм. Гүрвэлийн их биеийн урт 93 мм, сүүл нь ойролцоогооор 60 мм, том данхардуу  толгойтой, толгой нь жижиг мөхлөгөн хайрсаар хучигдсан. Бие нь сүйх хэлбэртэй том хайрсаар хучигдсан. Гүрвэл нь цайвар бор өнгөтэй, нуруу нь 5-6, сүүл нь дээрээ 5 хөндлөн хүрэн судалтай байдаг.. Нохой гүрвэлийн тархац нь Алтайн уулсаар хязгаарлагддаг бөгөөд тархацын зүүн хил нь Дорнод говийн баруун хэсэг билээ.

 

 

Манай орны нутагт тархсан Нохой гүрвэлийн тархац нутгийн 37 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтай газарт хамрагддаг бөгөөд Алтайн өвөр говь, Алашаа говь, Говь Алтайн нуруу, Умард говь, Монгол Алтайн нурууны өмнөд нутаг, Дорнод говь зэрэг нутгийн сийрэг ургамалжилтай цөлд тархжээ. Далайн түвшнөөс дээш 600-1370 метрт нутагладаг энэ зүйл  манай орны 169,290км2 нутагт тархан амьдарч байна. Түүнийг зарж борлуулах, уламжлалт анагаах ухаанд эмчилгээ, сувилгаанд ашигладагаас ховордож байгаа хэдий ч  Хятадад энэ зүйлийн тоо толгой өндөр байгааг тооцвол, хөрш улсын популяциас тэтгэгдэх боломжтой. 

Нохой гүрвэл
Teratoscincus przewalskii Strauch, 1887
нохой гүрвэл